Мэдээлэл, харилцаа холбооны технологийг боловсролын салбарт ашиглах нь үндэсний чуулга уулзалт болно
Мэдээлэл харилцааны технологийн хөдөөгийн боловсролыг боловсронгуй болгоход ашиглах нь (ИРЭМ) төсөл дуусанаас хойшх хугацаанд сургууль хоорондын хамтын ажиллагааны өрнүүлэх арга замыг хэлэлцэх Мэдээлэл, харилцаа холбооны технологийг боловсролын салбарт ашиглах нь үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 30-31-ний өдрүүдэд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт зохиан байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтанд төсөлд хамрагдсан болон хамрагдаагүй сургуулиуд, олон улсын байгууллага, холбогдох яам, боловсролын судалгааны байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл харилцааны технологийг хөдөөгийн сургуулиудын сургалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн мэдээлэл солилцох юм. Мөн сургалтын арга зүйг шинэчлэхэд ашигласан туршлагатай танилцаж, хэлэлцүүлэг хийж, түүний үр дүн, туршлагыг цаашид дэлгэрүүлэх арга зам, ач холбогдолын хүрээнд харилцан санал солилцож, зөвлөмж гаргах ажээ.
Түүнчлэн төслийн хүрээнд сумдын сургуулиудад хүлээлгэж өгсөн сургалтанд ашиглах материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийг ашиглан боловсруулсан сургалтын материал, шинэлэг арга зүйг танилцуулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн харуулах ажээ.
Мэдээлэл харилцааны технологийг хөдөөгийн боловсролыг боловсронгуй болгоход ашиглах нь (ИРЭМ) төсөл нь мэдээлэл, харилцааны технологийг ашиглан сургалтыг чанаржуулах, шинэ хэлбэрээр зохион байгуулах, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургуулийн удирдлагыг боловсронгуй болгох, сургууль олон нийтийн харилцааг сайжруулах, албан бус сургалтыг дэмжих зэргээр хөдөөгийн боловсролын шинэчлэлтийг дэмжих зорилготой төсөл юм байна.
Уг зорилгын хүрээнд багш нарын сургалт, заах аргыг сайжруулах, сурагч төвтэй сургалтын идэвхтэй орчинг бүрдүүлэх, сургуулийн удирдлага ба системийн тэгш байдал, үр ашиг, ил тод байдлыг дээшлүүлэх,албан бус сургалтыг орон нутгийн нөхцөлд тохируулан өндөр чанартайгаар явуулах боломжийг нэмэгдүүлэх, сургууль олон нийтийн харилцааг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Т.Оргил /olloo mn/