Т.ГАНТУЛГА МАХН системийн гүн хямрал төдийгүй эвдрэлд ороод байна
Тус хөдөлгөөнөөс Оюуны сангийн ТТ буюу Таныг сонсъё, Та сонсоно уу хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эргүүлэг дэх хүн сэдэвт онол практикийн бага хурал хийж эрдэмтэн зохиолч Л.Түдэв, академич С.Нарангэрэл нар илтгэл тавьж олны анхаарлыг ихээхэн татсан.
Мөн саяхан Ууган намаа оношлон шинжлэхүй сэдэвт ээлжит онол практикийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд тавьсан хөдөлгөөний тэргүүн доктор Т.ГАНТУЛГЫН илтгэлийг толилуулж байна.
Өнөөгийн нийгэм болон намд хуримтлагдсан асуудлууд нь системийн хямралын хэмжээнд хүрч, тэдгээрийг бид зориг гарган даруй шийдвэрлэхгүй бол монголчууд үндэстний хувьд оршин тогтнохуйд үлэмж ноцтой аюул нүүрлээд байна. Манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн хамгийн эрхэм зорилго болох эрх зүйт төр, иргэний ардчилсан нийгэм, үр ашигтай эдийн засгийг бий болгох төрийн бодлого хэрэгжсэнгүй. Төрийн бодлого, үйл ажиллагаа ард түмэнд илтэд халтай, үндэсний эрх ашгаас хөндийрсөн шинжтэй боллоо.
Систем хийгээд системийн шинэчлэлийн эрэлт дотооддоо хангалтгүй байдаг нь ядуу буурай орнуудын хөгжилд ноцтой бэрхшээл үүсгэдэг. Хэрэв ийм эрэлтийг дотооддоо мэдрэхгүй эсвэл бэрхшээл үүсвэл гадна талаас хоёр эх сурвалжийн аль нэгийг нь бий болгодог. Үүнийг Фрэнсис Фукуяама …эхнийх нь бүтцийн өөрчлөлт, хандив, тусламж, зээл гэсэн зүүлттэй боловч далд болзолт нөхцөлүүдтэй хөтөлбөр, төслүүдээр; Удаахь нь бүтэлгүйтсэн эсвэл эзлэгдсэн улсуудад бүрэн эрх бүхий гаднын эрх баригчдын улс төрийн эрх мэдлээр дамжин хэрэгждэг гэж хэлсэн нь манай орны өнөөгийн бөгөөд ирээдүйн дүр зургийг тодорхойлж байна. Манай улс 1990-2005 оны хооронд 1,5 тэрбум долларын зээл, 1,4 тэрбум долларын буцалтгүй тусламж авсан байна. Одоо хэрэгжиж байгаа зээлийн 34, буцалтгүй тусламжийн 152 төслийн ихэнхи нь бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрүүд байна. Зөвхөн зээлийн 34 төслийн нийт санхүүжилт гэхэд л 675,9 тэрбум төгрөг болж байна. Үүнээс үзвэл эхнийх нь эх сурвалж аль хэдийнэ манайд хэрэгжиж байна. Мөн манай гадаад өр, зээлийн хэмжээ зарим албаны эх сурвалжаас үзэхэд ДНБ-ий 80 гаруй хувьд хүрээд байна. Энэ хэмжээ 60 хувиас дээш гарвал тухайн орныг бие даасан бодлого хэрэгжүүлэх чадвараа алдаж бүтэлгүйтсэн орон гэж үздэг.
Улс орныг ийм байдалд оруулсны гол буруутан нь МАХН-ын одоогийн удирдлагууд гэж олон нийт үзэж байгааг бүх төрлийн судалгааны үр дүн харуулж байна. Үнэхээр ч МАХН-ын рейтинг сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээнд хүртлээ унав. Гэтэл манай нам энэ талаар бодит үнэлэлт дүгнэлт хийлгүй удааширсны улмаас нийгмээ ч, намаа ч хямралт, хүнд байдалд орууллаа.
МАХН-ын 80 жилийн ойн үеэр намын XXIII их хурал баяр ёслолын байдалтай болж өнгөрсөн. МАХН-ын XXIҮ их хурал ч намын эрх баригчдын бүхий л дутагдлыг хаацайлж, улс төрийн хуурай хоосон уриа лоозон дэвшүүлсэн арга хэмжээ болсон. Мөн сүүлийн жилүүдэд болсон МАХН-ын бүх Бага хурал улс орны болон намын байдалд бодит дүгнэлт хийгээгүй, үр дүн муутай болсон нь баримт бичгийн шинжилгээнээс харагдаж байна.
Нийгмийн аливаа систем, түүний дотор нам хэмээх системийг бүхэлд нь үнэлэн дүгнэдэг шинжлэх ухааны арга, арга зүй хөгжөөд бараг зуу шахам жил болж байна.
Орчин үед дэлхий дахинаа улс төрийн намыг эрх ашгаараа нэгдэж, засгийн эрх авахаар тэмцэж буй бүлэг хүн гэж үздэг тодорхойлолтоос татгалзаж, хэрэв аль ч төр засгийг намууд бүрдүүлдэг юм бол нам нь өөрөө ардчилсан бөгөөд олон түмнийхээ дуу хоолой байх ёстой гэж үзэх хандлага, практик дэлгэрч байна. Бид орчин үеийн шинжлэх ухааны энэ арга зүйг ашиглан хичнээн хүнд хэцүү байсан ч намдаа бугшсан алдаа дутагдлыг хамтран ний нуугүй хэлэлцэж ухаалаг, зөв шийдвэр гаргах нь намаа аврах, шинэчлэх цорын ганц зам гэж үзэж байна. Үүгээр бид МАХН-ын хийж бүтээсэн бүх зүйлийг харлуулахыг хүсэхгүй байна. Төрөлх намаа бид зөвхөн албан тушаал олох гишгүүр, баяжин хөлжих хэрэгсэл болгон ашиглах бусармаг үйл ажиллагааг таслан зогсоож баймаажин аварч чадна.
Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн шударга үнэн, шинжлэх ухааны үндэслэл, олон мянган гишүүдийнхээ санал бодолд тулгуурласан бодит дүгнэлт гарган, намаа орчин үеийн улс төрийн намын сонгодог жишигт нийцүүлэн эрс шинэчлэх чиг баримжааг тогтоон, арга замаа тодорхойлох нь зүйтэй гэж үзэж өөрсдийн улс төрийн байр суурийг Та бүхний анхааралд толилуулж байна.
Нэг НИЙГМИЙН БАЙДЛЫН ТАЛААРХИ ТОВЧ ДҮГНЭЛТ
Үндэсний үйлдвэрлэл сүйрсэн, ажилгүйдэл, хүн амын дийлэнхи олонхийг хамарсан гуйланчлал, баян ядуугийн асар их зааг, хүн амын өсөлт буурсан болон өвчлөл, оюун санааны төөрөгдөл, ёс суртахууны уналт, хүмүүн харилцаан дахь зэрлэгшил, амьдрахуйн гундалт зэрэг нь манай нийгмийн өнөөгийн дүр төрх болжээ. Хээл хахууль төрийн байгууллагуудыг хамарсан сүлжээ болж, төр болон нийгмийн оршихуйг ихээхэн эргэлзээтэй болгож байна. Ингэснээр Монгол орон бүхэлдээ гэмт хэрэгжсэн буюу гаж нийгэм болон хувираад байна. Нийгмийн болон байгалийн баялгийг дур зоргоороо шамшигдуулж байна.
Үүнээс үүдсэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл, шаардлага, ард олны дургүйцэл үндсэндээ манай намын эсрэг чиглэх хандлагатай болж байгаа нь бидний сэтгэлийг ихээхэн түгшээж байна. Эрх баригчид өнөөгийн төрийн байгууламжийг нийгмийн хамтын амьдралыг зохион байгуулж чадахгүй болтол нь дампууруулжээ. Энэ нөхцөлд манай нам улс орон, ард түмний эрх ашигт нийцсэн, үндэсний онцлогт тохирсон шинэ зорилго дэвшүүлж, цоо шинэ үйл ажиллагаа явуулахгүй юм бол МАХН-аа байтугай, улс орноо ч аварч чадахгүй байдалд хүрээд байна.
Хоёр МАХН-ЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААРХИ ТОВЧ ДҮГНЭЛТ
МАХН 1990 онд Онц их хурлаараа ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгон авсан билээ. Нам нэгэн үед төв үзэл-нэгдлийн гүн ухаанд суурилсан үндэсний ардчилсан үзэл санааг үзэл суртлаа болгож байсан. Энэ бүхэн нь МАХН үзэл санааны эрэл хайгуул эрчимтэй хайж ирснийг харуулдаг. Хэдийгээр МАХН 1997 оноос ардчилсан социалист үзэл санааг дахин тунхагласан нь зөв алхам байсан боловч өмнөх үед бүрэлдэж байсан үндэсний үзэл санааны үр хөврөлийг гээж, цөөн хүн энэ бүхнийг санаачилсан мэт өөрсдийгөө дөвийлгөн харуулах рекламын шинжтэйгээр ашигладаг болсон нь намын нэгэн том алдаа болжээ.
Үзэл санаа нь онол практикийн түүхэн үндэстэй, тухайн орны нийгэм, соёлын нөхцөлийг харгалзсан, шинжлэх ухааны үндэстэй, үндэсний хөрсөн дээр буусан баймаажин сая үр нөлөөгөө өгдөг. Гэтэл сонгон авсан үзэл баримтлалынхаа онол, практикийн үндсийг манай намын дарга нар ч, жирийн гишүүд ч сайн мэдэхгүй байгаа нь дэндүү харамсалтай.
Нийгмийн организм нь өөрийн эрхэм зорилго, түүндээ хүрэх арга зам, тодорхой цаг хугацаа, орон зайтай байдаг. Намын хувьд тэр нь мөрийн хөтөлбөрт шингэсэн байдаг. Хамгийн чухал энэхүү баримт бичгийг дутуу дулимаг боловсруулж, үл хайхарснаас МАХН зарлан тунхагласан үзэл санаатайгаа огт үл авцалдах, ихэнх тохиолдолд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь МАХН үзэл санааны хямрал, төөрөгдөлд орсныг тод харуулж байна. Үзэл санааны төөрөгдөлд орсон аливаа намын үйл ажиллагаа бараг бүхэлдээ дампуурдаг жамтай.
МАХН Социнтернд гишүүнээр элсэх үед Сан Паулагийн Тунхаглал батлагдсан бөгөөд энд орчин үеийн зүүний намуудын эрхэмлэн ажиллах чиглэл, зарчмыг тун нарийн тодорхойлж өгсөн юм. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх талаар манай нам ямар ч ажил хийсэнгүй. Хэрэв тус Тунхаглалын үндсэн үзэл санааг нь дагаж мөрдөхгүй байсан юм бол Социнтернд элсэхийн хэрэг юусан билээ.
Иймээс бид МАХН-ын Мөрийн хөтөлбөрийг манай нийгмийн хөрсөнд буухуйц, бидний амьдралд нааштай үр нөлөө үзүүлэхүйц, олон түмний саналыг тусгасан байхаар шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөрийн хөтөлбөрийг намын эрхэм зорилго, зорилтууд, зарчим, үнэлэмжийг тусгасан максимум хөтөлбөр, дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тусгасан минимум хөтөлбөр гэсэн хоёр хэсэгтэй байхаар төлөвлөж байна. Энэ талаар тодорхой саналыг Мөрийн хөтөлбөрийн хэсэгт тусгасан болно.
Намын системийн нэгэн чухал бүрдэл нь бүтэц, зохион байгуулалт юм. Эдүгээ намын зохион байгуулалтын бүтэц, шатлалын эмх цэгц алдагдаж, анхан шатны байгууллагуудын хэвтээ болон босоо функционал шинж алга болжээ.
Нам бүхэлдээ төрийн ажлыг орлон хийж, төрийн ажил нь зөвхөн эрх мэдэлтнүүдийн дур зоргын хэрэг болчихоод байна. Өнөөдөр МАХН 156 мянган гишүүнтэй гэж албан ёсоор мэдээлдэг. Улс төрийн намууд гишүүн элсүүлэх уралдаан зарлаж, гишүүдийнхээ тоог тараасан батлахаараа баримжаалж буй гаж үзэгдлийг манай нам тэргүүлж байна. Дунд сургуулийн сурагчдын биеийн тамирын тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдийн шагналд намын батлах хамт олгох хүртлээ намын гишүүнчлэлийг гажуулдуулж, ор нэр, тоглоом, шоглоом болгожээ. Манай хөдөлгөөнийхөн МАХН-ын олон мянган гишүүдтэй нүүр тулан уулзаж ярилцах үед гишүүдийн дийлэнх олонхи нь намын анхан шатны байгууллагад бүртгэлгүй, ажилд нь оролцдоггүй, зарим нь намын бат илэрхийлэхээ хайгаад олохгүй байлаа.
Нам дахь хүнд суртал, үр ашиггүй байдал, намын удирдлагуудын арга барил, зан авир зэрэг нь намын гишүүдийн улс төрийн идэвхи, оролцоог сулруулж байна. Удирдагчдын санаанд нийцээгүй, тэднийг шүүмжилсэн хүмүүсийг намаас хөөдөг, элдэв төрлийн дарамт үзүүлдэг, ажил албагүй болгон хохироодог, бүр ах дүүс, хамаатан саднаар нь хавчин гадуурхдаг хоцрогдсон бүдүүлэг хонзогнох арга барилыг эгнэгт халах цаг нэгэнт иржээ. Иймд ажлын арга барилыг өөрчлөх, гишүүдийн идэвхи оролцоог дээшлүүлэх, урт хугацааны цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна.
Намын гишүүнчлэлийн асуудлыг цоо шинээр авч үзэх хэрэгтэй байна.
МАХН-ын гишүүнчлэлийг нийтлэг гэж үзэж болох сонгодог хэлбэрт оруулж, олон түмнээ намаар нь хагаралдуулж байгаа гаж явдлыг зогсоох нь зүйтэй юм. Гэхдээ энэ асуудлыг манай нам дангаар шийдвэрлэх боломжгүй тул улс төрийн бусад бүх намуудтай зөвшилцөл хийж нэгдсэн шийдвэрт хүрэх ёстой. Мөн бүх шатны төрийн албан хаагчдыг намын харъяаллаас түдгэлзүүлэх асуудлыг ч нэн даруй шийдвэрлэх нь зүйтэй.
Намын анхан шатны байгууллагын систем бүрэн эвдрэлд орсон. Энд нам, төрийн ажил шууд давхцаж байна. Намын ажилд тогтмол идэвхтэй оролцдог гишүүд бараг үгүй болж, жижиг тойрон хүрээлэгчид, бусдаас давуу эрх олж авах гэсэн явцуу бүлэглэлүүд эдүгээ намыг төлөөлж байна. Тэд мөнгөөр хөлсөлсөн тусгай багуудад тулгуурлан ажиллаж байгаа нь МАХН-ыг томоохон компани мэт болгоод байна. Ийм бусармаг арга ажиллагаа нь НАШБ-ыг хамтын зохион байгуулалтын хэлбэр биш, харин намын гишүүдийн зарим хэсгийг дээрээс албаддаг бас хянадаг цэрэгжсэн байгууллага мэт болгожээ.
НАШБ төдийгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн төвшинд намын болон төрийн албан тушаалыг зааглах зарчмын санал дэвшүүлж байна. Энэхүү дунд төвшинд, тухайлбал иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн захиргааны албан хаагчид, бизнесмэнүүд зонхилох болсноос намын ажлын утга учир алдагдаж, МАХН-ын нэр хүндийг олны өмнө гутаах үндсэн нэгж бааз газар болсон байна. Зарим сумын ИТХ-д аав, ээж, хүү гурав зэрэг сонгогдсон тохиолдол гарчээ. Ганцхан баримт хэлэхэд Сүхбаатар аймгийн Онгон сумын ИТХ-ын 20 төлөөлөгчийн 12 нь ах, дүү, хамаатан садангууд байна. Намын дунд шатны байгууллага дахь төрийн албан хаагчдын тоог үлэмж цөөрүүлж, эх орон ард түмнийхээ төлөө зүтгэдэг нь нийтэд нотлогдсон, идэвхтэй, шударга хүмүүсийг сонгох замаар энэ байгууллагыг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Намын Бага хурал, түүний бүрэлдэхүүний тухай онцгой шүүмжлэлтэй хандмаар байна. Бага хурал нь цэрэгжсэн дэглэмтэй, дээрээс өгсөн зааврыг ихэнх нь үг дуугүй хүүхэлдэйчлэн биелүүлдэг, улс төрийн хор найруулдаг, бүхэлдээ төрийн албан хаагчид болон үзэл санааны бус, ашиг сонирхлын үндсэн дээр тулгуурласан бизнесмэнүүдээс бүрдсэн явцуу бүлэглэл болжээ.
Бид хэдэн жилийн өмнө нам төрийн ажлыг уялдуулах үүднээс УИХ-д цөөнх болоод байсан үед кооптацийн зарчим гэдгийг нэвтрүүлж, Бага хуралд төрийн байгууллагад сонгогдож, томилогдсон хүмүүсийг шууд оруулдаг практикийг хэрэгжүүлж байсан. Гэтэл аливаа зарчмын хэм хэмжээ алдагдвал системийн шинж чанарт гаж нөлөө ордог ажээ. Тухайлбал энэ зарчмын дагуу намын XXIҮ их хурлаас бүрдүүлсэн Бага хурлын маань 98 хувь нь дарга, төрийн албан хаагч, бизнесменүүдээс бүрдэх болсон нь намын ардчилсан мөн чанарыг алдагдуулж, МАХН-ыг дарга нарын нам болгон хувиргаж байна. 1997 онтой харьцуулахад МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүн дэх төрийн дээд албан тушаалтны тоо 2,6 дахин өссөн байна.
Дээрх гажуудлын улмаас намын хэвтээ болон босоо зохицуулалт (координаци болон субординаци) бүрэн алдагдаж, намын удирдлагын чадамж үлэмж суларч, МАХН нь системийн хувьд өөрийгөө удирдах, зохицуулах механизмаа гээж түмэн олныг байтугай, гишүүдийнхээ дунд нэр нөлөөгөө алдахад хүргэжээ.
Намын системийн гол бүрдэл хэсгийн нэг нь намын удирдлага буюу түүний оюунлаг үр нөлөөний тухай асуудал юм. МАХН-ын удирдлага нь эгэл гишүүд, НАШБ-аа үл тоосноор хэт төвлөрөлд орж дотоод ардчилал хуурамч шинжтэй болсон. Үүнийг хямралын гарцаагүй нэг шинж гэж олон улсад үздэг. Намын удирдлага үнэн хэрэг дээрээ намын гишүүд, байгууллагын дэмжлэг дээр биш, бюрократ аппарат, мөнгөнд дулдуйдсан бүлэглэл дээр тогтож байна.
Энэ гаж байдлыг арилгах дараахь хоёр саналыг бид дэвшүүлж байна. Нэгд кооптацийн зарчмыг цаашид хэрэглэхдээ МАХН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд УИХ болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн хурлын болон Засаг дарга нарыг тодорхой квотоор түүвэрлэж оруулах нь зүйтэй. Хоёрт Бага хурлын бүрэлдэхүүнд байгаа төрийн албан хаагчийн тоог ихээхэн цөөрүүлэх хатуу шаардлагыг тавьж байна. Учир нь аппаратдаа захирагдсан нам бол улс төрийн ямар ч чөлөөт санаачилга, амжилт гаргаж чаддаггүй юм.
МАХН-ын Удирдах зөвлөлд улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэл (олигополи) ноёрхох болсноор намын шинж чанарыг ихээхэн гажуудалд оруулж байна. Удирдах зөвлөлийн гишүүд намыг удирдах нь байтугай, намын доторхи хагарал, тэмцэлдээнийг өдөөгч үндсэн хүчин зүйл болж байна. Мөн намын удирдлагыг хэт төвлөрүүлж, хэдхэн хүний дур зоргын хэрэг болгосноор намын бодлого, үйл ажиллагаа замбараагүйдлийн төлөв байдалд ороод байна. Удирдах зөвлөл төрийн ажлыг орлон шийдвэр гаргаж буй нь намаас төрд томилогдон ажиллаж байгаа эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, гишүүдийн дунд өргөн санал шүүмжлэл өрнүүлэн хариуцлага тооцох бололцоогүй болгож байна.
Энэ бүхний улмаас МАХН сонгогчдын итгэлийг алдаж 2004 оны сонгуульд томоохон ялагдал хүлээсэн юм. Энэ нөхцөлд манай нам улс төрийн хариуцлагатай дүгнэлт хийж, алдаагаа засах арга зам эрэлхийлэхийн оронд МАХН-ын их, Бага хурлуудаар намын анхан болон дунд шатны байгууллагууд муу ажилласан, гишүүдийн ёс суртахуун, идэвхи сул байсан гэсэн дүгнэлт хийж байгаа нь намын хамт олныг басамжлан, доромжилж буй хэрэг гэж бид үзэж байна. Энэхүү томоохон ялагдлын төлөө хариуцлага хүлээх ёстой тухайн үеийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувь нь дахин сонгогдож өмнөх алдаатай бодлогоо үргэлжлүүлсээр байна.
Боловсон хүчин бол нийгмийн аль ч системийн нөөц болдог. МАХН боловсон хүчний асар их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд боловсон хүчний бодлого шалгаруулалтын бус шууд арилжааны хэлбэрт орж, цөөн хүний явцуу эрх мэдлийн асуудал болсноор энэ чухал дэд систем бүрэн дампуураад байна.
Системийг удирдах боловсон хүчний дундаж чадавхи объектын буюу нийгмийн дундаж чадавхаас өндөр байх нөхцөлд аливаа удирдлага амжилттай хэрэгждэг гэсэн зарчим байдаг. Энэ зарчмыг зөрчиж, намын боловсон хүчнийг оюуны чадавхи, идэвхи зүтгэл, ажлын бодит үр дүн зэргээр хэмжихийн оронд танил тал, нутаг нуга, бизнесийн холбоо, хүлцэнгүй байдал, дуулгавартай гүйцэтгэгч, аялдан дагалдагч, долигонон бялдуучлагч байж чадах эсэхийг гол шалгуур болгож байгаа нь намыг хямруулах гол бөгөөд үндсэн нөхцөл болж байна.
Энэхүү мунхаг бодлогын уршгаар МАХН төр, бизнес, намын боловсон хүчнийг нэгэн дор зангидсан бэхэлгээтэй олигархи, эрх мэдлийн нам болжээ. Одоогийн УИХ-д дөрвөн удаа буюу 13-15 жил сонгогдсон гишүүн долоо, гурван удаа буюу 12 жил сонгогдсон гишүүн гурав, хоёр удаа буюу найман жил сонгогдсон гишүүн 21 байгаа нь УИХ-ын бүрэлдэхүүний 40, 8 хувь, манай намын бүлгийн гишүүдийн 81,5 хувь болж байна. Энэ нь МАХН-д цөөн явцуу бүлгийн ноёрхол тогтсоны тод жишээ, бас нотолгоо нь юм. Манай намын толгой нь баячууд болон дарга нарын төлөөлөл болон хувирсныг үгүйсгэх хүн байхгүй буй за.
Нам системийн өөрийн идэвхийг бууруулах, системийн энергийг алдах гол учир шалтгаан нь энэ болж байна. Сонгож авсан үзэл баримтлалдаа үнэнч байж, мөн чанарыг нь таньж ухааран итгэл үнэмшилээ болгон улам бүр нягтран хамтарч ажиллах ёстой дунд болон залуу үеийн шилдэг сайхан залуучуудыг хэдэн хэсэгт хуваан талцуулж, зөрчилдөж эв эеийг бусниулсан нь МАХН-ын удирдлагын намын өмнө үйлдсэн юугаар ч хэмжиж үл болох гамшиг бөгөөд гай нь олон түмэнд туссаар байна гэж бидний нүүр тулан уулзсан гишүүдийн дийлэнх олонх нь ярьж байна. Сиэнергетикийн буюу системийн тогтвортой байдлыг хадгалах зарчмыг ингэж зөрчих нь боловсон хүчний дэд систем хямралд орсны гарцаагүй бөгөөд нийтлэг шинж юм.
Намын системийн голлох бүрдэл намын гадаад харилцааны талаар санал бодлоо хуваалцъя. Социнтернд элссэнээр манай намын гадаад харилцаа хөгжсөн гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Системийн гадаад орчин буюу гадаадын намуудтай тогтоосон холбоо харилцаа нэрийн төдий, ер нь үр нөлөө багатай байна. Энэ асуудлыг дарга нарын танилцах, харилцан айлчлах, хэлэлцээр байгуулах мэтийн хэмжээнд ойлговол тун их эндүүрэл болно. Намын гадаад бодлогын тухай ярихдаа манай гишүүд эрхлэн явуулдаг төрийн гадаад бодлоготой хамтад нь шинжлэх шаардлагатай юм. Гадаад харилцаа мөн л хямралтай байгаа. Манай эрх баригчдын тарьсан будлиан зөрчилдөөн улс орны хүрээнээс аль хэдийнэ гарч, олон улсын маргаан будлианы хэмжээнд хүрээд байгаад бид хариуцлагатай дүгнэлт хийж, алдаа доголдлыг нэн даруй засах ёстой болж байна.
Намын системийн өөр нэг бүрдэл нь намаас төртэй харилцах харьцаа мөн. Арван таван жилийн тэртээд нам төвтэй биш төр төвтэй улс төрийн тогтолцоог тунхагласан нам маань одоо нам төвтэй төр буюу нэг дээр нэмэх нь тойрон хүрээлэгчид тогтолцоог бүрдүүлж эхэллээ. 2004 оны сонгуулиас хойш МАХН-ын шууд оролцоотойгоор улс төрийн олон тооны будлиан зөрчил гарч, боловсон хүчний буруу томилгоо хийгдэж, бүтцийн эмх замбараагүй байдал үүссэн, нам бүр сүүлдээ Засгийн газраа огцруулж, одоо өөрөө хэцүү хүнд байдалд ороод байна.
Улс төрийн хямрал, будлианы бурууг зөвхөн өрсөлдөгч хүчинд ногдуулах нь улс төрийн хувьд буруу бөгөөд ёс суртахуунгүй хэрэг болно. МАХН сөрөг хүчний зөрчил, тэмцлийг ашиглан улс төрийн ашиг хонжоо олохыг хичээсэн боловч энэ нь эргээд намд тун хүндээр тусч байгааг шууд хэлэх нь зүйтэй.
МАХН-ын удирдлага гурвалсан шинжтэй буюу Намын дарга, Удирдах зөвлөл, УИХ дахь Намын бүлэг гэсэн бүтэцтэй болоод байна. Энэхүү зэрэгцээ бүтцийн гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаа хоорондоо ихээхэн зөрчилтэй, албан тушаалтнуудынх нь зөрчил тэмцэл хурцдаж байгаа нь олон нийтэд ил тод болоод байна. Үүнээс шалтгаалан нэг талаас системийн эмх цэгц алдагдаж, нөгөө талаас удирдлагын замбараагүйдэлд шилжиж байна. Үүнийг улс төр судлалд хаосын төлөв байдал хэмээн нэрлэдэг. Энэ төлөв байдлыг системийн хувьд хамгийн аюултай гэж онол, практикийн аль ч түвшинд үздэг.
Системийг шууд тодорхойлохгүй боловч системийн функционал үйл ажиллагааг харуулах гол шинж болсон удирдлагын арга барилын талаар хэдэн үг хэлье. МАХН-ын бүх шатны байгууллага хамжлагат түшмэл, ноёдын ажлын арга барилд шилжээд байна. Хууран мэхлэх, ам ажил зөрөх, дарамтлах, худал амлах, шинжлэх ухааныг умартах, хууль, ёс суртахууныг уландаа гишгэх, ард түмнийг басамжлах, зарим тохиолдолд хавчин хяхах, дураар дургих, авилга, хүнд сурталд автах зэрэг нь манай намын дээд хэсэгт ердийн үзэгдэл болоод байна. Өөрсдийгөө элит гэж, ард түмнээ люмпен, гудамжны гэж үздэг хүмүүс намыг ч, төрийг ч удирдаж чадахгүй ээ.
Намын ажлын арга барилд хоёрдмол стандарт тогтсон нь хамгийн аюултай үзэгдэл юм. Ард түмэнд нэг өөр зүйл мэдээлж, улс төрийн хүрээнд огт өөр үйл ажиллагааг явуулж байгаа нь намын нэр хүндийг баллаж буй хорт үзэгдэл мөн. Энэ нь улс төрийн соёл, шударга өрсөлдөөн, оролцоо зэрэг системийн суурь зарчмуудыг алдагдуулж арга барил, сэтгэлгээ, үйлдлийн хямралд хүргэж байна.
МАХН-ын дээд удирдлагууд эртнээс буюу 1997 оноос эхлэн Ардчилсан нам болон эвслийн тодорхой хэсэгтэй эдийн засгийн болон улс төрийн шууд холбоотой, эрх ашгаараа далдуур нэгдэн ажиллах, хуйвалдах болсон нь Монголын улс төрийг дампууруулах үндсэн нөхцөлүүдийг нээсэн. Мөн 1999 онд Монгол Улсын Үндсэн хуульд хуйвалдааны замаар, Үндсэн хуулийн бус аргаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ дампуурлыг улам гааруулж, хуйвалдагчдыг улам бүр ойртон нягтруулсан юм. 2005 онд УИХ-аас батлан гаргасан Улс төрийн намуудын тухай хуулийн далд санаа мөдхөн ил болно гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Хаа сайгүй яриад байдаг хээл хахууль, хүнд суртал, албан тушаалын наймаа, зөвшилцөл нэртэй хуйвалдаан зэрэг улс төрийн бүхий л сөрөг үзэгдлүүд нам дамжсан хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд болж байна.
Нийгэмд баян, ядуугийн зааг хэмээс хэтэрч, эдийн засгийн болон улс төрийн эрх мэдлийг нэгэн гарт төвлөрүүлсэн олигополи засаг тогтсон нь тодорхой байна. Улс төрд дархлагдсан энэхүү олигополи бүлгийн дур зоргын ажиллагааг хязгаарлаж, ядахдаа хяналт тавих механизм бий болгохгүйгээр нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг хийх боломжгүй гэж үзэж байна. Полиархи ардчиллын тэргүүлэх онолч Роберт Даль Ардчилсан институт маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг гэж тэмдэглэсэн нь чухам бидэнд сануулж хэлсэн үг гэлтэй.
Иймээс Монголын улс төрд аюулт гай болж буй далд улс төрийг арилгах хуулийн болон ёс зүйн үндсийг бүрдүүлэх талаар ихээхэн ажил хийх шаардлагатай байна. Энэ бол баян хүмүүсийг улс төрд огт бүү ойртуул гэсэн хэрэг биш, гагцхүү нам болон төрийн үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, хяналт тавих шинэ тогтолцоог бий болгоно гэсэн үг юм.
Нам хэмээх бие даасан системийн үндсэн бүрдэл хэсгүүдийг шинжлэн үзэхдээ түүний функционал үйл ажиллагааг авч үзэх зайлшгүй шаардлага бий. Энд хэд хэдэн тулгамдсан асуудал бий. Тухайлбал нийгмийг хямрааж байгаа хээл хахууль, хүнд суртлын асуудал юм. Эдүгээ нийгмийг донсолгож, эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан олон хэргүүд манай намын удирдлагуудтай шууд холбогдож байгаа нь бидний сэтгэлийг ихээхэн түгшүүлж байна. Манай намын нэр бүхий албан тушаалтнууд энэ талаар тайлбар өгөх, шалгуулах, нотлох баримт гаргахын оронд энэ талаар бичсэн хүмүүсийн эсрэг мэдэгдэл гаргах, хэвлэлийн бага хурал хийх, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь олон түмний дургүйцлийг хүргэж, намын нэр хүндийг улам бүр унагаж байна. Бид хээл хахууль, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан нэр бүхий хэргүүдийг шалган тогтоож үнэн мөнийг олон түмэнд ил тод танилцуулах нь намаа, нийгмээ эрүүлжүүлэх эхний алхам гэж үзэж байна. Мөн буруутай нь тогтоогдвол тухайн албан тушаалтанд зохих ёсны шийтгэл хүлээлгэх нь шударга үнэнд нийцнэ.
Намын функционал үйл ажиллагаатай холбоотой Бюрократ буюу аппарат, Бодлого боловсруулах, шийдвэр хэрэгжүүлэх, Удирдлагын шатлал, дотоод ардчилал, Хариуцлагын тогтолцоо, ил тод байдал гэсэн дөрвөн үндсэн чиглэл, функцээр авч үзвэл МАХН системийн гүн гүнзгий хямрал төдийгүй системийн эвдрэлд ороод байна. Энэ тохиолдолд систем бифуркацийн буюу салааллын байдалд ордог бөгөөд нэг бол систем эвдэрч сөнөнө, эсвэл шинэ төлөв байдалд орж шинэчлэгдэнэ. Бид намаа энэ шинэ байдалд хүргэхийг зорьж байна. үүний тулд манай намын зорилтыг бид дараахь байдлаар томъёолж байна.
¨ Хямралаас гарах гарц нь ардчилал, шудрага ёс, тэгш эрх Энэ нь улс төрийн хямралын шалтгаан, нөхцөлд шинжлэх ухааны үндэстэй үнэлэлт дүгнэлт өгч, түүнийг даван туулах арга замыг тодорхойлсон үндэсний хөтөлбөр шинээр боловсруулж хэрэгжүүлэх;
¨ Намын гишүүд намын эзэн байх Энэ нь намын гишүүдтэй амьд холбоо тогтоож, намын анхан болон дунд шатны байгууллагуудыг намын системийн төв болгох;
¨ Шудрага, эх оронч, оюунлаг удирдлага Энэ нь МАХН-ын удирдах байгууллагуудыг өргөн ардчилал, шударга ёсны үндсэн дээр байгуулж, намын хамтын шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх, оюунжуулах;
Бидний томъёолсон зорилтуудыг хэрэгжүүлснээр түүхийн тавцангаас үгүй болох аюулаас намаа авран шинэчлэх түүхэн үүргийг гүйцэтгэж чадна гэж гишүүд нь болсон бид үзэж байна. Бидний хөдөлгөөн байгуулан ажилласан хугацаа богинохон ч ийм дүгнэлт хийх боломжийг улам бүр баталгаа, нотолгоотой болгож өглөө.
Энэ бүх үндэслэл, дүгнэлт, нотолгоо, гаргалгаа нь МАХН-ын Ээлжит бус их хурлыг энэ онд багтаан хуралдуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Манай нам гурван үеийн төлөөлөлтэй ард түмний нам. Энэ нам дотроос эрүүл санаачилга гаран алдаа оноогоо ний нуугүй ярилцвал ард түмэн хүлээж авна. Манай намыг ард түмэн уучилж чадна аа. Үүний төлөө бид Та бүхэнтэйгээ хамтран зорьж тэмцэж яваа билээ.
Та бүхэнд амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.