АНУ-д хүрч тусах пуужинтай болж гэнэ
ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Токио хотоос тавдугаар сарын 22-нд мэдээлсэн нь БНАСАУ АНУ-ын үндсэн нутаг дэвсгэрт байрлаж буй байнуудыг хөнөөж чадах цоо шинэ баллистик пуужин бүтээх ажлаа дуусгав. Энэ пуужинг туршилтын журмаар харвах ажил өнгөрсөн жилийн зун бэлэн болсон юм. Өрнөдөд Тэпходон-2 гэж нэрлэдэг хоёр угсраа пуужин 3,5- 6 мянган км-ын тусгалтай бөгөөд Аляски хүрч чадна. Дахин нэг угсраатай болговол алсын тусгал нь 10,5 мянган км болж, АНУ-ын үндсэн нутаг дэвсгэр дэх байг хөнөөж чадах юм. Гэхдээ энэ хувилбарын пуужин бүтээх ажил дуусч байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрэн болсон, зэвсгийн плутони боловсруулж байгаа гэдгээ түрүүнд албан ёсоор зарласан. Гэхдээ Пхеньян пуужиндаа цэнэгт хошуу хийж чадсан эсэх тухай мэдээ байхгүй гэжээ.
Нэг бодоход Умард Солонгос цөмийн зэвсэг, түүнийг байнд хүргэх хэрэгсэлтэй болсон мэт, нэг болохоор зүгээр сүрдүүлж байгаа мэт. Уул шугамандаа бол Умард Солонгосын тал АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал хэлэлцээг аливаа шалтгаар хясан боогдуулах тактик сонгожээ. Жорж Буш Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөө олон улсын хяналтад бүрэн зогсоотол хэвийн харилцаа тогтоохгүй, эдийн засгийн тусламж үзүүлэхгүи гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа билээ. Хэлэлцээнд оролцогч АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Умард Солонгос, Өмнөд Солонгос энэ асуудлаар өөр өөрийн гэсэн геополитикийн зорилго, эрх ашигтай. Алс ирээдүйдээ Солонгосын хойгт хэн нь ямар нөлөөтэй, ямар эрх ашгаа хамгаалж үлдэх вэ гэдэг маш чухал асуудал хэлэлцээг тодорхойлж байгаа бөгөөд Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болох эсэх нь хэлэлцээ хийх шалтаг л юм болов уу даа. Эцсийн дүнд тус улсыг цөмийн зэвсэгтэй болохыг хэлэлцээнд оролцогч том гүрнүүдийн аль нь ч зөвшөөрөхгүй, тийм зэвсэгтэй болгох ч үгүй нь хэн бүхэнд тодорхой. Ийм арга хэмжээ авах улс төр, эдийн засгийн бүхий л хүч бололцоо бүрэн хангалттай бий.
МОНЦАМЭ 2006.05 сар