Ц.Нямдорж Б.Жаргалсайхан сайдын ёс зүйн талаар асуудал оруулаад ир
Монголын ард түмний тэн хагасын амьжиргааг авч яваа ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад төр, засаг анхаарал хандуулах цаг болсон гэж А.Мурат гишүүн үзжээ. Иймээс 2004 оны ноос, ноолууран бүтээгдэхүүний балансын зөрүүний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Yйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр өглөө.
Б.Жаргалсайхан сайдын хэлснээр манай улсын ноолуурын бизнес 75 сая ам.долларт эргэлддэг ажээ. Хэрэв ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүхий ноолуурыг хил давуулахгүй бол 300 сая ам.долларыг жилд олох боломжтой юм байна. Иймд Yйлдвэр, худалдааны яам цаашид түүхий ноолуурыг хилээр гаргахгүй байх, дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх бодлого баримтална гэж сайд мэдээлсэн. Нэг кг ноолуурын үнэ жил бүр 30 мянган төгрөг хол давж буй. Асуулгын үеэр гишүүд ноос, ноолуурын үнийг гаднынхан дураараа тогтоодог, дуртай үедээ буулгадаг, өсгөдөг болсныг шүүмжилж байв.
Тухайлбал, А.Мурат гишүүн, ноос, ноолуурын үнээр тоглодог мафийн сүлжээ бий болсон тухай сонссоноо хэлж байв. Б.Жаргалсайхан сайд үүнд хариулахдаа, Хятадын ноолуурын ченжүүд ноолуурын үнийг атгаж, дураараа өсгөж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдэд чөдөр тушаа болж байна. Иймээс төр малчидтай тохирч, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор ноолуурыг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Мөн тэрээр, бид хэзээ ч компьютер үйлдвэрлэж чадахгүй. Хялбар юм гэж залхуураад ноолуурыг түүхийгээр нь гаргаж болохгүй. Өнөөдөр хятадууд биднээс ноолуур аваад, цамц болгоод цааш нь борлуулж байна. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 300-400 мянган хүн төрөөс ямар нэгэн тэтгэмж авахгүйгээр аятайхан амьдарч чадна гэж хэлсэн. Манайхан ноолуурыг угаахдаа хүчтэй химийн хор хэрэглэдэг байна. Тэгээд химийн хортой усаа Туул гол руу хаяж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Yйлдвэр, худалдааны сайдын тайлбарласнаар байгаль орчинд хортой ийм бодисыг манайхаас бусад оронд хэрэглэхээ больсон гэсэн.
Б.Жаргалсайхан сайд асуулгын төгсгөлд, би хотынхоо хог дээр өссөн учир хотынхноо өмөөрнө. Дандаа л хөдөөгийнхөн гэх юм. Сүүлийн 15 жил хөдөөгийнхнийг татвараас чөлөөллөө. Гэтэл хотынхныг хөдлөх тутам татвар авч буй. Малчдаас ноолуурыг хямд үнээр авах ёстой гэсэн нь С.Ламбаа гишүүний дургүйг хүргэж орхисон. С.Ламбаа гишүүн, малчид хамаагүй гэж үл тоомсорловол ноолуур хаанаас авах юм бэ. Дандаа хачин юм ярих юм. Асуултад сайд шиг хариул л даа гэв. Б.Жаргалсайхан мөчөөгөө өгөөгүй. Та ч яахав малчдад хайртай юм байна. Би хотынхондоо хайртай. Та нар малчид эвий гэсээр байгаад хотын үйлдвэрлэлийг нураасан. Нэхий хэдхэн жилийн өмнө 5000-6000 төгрөг байсан, гэтэл одоо үнэгүй шахам болоод байна. Учир нь, нэхий эдлэл, арьс ширний үйлдвэр үүдээ бариад байна. Та намайг муулмаар байвал тэр телевизээрээ дураараа ярьж болно шүү дээ гэв. Сайд, гишүүн хоёрын хэрүүлд Ц.Нямдорж дарга ч оролцлоо. Тэрээр, та хоёр одоо больцгоо. Гишүүд УИХ-ын даргаас зөвшөөрөл авч ярих ёстой. УИХ-ын дэг зөрчиж байна гэж тушаав. Гэвч Б.Жаргалсайхан сайд энэ төдийхөнд амаа бариулсангүй. Энэ нь УИХ-ын даргын уурыг бүр ч хүргэв бололтой, Б.Жаргалсайхан сайдын ёс зүйгүй авирладаг талаар Байнгын хороо асуудал боловсруулаад УИХ-д оруулаад ирэг гэж хэллээ. Хариуд нь сайд, харин ч би өөрийн чинь ёс суртахууны талаар удахгүй асуудал оруулна. Ийм хуучинсаг, коммунист зангаа орхиоч гэж хэллээ.
Энэ мэт хэрүүлийг намжааж А.Мурат гишүүн санал хэлсэн бөгөөд үүндээ, ноос ноолуурын зах зээл дэх тайлбаргүй олон асуудал, оньсогод Засгийн газар анхаарал хандуулахыг хүссэн. Тухайлбал, манай улс жилд 300 тн ноолуур угаадаг гэсэн тоо байдаг ч хилээр 800 тн угаасан ноолуур гаргасан нь ямар учиртайг тайлахыг анхааруулна билээ.