Нийслэлийн захын хорооллын хүүхдийн төлөөллийг Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гэртээ урилаа
Энэхүү баярын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч маань Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн байхаасаа эхлэн, хүүхэд багачуудын төлөөллийг гэртээ хүлээн авч, хамт тэмдэглэж заншсан бөгөөд энэ жилийн тухайд нийслэлийн захын хорооллын хүүхдүүдийг гэртээ урижээ.
Хүүхдүүд Ерөнхийлөгчийн өргөөнд зочилж, түүний гэр бүл, үр хүүхдүүдтэй танилцан, уулзаж ярилцан нэг өдрийг өнгөрүүлэхийн зэрэгцээ Хүүхдийн баяр, Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн болон түүний хүүгийн төрсөн өдрийг гэр бүлийнх нь хамт тэмдэглэх болно.
Уригдсан хүүхдүүд, зочид Ерөнхийлөгч түүний гэр бүлийнхэнтэй хамтдаа ойн цоорхойд аялан, Хавчаахай сурын харваа, олс, цагирагтай тоглоом, талбайн ба агаарын теннис, сагсан бөмбөг, авхаалж сорисон тоглоомоор тоглож, наадан бүтэн өдрийг инээд хөөр, баяр баясгалан дүүрэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийнд зочлохоор нийслэлийн захын хороололд аж төрдөг 28 хүүхэд болон өсвөр үеийнхний 2 удирдагч, нийт 30 хүүхэд сонгогдсон бөгөөд тэд бүгд л аж амьдралд нь бэрхшээл тохиолдож байгаа ч сурч, хөгжих журамт үүргээ сайн биелүүлдэг хүүхдүүд юм.
Түүнчлэн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч бөгөөд суурин зохицуулагч Пратиба Мехта, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга М.Тогтохням, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Монгол улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Мөнхийн реп хамтлаг, Монгол улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Амьдрах ухаан хүүхдийн төв ТББ-ын захирал С.Чулуунбаатар зэрэг хүмүүс урилгаар оролцох болно.
olloo.mn