Хамелеон зан түүнд харш
Парламентад олон удаа улирсан гишүүд ихэнхдээ сонгууль болгоноор тойргоо сольсон байдаг. Ам тангаргаа өгч сонгогдчихоод амлалтаа биелүүлээгүй болохоороо дараагийн удаа бултдаг юм уу даа. Эсвэл нэр дэвшүүлсэн нам, хүчнийхээ дур зоргод автан өөр тийш шидүүлдэг ч удаатай. Харин Ц.Шаравдорж гишүүн өсч төрсөн нутаг Дорноговь аймагтаа, хүй цөглөсөн Хөвсгөл сум орчмынхоо тойрогт дөрвөнтөө өрсөлдөж тэр тоолонгоор ялсан хүн. Нутаг усныхаа олны итгэлийг дааж чадсаны шагнал тэр. Замын-үүдэд чөлөөт бүс байгуулахаас өгсүүлээд говио өөд татах олон төлөвлөгөө түүнд бий. Эрхэм гишүүн нутаг усныхандаа нэг буянтай үйл бүтээж өгчээ. Говийн догшин ноён хутагтын нутгийнхан түмэн мэсээр бүтээсэй Ловончимбо бурхнаа олон жилийн өмнө урт гартад алдчихсан юмсанж. Түүнийг минь олж аль гэсэн хэцүүхэн даалгаврыг сонгогчид нь түшээдээ тулгаж, Ц.Шаравдорж гишүүн ч хуульч мэргэжлийнхээ арга ухаанаар эрж сурсаар улсын эрдэнэсийн санд тиймэрхүү бурхан байгааг олж мэдэж. Мөн биш нь тодорхойгүй тэр бурхны суурь олдсонгүй. Нутагт нь байгаа гэх суурийг авчруултал яг тохирсон гэнэ. Бурхныг Хамарын хийдэд буцаан залж сонгогчдодоо буян үйлдсэнийг нутгийнхан нь одоо ч ярьж хөөрдөг юм.
Сүүлийн үеийн зарим улстөрч шиг улааныг үзэж урваж, шарыг харж шарвадаг хамелеон зан түүнд харш. Бат илэрхийлэхийг нь өвөрлөсөн МАХН хүртэл үзэл баримтлалын төөрөгдөлд орчихоод байхад харин эрхэм гишүүн Ц.Шаравдорж хатуу зүүний үзэлтэй хүн болох нь олон зүйл дээр харагддаг. МАХН-ынх ч бай, ардчилсан хүчнийх ч бай, итгэл үнэмшил болгосон үзэл баримтлалдаа туйлбартай байна гэдэг сайн хэрэг. Өнөөдөр баруунтан, маргааш зүүнтэнд хувирч суудал дээрээ хэд эргэчихээд эцэстээ аль ч үгүй болоод ирэхээрээ прагматик гэсэн сайхан баг зүүгээд суучихдаг улстөрч өдгөө олширсон болохоор туйлбартай байр суурьтай нэгнээ хуучинсаг, засаршгүй гэсэн нэр хочоор дууддаг болсон бололтой. Зарим нь Ц.Шаравдорж гишүүнийг тэгж нэрлэх нь дуулддаг юм. Өөлж хэлбэл хуучин системийн маягийн арга барилтай харагдавч МАХН хямралд орсон гээд байгаа өнөө үед харин ч түүн шиг нам доторх дутагдал доголдлыг уудлаад хатуухан хэлчихдэг хүн ховор байх шиг. Ууган намын удирдлага явцуу хүрээнд шийдвэрээ гаргадаг, боловсон хүчний сонголт гэдгийг мартсан, зарим гишүүн нэгнээ ална хядна гэж айлгадаг болсныг тэрээр хамтарсан Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд байхдаа ил тод хэлж байсан. Арьсандаа хайртай өөр нэгэн байсан бол сайдын сэнтийд суусандаа баярлаад амаа тас хамхих байсан биз.
Туйлбартай болохоор нь МАХН түүнийг халуун цэг дээр байлгах дуртай. Эх орон-Ардчилал эвсэл парламентад олонхи байсан 1996-2000 оны үед Ц.Шаравдорж гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга байв. Тухайн үеийн эрхэм гишүүдээс Төрийн ордонд архидсан, зодолдсон, бүр ордон руу морь харсан явдлууд гарч ёс зүй хариуцсан даргын чихийг нэг биш халууцуулж билээ. Ангийн нөхдийнхөө энэ нүүр халаасан үйлдлүүдийг зогсоох, тэдэнд арга хэмжээ авах үйлийн үртэй ажил Ц.Шаравдорж гишүүнд ногддог байсан. МАХН түүнийг хамгийн хэцүү асуудал шалгах ажлын хэсгүүдийн даргаар томилж, эсвэл бүрэлдэхүүнд нь багтаан олон ч удаа нүцгэн гараар нь халуун чулуу атгуулсан. Нэг намын гишүүдээс дагнах шахам бүрдсэн 2000-2004 оны УИХ амар тайван орчинд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан. Тэгэхэд эрхэм гишүүн Ц.Шаравдорж Хууль зүйн байнгын хороог толгойлж, Ц.Нямдорж сайдтай холбоотой гэх 45 хуудас материал, Ардчилсан намын дарга асан Д.Дорлигжавын Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал байхдаа шамшигдуулсан гэх хөрөнгө мөнгөний асуудал, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын татвараас нуусан гэх хэдэн тэрбум төгрөгийн наана цаана гээд хурц үйл явдлуудыг шалгах ажлын хэсгийг ахлан галыг өөр дээрээ татаж байсан юм. Тэрээр шүүх, прокурор, цагдаагийнхны дотор хууль бус үйлдэл, авилга, шударга бус үзэгдлүүд бугшиж байдаг талааар нэг бус удаа ам нээж байв.
Өмнөх парламентуудад хэлтэй амтайгаараа дуудуулдаг байсан тэрээр харин одоогийн УИХ-д чимээ багатайхан суух болсон. Улстөрчид нам үл харгалзан эрх ашгаараа сүлбэлдэж, манай танай нь ялгарахаа болиод ирэхээр хатуу байр суурьтай түүнд дуугарч суух нь утгагүй санагдах болсон юм болов уу?
Ардын эрх сонин 103/383
Д.Оюунцэцэг