Хоёр талын ажлын уулзалт боллоо
Уулзалтанд ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн Ч.Раднаа, Булган аймгийн засаг дарга М.Оюунбат болон бусад холбогдох хүмүүс, ОХУ-ын Буриадын Засгийн газрын орлогч дарга Турбянов Л.Д, Закаменьск районы дарга Аюшеев В.В болон холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо. Булган аймаг, Закаменьск районы 2006 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн энэхүү уулзалтаар
Булган аймаг, Закаменьск районы хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсын босоо тэнхлэгийн Бага-Илэнх, Хутаг-Өндөр чиглэлийн 136км хатуу хучилттай авто зам барих асуудлыг эргөн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх, өндөр хүчдэлийн шугам татах, Бага-Илэнх, Айнекийн боомтыг олон улсын байнгын ажиллагаатай болгохтой холбогдуулж уг боомтоор хийгдэх улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг 1996 онд байгуулагдсан Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зохион байгуулж өргөжүүлэх, гаалийн тогтмол үйл ажиллагааг нээх, зэрэг асуудлаар тохиролцлоо.
Мөн Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ирэх 6-р сард болох хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Бага-Илэнх, Айнекийн боомтыг олон улсын статустай байнгын ажиллагаатай болгох асуудлыг 2 талын эрх бүхий байгууллагууд өөр өөрсдийн талын Засгийн газар хоорондын комиссын ажлын хэсэгт тавихаар харилцан тохиролцлоо. Энэ боомтыг байнгын ажиллагаатай болгосноор монголын талаас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Булган аймаг болон хангайн бүсийн аймгуудаас байгалийн хадлан, үйлдвэрийн тэжээл бэлтгэж нийлүүлэх, мал мах гаргах гэх зэрэг өргөн боломж нээгдэх юм. Харин Буриад улсын талаас хөдөө аж ахуйн болон автомашин техникийн сэлбэг, шатах тослох материал, үр тариа, төме хүнсний ногооны үр, өргөн хэрэглээний бараа, хэрэглээний мод, мэдээлэл технолги, түүхий эд, бараа бүтээгдэхүүн харилцан солилцох замаар хамтран ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү уулзалт нь дээрх асуудлуудыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж 2 тал үзэж байна. Өнөөдрийн байдлаар монголын талаас хилийн боомтыг нээх бэлтгэл ажлын хүрээнд боомтын барилга байшинг бариад байна.
Сайд Ц.Цэнгэл Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн хатуу хучилттай замын асуудлаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт Захиалагч, Гүйцэтгэгч, Зөвлөх, орон нутгийн удирдлагыг байлцуулсан уулзалтыг хийлээ.
Арабын эдийн засгийн хамтын ажиллагааны Кувейтийн сангийн зээлээр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын 146км авто замын гүйцэтгэгчээр нь Кувейт улсын Комбайнед групп /CGC компани / Олон улсын тендерт шалгаран барилгын ажил гүйцэтгэхээр гэрээг 2004 оны 3-р сард байгуулснаас хойш 2005 оны 11-р сарын байдлаар нийт ажлын 28%-ийг гүйцэтгээд байгаа юм байна. Гүйцэтгэгч компани нь авто замын барилгын ажлыг энө сарын 19-ний дотор эхлүүлэн, 11-р сарын 1 гэхэд дуусгахаар боллоо.
Мөн сайд Ц.Цэнгэл Булган аймгийн хойд сумдаар орж малчид иргэдийн санал бодлыг сонссон юм. Булганчууд цалин тэтгэвэр, ядуурал, ажилгүйдлын талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Цэнгэл сайдын эрхлэх салбарын хүрээнд, тухайлбал авто зам, шуудан, аялал жуулчлалтай холбогдох хүсэлтүүдийг тавьж байлаа.
/Оллоо.МН/