Монголын нууц товчоо-нд хөтлөгдөн эзэн Чингисийн нутгаар бэдрэхүй

Нэгэнт багийнхан гэж хэлсэн болохоор тэнд чухам ямар хүмүүс оролцов гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. УИХ, Засгийн газрын нэр бүхий зарим гишүүн, эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэн байв.
Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх учраас эзэн Чингисийнхээ тухай улам ихийг мэдэх, мэдсэнээ түмэндээ хүргэх нь уг аяллын гол зорилго байсан юм.
Чингисээ бид хэр мэдэх билээ гэвэл эг маг хийх хүн магадгүй олон доо. Үнэндээ аль нэг сургууль байгууллага, жуулчны бааз, онгоцны буудлын, нэг бол Чингис гэдэг кино, дуу юм уу, амталж шимдэг архи, пиво төдийгөөр нь мэддэг нь дийлэнх байх шүү дээ. Энэ чамлалттай бодлыг өөрчлөх гэж олон зуун жилийн өндөр босго дээрээс эргэн харж байна монголчууд.
Монголын түүхийг нэг хавтсанд багтаасан ганцхан судар бидний гарт байдаг нь Монголын нууц товчоо. Энэ судраа л мөлжиж, эргүүлж тойруулж өдий хүрсэн. Нөгөө талаар эзэн Чингисийн маань нэрийг сэвтүүлж байсан ч үлдээсэн мөр нь өдий хүртэл хадгалагдаж байсан нь түүх түүхээрээ байдгийн баримт.
Тэр хүний амьдрал, тэмцлийн аугаа их түүхийг дэлхийн соёлт улс орнууд Франц, Ром, Манжийн эзэн гүрний өнөөгийнхөн биднээс илүү мэддэг байж ч болох.
Идэх, унтах ч завгүй дайн самуунтай байгаа Иракт хүртэл Монголын эртний түүхийн тухай ховор нандин номууд байдаг юм билээ гэж тэнд очсон нэгэн хэлж байна лээ.
Энэ тухайд мартагнаж аяллынхаа мөрийг хөөе.
Хан Хэнтий нутаг тэр дотроо Дадал, Биндэрийн нутаг гурван голын сав газар тэнгэр язгуурт эзэн Чингис хааныхаа явдал суудлын нарийн учрыг өлгийдөн авсан газар шороо нь билээ.
Чингис энд төрсөн. Энд аж төрж байсан. Дэлхийн талыг эзэгнэж Их Монгол Улсаа байгуулах их үйлээ тэр нутгаас эхэлсэн гэдэг нь маргаангүй. Үүнийг эрдэмтэн мэргэд бийр, бэхээс асууж нотолсоон.
Бид Нууц товчоо-г дагаад аяллаа. Дадал сумын дэргэдэх одоогийн Гурван нуурын амралт-ын газар очив. Энд Чингис төрснийг гэрчлэх нэгэн хөшөө бий. 1960-аад онд босгосон энэ хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай аяллынхны аяны дөрөөг мялааж Орчлонгийн хүрд гэдэг сайхан лекцээрээ сүү дусаав. Буурал эрдэмтэн маань орчлонд хүний гэгээн ухаан үүссэн түүхийг сануулж эхэлсэн ч өнөөгийн нийгмийн хөгжил, тэр дотор Монгол Улс ямархан өнгө төрхтэй хөгжиж хаашаа явж байнав гэдгийг түс тас хэлсэн. Бид оюун, ухаан хоёроо хослуулж чадахгүй байгаагаас ядуу байна, хөгжиж чадахгүй бусдыг дагах төдий байна гээд л.
Ерөөс энэ нутгийн буриад зон ажилсагаараа гайхам төдийгүй дуутай хууртай наргианч, нэгэн үгээр хэлэхэд авьяаслаг ард түмэн юм. Тийм төдийгүй эзэн Чингисийн хамгийн ойрын үр сад гэдгээрээ ч бахархдаг аж. Нэрт яруу найрагч Базарын Цэдэндамбаа гуай нэгэн удаа Шингис бидэн хоёр шинь нэг сум, нэг бригадынх гэж омгорхсон тухай Ерөнхийлөгч хэлж байв.
Бид өргөн Балжийн ар Баянцагаанд Чинги- сийн өвөг Бодончарбогдын отог байсан газарт босгосон гэрэлт хөшөөг нээх ёслолд оролцоод Нууц товчоо-г дагаад Тэнхлэг горхи, Хажуу булгаар дамжаад Тэмүүжинг энд төрсөн гэж гадна, дотны олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг Дэлүүн болдог-т очив.
Монголын нууц товчоо-г шинэ үсэгт буулгаснаас хойш Чингисийн унасан газар, угаасан усны тухай эрдэмтэд болоод нутгийн иргэд сонирхож судалж сурвалжилж эхэлсэн юм байдаг. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, хөдөөгийн Пэрлээ нар Дадалын нутагт Дэлүүн болдогт Чингис төрсөн гэж анх зарласан юм билээ. Энэ тухайд хүлээн зөвшөөрөхгүйг оролддог эрдэмтэн, хүн мэр сэр байдаг ч дээрх хоёр их хүний нотолгоо хэвээр байна.
Ерөнхийлөгч Дэлүүн болдог-ийн оройд байдаг хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэв.
Бас нэгэн гайхмаар олдоц гэвэл Баян-Адарга сумын нутагт нэгэн мөчлөгийг нь үзсэн Чингисийн хэрэм хэмээн нэгэн дурсгал байв. Он цагийн элээсэнд үл мэдэгхэн гэхээр гүдэн гүвээ хөндийд зурайх.
Монголын нууц товчоо-нд Өгөдэй хаан тэнгэр газраас заяатай төрсөн ан амьтныг ах дүүсийн зүг одуузай хэмээн харамнаж хороо хэрэм нүдүүлж хориг саад бариулж байсан тухай өгүүлсэн нь энэ хэрэм байх гэсэн таамаглал байдаг гэнэ. Түүнээс өөр баттай судалгаа байхгүй бололтой. Уг хэрэм зөвхөн Монголын нутагт биш урагшаа Хятадын, хойшоо Дунай мөрөн хүртэл 600 км үргэлжилдэг аж. Газар нутгийн хязгаар тэмдэг ч байж болох уг хэрэмтэй холбоотой байж магадгүй нэгэн газрын зургийг түүхчид тайлбарлаж байна.
АНУ-ын Миннесота мужийн Сант-Паулын их сургуулийн доктор Жек Ведерфорд энэ зургийг илгээжээ. 400-гаад жилийн өмнө бүтээсэн энэ зурагт Монгол Улсыг Татар хэмээн тэмдэглэсэн байв.
Уг зургийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэлээд нягтлангуй үзээд газар ус, хот балгадын нэрийг эртнийхээр нь нэрлэснийг бодоход түүхийн томоохон баримт юм гэж хэлэв.
Аяллынхаа замаар цааш явахад байсхийгээд л булш бунхан, эртний чулуун хөшөөнүүд. Тэр бүр түүх домгийн гэрч юм билээ. Тэгэхдээ Чингисийн нэртэй холбоотой нь олонхи нь.
Биндэрийн нутагт бас нэг Дэлүүн болдог-т очив. Нутгийнхан их эзэн хаанаа өөрийн болгох гэж энд хөшөө дурсгал босгож, дурсгалыг нь мөнхжүүлжээ. Түүхэнд өгүүлснээр их хаан маань Онон мөрний хөвөөнд тун ойрхон төрсөн нь энд гэж хэлэх хүн ч тааралдав. Гэвч нэг бие хоёр газар унана гэж байхгүй болохоор гадаад дотоодын олон эрдэмтэн судлаач хүлээн зөвшөөрснөөр Дадалд байдаг Дэлүүн болдог Чингисийн төрсөн газар гэдэг нь хөдөлшгүй гэнэ. Хойшид ч маргахгүй бололтой.
Биндэрт овооны ойролцоо нэгэн хадан цохио байна. Эрдэмтэд судлаачдын тайлбарлаж байгаагаар Рашаан хад хэмээх энэ цохио их юм хэлэх аж.
Энэ хадан цохионы зүүн ёроолд ухсан нүхнээс цухуйх том хадан хавтан ар, өвөргүй асар их тамганы дүрстэй. Ойр хавийн хадан дээрхтэйгээ нийлээд 600 шахам тамганы дүрс байдаг аж. Мөн энд адуу мал, хүний дүр, кидан, араб, перс, хятад, монгол, түвд бичээс зайгүй эрээлжилнэ. Хэн юуны учир энэ хаданд ийм олон дүрс бичээсийг сийлэв гэдэг нь яг тодорхойгүй ч Х.Пэрлээ гуайн бүтээлдээ тэмдэглэснээр монгол түмний гарлыг тамгаар судалж болох тухай өгүүлсэн нь эрдэмтдийн хойшдын судалгааг шулуутгаж өгсөн аж.
Хар зүрхний хөх нуур. Энд Тэмүүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн дурсгалт газар. Их хаан энд олон удаа намаржиж нутаглаж байсан гэнэ. Бас айл болж гал голомтоо бадраасан гэдэг нь ч түүхэнд тэмдэглэжээ. Түүнийг нь гэрчлэх бас нэг олдоц гэвэл нуурын хөвөөнд байгаа 15 метр голчтой асар том гэрийн буурийн орь.
Энд Чингис өргөө гэрээ барьж нэг үед ард маягаар амьдарч байсан тухай ч зарим түүхчид хэлдэг юм билээ.
Харин нэгэнт энд хаанд өргөмжлөгдөж байсан болохоор Монголын төр, цэргийн зохион байгуулалт Хар зүрх уулын энгэр тэр сайхан нуурын дэргэдээс эхэлсэн байх нь. Монголын түүхэнд гол байр эзлэх учир нь энд байна.
Бат-Ширээт сумын нутагт Өглөгчийн хэрэм гэж байх юм.
Дайчин уул хэмээх уулын амнаас эхтэй чулуугаар барьсан хэрэм 1926 оноос хойш судлагдаж эхэлсэн юм билээ. Энэ хэрэм өндөр газраа 2.5-3 метр, хоёр метр илүү зузаантай юм.
Ямар ч шавар наалт, бэхэлгээгүй өрж барьсан гэхэд ийм олон зууны туршид өнгө төрхөө хадгалж үлдсэн нь энэ хэрмийн гайхамшиг.
Чингис хаан Энэ нутагт харийнхныг бүү гишгүүл, бүү нутаглуул хэмээн зарлигдаж байснаас үүдэн ийм хэрэм цайз барьж байсан гэж эрдэмтэд нотолж Их хориг гэж нэрлэсэн нь бий.
Уг нэрээс үүдээд зарим эрдэмтэн Чингис хааныг энд уул хөндлөн нүхэлж нутаглуулсан гэж үнэмшүүлэхийг оролддог нь түүхийн аль ч сурвалж бичгээс олддоггүй зүйл гэнэ. Харин Чингис хаан газар нутгаа хайрлаж хамгаалах зорилгоор уул дамнасан ийм өндөр хэрэм бариулж байсан нь түүхийн үнэн бололтой.
Энд нэг зүйлийг цухас дурдахад бид энэ тухай судалж нотолж чадаагүй байгаа гэсэн мөртөө өөрийн бодлыг бусдадаа хүлээлгэх гэж оролдож, уг хэрэмд бараг тулган эрдэм шинжилгээний төв нэртэй суурин байгуулж, хэдэн байшин барьчихаад сууж байгаа нэгэн тааралдав. Энэ нь түүхийн ховор олдворыг ашиглан ашиг орлого бодсон өөр санаа байж магадгүй гэж зарим хүн ярьж байлаа.
Хар зүрхний хөх нуурт, бас Биндэрийн Дэлүүн болдог-ийн дэргэд жуулчны баазуудтай болчихож.
Байгуулж болохгүйн нь юун. Гэхдээ түүхийн тэр их дурсгал, нэр төрийг хадгалж, тухайн газрыг хойч үедээ үлдээхээр тохижуулах, гаднын дотнын аялагч, жуулчдын сэтгэл татахуйц юм хийх, түүхэн олдворуудыг хайрлан хамгаалах нь чухал юм. Зүгээр л нэрийг нь ашиглаж, хэдэн гэр бариад зорьж ирсэн хэн нэгнийг амруулж, цэнгүүлдэг байвал алдас болно.
Хар зүрхний хөх нуур дахь жуулчны баазад Чингисийн алтан ургийн цогцолбор гэж байгуулна гэж хэдэн сийлбэр босгожээ. Яахав эхлэл юм биз ээ.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Байдлагийн голд байх нэгэн хөшөөний дэргэд ирснээр бидний аялал өндөрлөх тийш хандав. Энэ нутгийг түүхэнд Бүрэг эрэг гэж тэмдэглэжээ.
Эзэн Чингисийг энэ хавьд байх үед нь мэргид довтлон ирэхэд хатнаа орхиж Бурхан Халдун уулнаа зугтан гарч амжсан тухай домгийг түүхчид энд хүүрнэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр их түүхийн хойморт заларсан эзэн Чингисийн өлгий нутгаар хийсэн аяллынхаа тухай ярихдаа
-800 жилийн өндөрлөгөөс харахад Монголын түүх ямар их аугаа юм бэ гэдэг нь харагдлаа. Манай түүх бол зөвхөн Монголынх биш дэлхийн түүх юм гэдэг нь бахархал төрүүлж байгаа юм шүү дээ.
Дэлхийн түүх Хан Хэнтий нутаг гурван голын сав газраас эхтэй тухай бид олон зүйлийг шинэтгэн сонсч, түүхэн баримтуудыг нүдээр үзэж явлаа хэмээн өгүүлсэн юм.
Тэгээд эрдэмтэд, хойч үеийнхэнд сануулга болгож хэлэхдээ
-Эзэн Чингисийн болоод Монголын түүхтэй холбоотой үнэнийг, түүхэн газруудыг бодитойгоор ямар ч маргаангүйгээр тогтоож өгөхгүй бол болохгүй.
Санаачилгатай нь түүхэн үнэнийг булааж авах гэж оролдох нь буруу. Түүх бол гуйвшгүй нэг нотолгоотой байх учиртай. Түүхчид уран зохиолчидтой адил өөрийн ертөнцийг бүтээнэ гэвэл тийм биш. Түүхт газрууддаа хөшөө дурсгал нэмж босгож байна. Хийх ажлаа үүгээр хязгаарлаж болохгүй.
Нөгөө талаар түүх, соёлын дурсгалыг сэргээх хадгалах, соёл түүхийн дурсгалыг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх ажил зарим газар дутмаг нь аяллын явцад харагдаж байлаа.
Аяллын явцад ажиглагдаж, анзаарагдсан үзэж мэдсэнээсээ үндэслэн түүх соёлын талаар урьд өмнө төлөвлөсөн хийгээд хойшдын зорилгодоо юуг эрхэмлэхээ УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ ярьж зөвлөж саналаа солилцоно гэж бодож байна.
Бидний аялал Монголын хийгээд тэр дотроо Чингис хааныхаа амьдрал, тэмцлийн түүхийн судалгааны талаар ихийг мэдэхийг хүссэн хүн бүхэнд тус хүргэх, мэдлэгийг нэмэгдүүлэхэд сурталчилгаагаар нэмэр болох, түүхийн үнэнийг нэг мөр болгож ойлгоход ихээхэн тус дэмтэй боллоо гэлээ. Ийнхүү Монголын түүхийн алтан хуудас Монголын нууц товчоо-г даган их хааны мөр оршсон нутаг юугаар бэдэрсэн түүх соёлын аялал маань өндөрлөлөө.

Д.ЦЭРЭННАДМИД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button