Ерөнхий шалгалтад 41000 залуус тоосоо өргөлөө
Ирээдүйд эмч, багш, бизнесмэн, эдийн засагч, инженер мэргэжлийг эзэших хүсэлтэй 41000 залуус өнгөрөгч баасан гаригаас эхлэн ерөнхий шалгалтад тоосоо өргөлөө. Улс орон даяар нэгэн зэрэг, нэг цагт эхэлж гурван өдрийн турш үргэлжилсэн шалгалт шинэчилсэн журмаар өрнөж байгаагаараа онцлогтой. Юутай ч элсэлтийн шалгалт болуут их, дээд сургуулийн гадна элеэгчид төдийгүй эцэг, эх нь хонон өнжин дугаарлаж, сая нэг юм шалгалтад орох эрхийг олж авдаг хуучны уламжлал ул болсон нь өчигдөр өндөрлөсөн ерөнхий шалгалтын дүр төрхөөс харагдсан юм.
Нийслэлийн хэмжээнд нийтдээ 17 шалгалтын төв ажиллалаа. Манай сурвалжлах хэсэг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хоёрдугаар байрт үдийн 13.00 цагт очиход гадаа нь төгсөгчид ид бужигнана. Нэг хэсэг нь шалгалтад орох гэж догдолж буй бол нөгөө нь ард нь гарчихаад зогсч буй нь энэ.
Тэд 30 минутын дараагаар шалгалтын танхимд орцгоосон. Тус сургууль дээр нийт 23 шалгалтын танхимаас 21-ийг бүрэн ашиглаж хоёрыг нөөцөд үлдээсэн байв. Уржигдарын байдлаар тус сургууль дээр нийт 2219 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 2156 нь хамрагдсан байлаа. Тоондоо хүрээгүй шалтгаан нь элсэгчдийн цагаасаа хоцорсонтой нь холбоотой аж. Шалгалтын ахлагч багш Ч.Нямгэрэлийн өгүүлснээр нэг шалгалт өгөхөд 2-3 хүүхэд хоцорч иржээ. Дүрэмд зааснаар тухайн элсэгч нь шалгалт өгөхөөс 10 минутын өмнө танхимд суудлаа эзэлсэн байх учиртай. Гэтэл шалгалт эхэлсний дараа Ердөө 4 минут л өнгөрсөн байна шүү дээ. Оруулчихаач хэмээн учирлагч ч байжээ. Оруулахгүй болохоор эцэг, эхчүүд зандран Хүүхдийн хувь заяагаар тоглолоо гэж элдвээр хэлэх тохиолдол ч байсан аж.
Yдийн 14.04 цагт буюу Физикийн шалгалт эхэлснээс хойш хоёр хүүхэд уван цуван ирсэн. Ажлын хэсгийнхэн хүүхдүүдийг Юутай ч азаа үзээд алд даа гээд оруулав. Ямартай ч ажлын хэсгийнхний өгүүлснээр материал нь устаагүй байсан бололтой хоёр хүүхэд буцаж ирсэнгүй ээ. Учир нь элсэгчдийг шалгалтын танхим руу нэвтрүүлсэн ч гэлээ материал нь устсан тохиолдолд ерөнхий шалгалт өгөх эрхгүй болж байгаа аж.
Гэвч шалгалт эхэлснээс 14 минутын дараа дахин нэг хүүхэд хоцорч ирэв. Гадаа зогсч байсан эцэг, эхчүүд Хаалгыг нь сайн нүд гэж дэвэргэх буюу хоолой нийлүүлэн Шалгалтаа өгье. үүдээ тайл л даа гэж хашгиралдах. Энэ үйл явдлын дараагаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Боловсролын газрын дарга
Р.Бат-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Оюунсайхан тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий шалгалтын үйл явцтай танилцахаар ирж, эцэг эх ч сэтгэлээ ний нуугүй дэлгэсэн юм. Тухайлбал, Алгебрийн шалгалтын хугацаа хэт давчуугаас хүүхэд маань цагтаа амжаагүй. Тооны машиныг хэрэглэмээр байна. Тэгэхгүй бол тоог гараар ухандсаар хамаг цагаа авсан байна. Хүүхэд маань сандраад вариантаа тэмдэглэлгүй мартчихаж. Тэгэхээр одоо яах вэ гэх мэтийн зүйлийг асууж, учирлаж байлаа. Харин шалгалтын ахлагч багш Ч.Нямгэрэлийн өгүүлснээр тус төвд ерөнхий шалгалтын үйл явцтай холбоотой найман гомдлыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргасныг сайдад уламжилсан юм.
Түүнд дурдсанаар Ерөнхий шалгалтыг дахин авах арга байна уу гэсэн гомдол ихэнхийг эзэлжээ. Тус төв дээр Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 20 гаруй нийслэлийн Баянзүрх дүүргийн 10-н жилийн дунд сургуулийн бага ангийн 60 гаруй бага ангийн багш ажиллаж байсан юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин Орхон их сургууль дээр очив. Тэнд шалгалт хэвийн үргэлжилж байсан бөгөөд хоцрогдол байсангүй эцэг, эхийн зөвлөлөөс сонгогдсон хоёр гишүүн шалгалтын үйл явцыг камераар хянаж байв. Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Улаанбаатар их сургууль дээр шалгалт мөн хэвийн үргэлжилж байсан юм. Тус сургууль дээр нэг өдөр дараалан гурван шалгалт өгснөөс тухайн элсэгч ачааллаа даахгүй бие нь муудах тохиолдол гарчээ. Шалгалтын комиссынхны өгүүлснээр хоёр ч хүүхэд шалгалт өгч байхдаа царай нь хувхайрч унах дөхсөн гэнэ. Тэр даруй халуун цай өгч, массаж хийсний дүнд сэргэсэн юм байна. Ямартай ч Боловсролын сайдын зочилсон сургууль дээр байдал нэг иймэрхүү. Харин ерөнхий шалгалт өгсөн төгсөгчид 14 хоногийн дараагаар дүн гарна. Энэ хугацаанд ямар хор найрагдахыг хэн мэдлээ. Ер нь бол юм юм болох байх гэсэн хариултыг өгч байсан. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Отгонжаргал Анги танхимын хүрэлцээ муу байсан. Алгебрийн шалгалтыг 100 гаруй хүүхдийн хамт нэг танхимд өгсөн. Олуулаа болохоор үнэр танар гэж аймаар байсан. Шалгалтаа гайгүй өгсөн. Гэвч арын хаалга орохгүй гэх баталгаа хаа байна.
Материалыг шалгагч машинаар уншуулна гэж байгаа ч үнэн зөвөөр дүгнэнэ гэдэгт итгэхгүй л байна даа гэсэн хариултыг өгсөн бол Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.ОюунсайханШалгалт орж буй хүн бүр өөрийгөө хэдэн оноо авсныг ерөнхийд нь гадарлана. Учир нь хариултын хуудас, шалгалтын хуудас гэсэн хоёр төрлийн материал дээр ажиллаж байгаа. Хариултын хуудсыг нь хураалгаад, шалгалтын хуудсыг нь өөртөө үлдээж буй. Түүнийг нь эцэг, эх төдийгүй багш нар нь хараад даалгаврыг яаж хийж вэ гэдгийг үнэлчих боломжтой. Учир нь даалгавар бүр өөр өөр үнэлгээтэй. Тэр бүгдийг нэгд нэгэнгүй шалгалтын материал дээр нь биччихсэн. Тиймээс шалгалт өгсөн хүүхэд бүр дүгнэлтээ хийчихсэн гэдэгт итгэлтэй байна гэж хариулсан
Юутай ч өвөлжин, хаваржин шуугиулсан ерөнхий шалгалт өндөрлөлөө. Одоогоор хэл ам бага ч 14 хоногийн дараа хэрэг мандахыг үгүйсгэх аргагүй. Учир юу гэвэл дээр дурдсан хугацаанд ерөнхий шалгалтын дүн хүүхэд бүрээр гарах юм.
Ардын эрх сонин 105/383
Г.Нэргүй