Ц.Элбэгдорж Энэ бол авилгачдын хийж байгаа ажил
Та бүхэн сонирхсоноо асуугаарай. Тэгэхээр хэвлэлийн бага хурал биш, АН-тай хөөрөлдөх цаг гэвэл илүү ононо гэснээр яриагаа эхлэв. АН-ын дарга Дэлхийн ардчилсан холбооны даргын урилгаар тус холбооны хуралд оролцоод иржээ. АНУ-ын Вашингтон хотноо болсон тус хурлаар НАТО, Их наймын уулзалт гээд дэлхийн хэмжээний асуудлаар ярилцжээ. Харин Ц.Элбэгдорж тэр тухайгаа биш, Монголд өрнөсөн улстөрийн үйл явдалтай холбогдуулан гурван зүйл дээр намынхаа байр суурийг илэрхийлэв. Нэгдүгээрт 2006 он гарснаас хойш монголчууд, гадаадын хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын тухай хуулийг хүлээж, түүнийг тойрсон янз бүрийн байр суурь гарлаа. Гэтэл өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газар, Монголын төр, засгийн байр суурь тодорхойгүй байна. Энэ нь аль аль талдаа ихээхэн хүндрэл учруулж байна. Хоёрдугаарт, УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийг УИХ хууль зөрчин байж МАХН-ын саналаар ирэх есдүгээр сарын 3-нд явуулахаар товложээ. Тэр хүртэл энэ тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй байх нь. Намынх нь эрх ашигт л нийцэж байвал МАХН-д ард түмэн, хууль хоёр хамаагүй болжээ. Гуравдугаарт УИХ-аар татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хууль дээр АН дөрвөн арав гэсэн байр суурь барьж байгаа. Өөрөөр хэлбэл, Хүн амын орлогын албан татвар 10, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10, нийгмийн даатгалын шимтгэл 10, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байх ёстой гэж АН үзэж байгаа. УИХ дахь гишүүд маань ч энэ чиглэлээр ажиллана гэв. Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Төрд алба хашиж байгаа АН-ын гишүүдийг хомроглон халлаа гэж. Энэ талаар танай намд хариу ирүүлсэн үү?
-Намын нэр дээр албан ёсоор хариу ирүүлээгүй байна. МАХН өмнөх дөрвөн жил шигээ хяналтгүй ажиллах гэсэндээ манай намын гишүүдийг хомроглон халж байгаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Ер нь цаашдаа намын харьяаллаар халлаа, солилоо гэж ярихгүй байхын тулд төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгох ёстой. Энэ талаар манай Засгийн газрын үед зөвшилцөлд хүрч төс лийн хэмжээнд бэлтгэгдсэн байсан. Харамсалтай нь, хууль болж хэрэгжтлээ нэлээд удах бололтой.
-Нөхөн сонгуулийг нэгэнт товлочихсон. Одоо танай нам яах вэ?
-Нөхөн сонгуулийг хойшлуулсан нь МАХН сонгуульд бэлэн биш байсантай холбоотой. УИХ-д сонгогчдын эрх ашиг, хуулийн заалтаас илүү МАХН-ын эрх ашиг эрхэм байсан учраас нөхөн сонгуулийг хойшлууллаа. Энэ нь МАХН сонгууль эхлээгүй байхад ялагдлаа хүлээснээс ялгаагүй үйлдэл. Сонгууль хэдийгээр улстөрийн өнгө аястай ч АН-ын хувьд 46 дугаар тойргийн сонгогчдын эрх ашгийг бодож, хуулиа хүндэлж байгаа. Иймд манай намын зарим гишүүд УИХ-ын хууль зөрчсөн шийдвэрийн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах гэж байгаа.
-УИХ ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын тухай хууль баталсан. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавьбал танай нам яах вэ, дахиж хууль санаачлах уу?
-Энэ хуулийн талаар өмнө нь манай намын гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь зөвлөлийн гишүүд уулзаж санал бодлоо солилцож байр сууриа нэгтгэсэн. Энэ хуулийн гол санаачлагч нь манай намын гишүүд. Гэхдээ тэдгээр санаачлагчид алтны үнийн өсөлтөөс гэнэтийн ашгийн татвар авъя гээгүй. Алтнаас татвар авах санал бол МАХН-ын бүлгийнх. УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл гэдэг утгаараа ямар ч хуулийн төсөл санаачилж болно. Магадгүй, УИХ алдаатай хууль баталсан байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв алдсан бол түүнийг нь засах гэж л хориг тавих эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Ерөнхийлөгч энэ эрхээ эдлээд хориг тавибал манай намын УИХ дахь гишүүд хоригийг хүлээж авна. Алтыг нь хасна гэсэн үг. Харин зэсийн үнийн өсөлтөөс татвар авах байр суурь маань хэвээрээ байгаа. Зэсийн үнийн өсөлтөөс татвар авах нь улс орон, ард түмэнд ач тустайгаас гадна цаашдаа зэсийг баяжмал байдлаар биш, боловсруулж гаргахад чиглэсэн төрийн бодлого юм.
-МАХН 2008 оны сонгуульд нэр дэвшигчдээ хэлэлцүүлэг явуулан жирийн гишүүдээсээ сонгохоор боллоо. Та сөрөг хүчний намын даргын хувьд энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ тухай би хэвлэлээс уншсан. Энэ хэлэлцүүлэг бол МАХН-даа л шинэ болохоос Монголын улстөрд шинэ зүйл биш. АН анх байгуулагдсан цагаасаа эхлэн энэ журмыг хэрэгжүүлж яваа. Өмнө нь УИХ-ын тойрог, одоо шинэ хуулиар бол УИХ-ын мандат бүрээс гурван хүн АН-ын ҮЗХ-ны гишүүнээр сонгогддог. Тэднийг намын анхан шатны нэгжээс сонгож жил бүр ротац хийдэг. ҮЗХ-нд сонгосон гишүүдтэйгээ хариуцлага тооцох эрхийг одоо эргээд намын анхан шатны нэгжүүдэд өгч байгаа. Манай намд хариуцлагын систем бүрэн нэвтэрсэн. Саин ажиллавал тэр хүн сонгогдсон газраа байж л байна. Хэрэв муу ажиллавал сонгосон хүмүүс нь хариуцлага тооцно. Товчхондоо бол яг сүмогийн дүрэмтэй адилхан хариуцлагын систем АН-д үйлчилж байгаа. Манай намын амьдралд хэрэгжүүлээд хэвшсэн энэ хувилбарыг л МАХН сонгосон байна лээ. Цаашид үүнийг аль нам нь шударга, сайн хэрэгжүүлэх нь тухайн намуудаас л хамаарна.
-Таны эсрэг чиглэсэн мэдэгдэл, мэдээллүүд сүүлийн үед нэлээд гарах боллоо. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол авилгачдын л хийж байгаа ажил. Тэдний мөнгө дуусаагүй байна. Миний эсрэг янз бүрийн гүтгэлэг бэлтгэж түүнийгээ сонин хэвлэлд мөнгөөр тавиулж байгаа. Яахав, хэдэн сонин телевиз мөнгөтэй болж аваг. Түүнээс биш, намайг янз бүрээр хардаад, гүтгээд ёстой нөгөө шүдэнзний модоор байшин барихтай л адил юм болно. Сүүлийн үед АН-ын рейтинг өссөн нь магадгүй зарим хүмүүсийг нь надаар дамжуулж АН руу чулуу шидэхэд хүргэж байгаа байх. Ашигт малтмалтай хүртэл холбож гүтгэж байна. Үнэхээр л сонирхоод байгаа бол Цайрын ордоо Ч.Улаанаас, Нарийн сухайтаа Ц.Нямдоржоос асуух хэрэгтэй. Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Оюун руу дайрч эхэлж байна. Манай С.Зориг руу яг л ингэж дайрч байсан. С.Оюун бол авилгалтай тууштай тэмцдэг, байр сууриндаа үнэнч нэр цэвэр яваа цөөхөн улстөрчдийн нэг. Урин дулаан цаг ирж иргэний хөдөлгөөнүүдийн амыг барилаа, одоо хэн рүү ч, яаж ч дайрч болно гэж бодож байгаа бол андуурсан байна. Ард түмнийг хамгаалах улстөрийн хүчин бас байдаг юм гэдгийг авилгалчдад хэлмээр байна. Тодорхой хүнийг хүний эрх зөрчин байж гадаадаас хулгайлж авчраад амь насыг нь хөнөөсөн, хар тугалга нэрээр 107 тэрбум төгрөгийн хар төмөр гаргасан гээд эрх баригчдад олон но бий. Чаддаг юм бол эднийгээ үгүйсгээд орхиг л дээ. Энэ бүхэн зүгээр өнгөрнө, чимээгүй өнгөрөөхийн тулд хэдэн хүн рүү дайрч нийгмийн ан хаарлыг өөр зүгт хандуулна гэж бодож байгаа бол эндүүрэл.
-Энэ Засгийн газар танай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-МАХН хариуцлагаа дангаараа хүлээнэ гэж гарч ирэхдээ Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг шинээр боловсруулна гэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр нь алга. Манай Засгийн газрын хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны хөтөлбөрийг л үргэлжлүүлж байгаа. Энэ бол эзнийг нь гэрээс нь хөөж гаргачихаад данхтай цайг нь ууж байгаатай адил юм. Хамгийн гол нь энэ Засгийн газар манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гэж хэлээгүй. Бас үргэлжлүүлэхгүй ч гэж хэлээгүй. Энэ үүднээсээ бол мөрийн хөтөлбөргүй Засгийн газар ажиллаж байгаа гэсэн үг.
-Саяхан Засгийн газрын 100 хоног тохиолоо. Та Засгийн газрын ажилд ямар үнэлэлт өгөх вэ. Хэрэв танай Засгийн газар огцролгуй ажиллаж байсан бол өнгөрсөн 100 хоногт ямар ажил амжуулсан байх бол?
-Энэ хугацаанд алт, зэсийн үнийн өсөлт гээд төсөв санхүүгийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй нааштай үзүүлэлтүүд гарсан. Хэрэв ийм үед манай Засгийн газар ажиллаж байсан бол хүүхдийн мөнгийг ямар ч гэсэн 10 мянган төгрөгт хүргэж орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлчих байсан. Мэн татвар болон ашигт малтмалын хууль нэг талдаа гарч төрийн бодлого тодорхой болох байсан. Нэлээд олон хүн төрд биш, авилгалын хэргээр өөр газар очих байсан. Гадаад бодлогын хувьд АНУ, Монгол Улс хоёрын хооронд иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдаж, Мянганы сорилын сангийн тусламжийг авахад нэлээд ойртох байж гэдгийг сая Вашингтонд явж байхдаа мэдэрлээ. Энэ утгаар нь авч үзвэл Засгийн газрын 100 хоногийн ажилд сэтгэл дундуур байгаа.