Танайх дундаж айл мөн үү
1990-ээд онд хойд хөршид шилжилтийн үеийн эдийн засгийн гүн хямралууд удаа дараа гарч, лангуу хоосорч байсан хатуу цагт ард олны дийлэнх өлсөж ядралгүй гарч ирснийг одоо цагт мөн л дундаж давхаргынхантай холбож ярьдаг. Орос өрх бүр тосгонд очиж өөрийн мэдлийн бага хэмжээний талбайд бүтэн жил идэх ногоо, жимсээ ургуулж хурааж хадгалж чаддагаар үүнийг тайлбарладаг.
Зах зээл хөгжсөн орнуудад яригддаг дундаж анги нь 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үед аж үйлдвэржилтийн сэргэн мандлын үр дүнд шинэ банкны эзэд, үйлдвэр худалдаа эрхлэгчид бий болсноор хөгжиж төлөвшсөн гэж үздэг.
Ийнхүүдундаж иргэн, дундаж амьжаргаатай өрх, дундаж анги гэсэн гурван тогтвортой ухагдахуун байгааг тэмдэглэх ёстой бөгөөд энэ гурвын харилцан хамаарал, агуулгыг нарийн нягт шинжлэх нь нийгмийн судлаачдын төдийгүй шийдвэр гаргагчид, улстөрчдөд нэн хамаааралтай асуудал болох билээ. Дундаж иргэний тухай ухагдахуун нь нөгөө хоёрын агуулгаар бүрэн тодорхойлогдчих боломжтой гэж үзэж болно. Дундаж өрхийн хувьд сүүлийн үед манайд төдийгүй нилээд улс оронд хийгдэж байгаа судалгаа болон сүүлийн үеийн төр, засгийн бодлогын чиглэлүүд ийм өрхүүдэд чиглэсэн хандлагатай болж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас, дэлхий нийтээр хийгдэж буй хүн амын тооллого, статистик бүртгэлийн үндсэн нэгж нь өрх айл болсоор байна. Эдийн засаг, улс төрийн шилжилт, хөдөлгөөний ноён нуруу, гол цөм болж байдаг дундаж ангийн тухай ухагдахуун нь барууны зах зээл хөгжсөн орнуудад их яригддаг бололтой юм билээ.
Энэ тэмдэглэлд дундаж амьжиргаатай өрхийн агуулгыг тодорхойлж, түүний гишүүд нь дундаж иргэн болдог, эдгээр иргэд нийгмийн дундаж давхаргыг үүсгэнэ гэсэн аядуу байр суурийг баримтлан хийсэн өөрийн бичил судалгаа, дүн шинжилгээний зах цухаас танилцуулахыг зорилоо. Магадгүй, өмнөх өгүүлбэрээр тодорхойлсон дундаж давхарга гэдэг барууны зах зээл хөгжсөн оронд яригддаг дундаж ангитай давхцах албагүй байж мэднэ. Гэхдээ бидний ухварлаж буйгаар бол дундаж анги нь дундаж давхаргадаа ядаж багтаж таарах буй заа.
Тухайн улс орны хөгжлийн төвшингөөс нийгэм, эдийн засгийн олон шинж хамаардгийн адил хүн амын дундаж хэсгийн байдал, тоо хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн ч бас тодорхой хамааралтай байдаг. Дундаж давхарга /цаашид дундаж амьжиргаатай өрхийг бүлгийнх хувьд ингэж нэрлэе/ бол нийгмийн янз бүрийн бүлгүүдийн нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн тодорхой нэгдэл мөн. Дундаж амьжиргаатай өрхийг зөвхөн хэрэглээ, эсвэл дундаж орлогоор нь бүрэн тодорхойлох боломжгүй юм.
Нийгмийн ядуу ба баян хэсгийн харьцаа, тэдний байр суурь аль хэр байгаа нь төдийлэн голлох үзүүлэлт биш бөгөөд харин хүн амд дундаж ангийн эзлэх хувь хэмжээ нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд тэдний оруулж буй орлогын хувь хэмжээтэй дүйцэж байх нь нийгмийн бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй юм. Дундаж давхаргынхан өөрийн зорилгоо илүүтэй ухамсарлаж, улс төрийн хэлээр тодорхойлж чадахын хамт тэр хэрээрээ нийгмийн ухамсрын хэв маяг, жишгийг бүрдүүлж байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад энэ давхаргыг бүрдүүлэгчид харьцангуй өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй, мэдлэг мэдээлэл сайтай байдаг тул хэрэглээний зах зээлийн бүтэц, мөн чанарыг тодорхойлдог нийгмийн гол хэсэг нь байдаг.
Тиймээс ч дундаж анги буюу өрхүүд нь бүхэлдээ тухайн улс төрийн эрх чөлөөний гол баталгаа болж байдаг ажээ.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн явцад дундаж амьжиргаатай өрхүүдийг бий болгох чиглэлээр тусгай арга хэмжээг бодлого болгон хэрэгжүүлж байгаагүй ч зарим нэг ахиц, дэмжлэг болохуйц үйл явц, өөрчлөлтүүд гарч байгаа билээ. Тухайлбал, өмч хувьчлал явагдаж, үнэт цаасны арилжаа, арилжааны банк, хадгаламж зээлийн болон бусад хоршоо зэрэг зах зээлийн шинэ бүтцүүд үүслээ. Түүнчлэн иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдснээр жижиг дунд үйлдвэрлэл олноор байгуулагдсан зэргийг дурдаж болох юм.
Гэсэн хэдий ч үндэсний эдийн засаг, үйлдвэрлэл нь импортоос хамааран хөгжиж ирсэн манай орны хувьд үйлдвэрлэл бүхэлдээ уналтад орсноор дундаж давхаргын төдийгүй бүхэлдээ хүн амын амьжиргааны төвшин эрс доройтох суурь болсон. Хувийн өмчгүй, өрхийн гол орлого нь бараг дан ганц цалин болж байсан манай орны хувьд хүн амын орлого эрс буурснаар нийгмийн ялгарал ихэсч, оюуны хамгаалалт муудах, нийгмийн уламжлалт шинж чанаруудын /боловсрол-мэргэжлийн зэрэг дэв-орлого-өөртөө итгэх итгэл/ гинжин холбоо алдагдах зэрэг дундаж давхаргыг сулруулах нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварууд ч гарчээ.
Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чиг баримжаа болгож буй өнөөгийн нөхцөлд улс орнынийгэм, эдийн засгийн суурь болж байдаг хүн амын доторхи дундаж давхаргын бүтэц, хөгжлийн төвшинг зөв тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулахдаа анхаарч үзэх нь чухал байна.
Монголд дундаж анги гэж хэнийг тооцох, түүнийг ямар шалгуураар илэрхийлэх, тэд нийгэмд ямар үүрэг оролцоотой байгаа, хэрхэн төлөвшиж байна вэ гэж тавигдсан асуултад 2003 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлсэн Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа төсөлд дунд орлогтныг тодорхойлох аргачлалын асуудлыг хариуцан оролцсны хувьд судалгааны үр дүнд тулгуурлан хариулахыг оролдъё. Уул судалгааг Улаанбаатар хот болон таван бүс нутгийг төлөөлүүлсэн таван аймагт нийт 2500 айл өрхийн 10500 хүнийг хамруулан явуулсан болно. Дундаж амьжиргаатай айл өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг илрүүлэхдээ дараахь шинж тэмдгүүдийг түлхүү анхаарсан. Үүнд
1. материаллаг нөөц орлогын төвшин, хуримтлалын хэмжээ, биет өмч хөрөнгийн байдал,
2. материаллаг бус нөөц боловсролын түвшин, мэргэжил, мэргэшлийн ба албан үүргийн байр байдал,
3. нийгэм дэх байр сууриа тодорхойлох байдал шилжилтийн үед эдийн засгийн хувьд тогтвортой байх, дасан зохицох чадвар, өөрийн үнэлэмж, амьдралын тав тухтай байдал зэрэг болно.
Орлого, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, боловсрол мэргэжил, дасан зохицох чадвар гэсэн үндсэн таван тодорхойлогчоор Улаанбаатар, аймгийн төвүүд, сумын төвүүд, малчид гэсэн дөрвөн ангиллаар судалгаа явуулж дундаж өрхийн бүтцийг илрүүлэхийг зорьсон бөгөөд түүний эзлэх хувь эдгээр дөрвөн ангилалд харьцангуй ялгаатай гарч байсан болно. Судалгаанаас үзэхэд дундаж орлоготой айл өрх нь Монголын нийгмийн 53-56 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ давхаргыг дотор нь чинээлэг, дунд, эмзэг гэсэн гурван хэсэгт авч үзэх боломжтой байна.
Дундаж давхаргын чинээлэг хэсэг Ийм айл өрх нь сарын тогтвортой орлоготой, үндсэн ажлаас гадна орлогын тодорхой эх үүсвэртэй, түүнийгээ нэмэгдүүлэх боломж сайтай, хуримтлалын хэмжээ нь орлогын 10 хувиас дээш байдаг байна. Өөрийн тохилог байр сууц, хашаа байшинтайгаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний цэг, эдэлбэр газар, амралт, сургууль, эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй. үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь хотод 30 саяас дээш, хөдөө орон нутагт 10 саяас дээш төгрөгөөр үнэлэгдэх жишээтэй байна. Харин хөдлөх хөрөнгийн хувьд хотод 40 саяас дээш, хөдөөд 10 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй байна.
Хот болон аймгийн төвд чинээлэгт тооцогдох айл өрхийн хоёроос дээш гишүүн нь дээд боловсролтой, удирдлагын дээд ба дунд шатны албан тушаал хашдаг, эсвэл хувийн хэвшилд дээд шатны алба эрхэлдэг ажээ. Түүнчлэн боловсрол болон эрүүл мэнддээ жилд 900 мянгаас 1,2 сая хүртэлх төгрөг зарцуулах чадвартай, мэдээлэл хүлээн авах олон сувагтай байдаг байна. Гэхдээ хот болон аймгийн төвийнхнөөс хөдөөгийн баг болон сумын төвийн чинээлэг өрхүүд материаллаг бус шинж тэмдгийн хувьд бага зэрэг ялгаатай байна. Тэд нийгэмдээ дасан зохицох чадвартай сайтай зэрэгцээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хариу үйлчлэл үзүүлж, мэдээллийг зохистой ашиглаж чаддаг болно.
Дунд хэсэг
Хот, сурингийн ийм өрхийн гишүүд нь цалин сайтай ажилтай, эсвэл боломжийн орлоготой хувийн жижиг бизнес эрхэлдэг, туслах аж ахуйтай, худалдаа наймаа, хүн ба ачаа тээвэрлэх үйлчилгээ явуулдаг, бага хэмжээний хуримтлал хийдэг. Хөдөөд бол орлогын гол эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд зарим нэг жижиг бизнес эрхлэдэг байна. үл хөдлөх хөрөнгийн хувьд орон сууцнаас гадна хашаа байшинтай, жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, цайны болон ногооны газартай, засварын болон үсчний газартай байх жишээтэй. үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь хөдөөд 2,5-5,0 сая, хотод 9,0 хүртэл сая төгрөг байна. Мал хөсөг болон унаа машин зэрэг 3-10 хүртэлх сая төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй айл өрхүүд дундаж давхаргын дунд хэсгийг бүрдүүлдэг дүр зураг ажиглагдлаа.
Харин боловсрол, мэргэжлийн хувьд өрхийн нэгээс дээш гишүүн нь дээд боловсролтой, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэнд, амралт сувилал, ойр зуурын хэрэгцээгээ хангах чадвартай зэрэгцээ аль нэг гишүүн нь удирдлагын аль нэг шатны ажил эрхэлдэг байна. Амьдралын нөхцөл байдал нь хэвийн, эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг танин мэдэх чадвартай, бусдаас бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулж амьдрал ахуйгаа авч явдаг ажээ.
Эмзэг хэсэг Энэ категорид хамаарах өрх нь бага зэргийн бизнес эрхэлдэг, сарын орлого нь хэрэглээндээ арай ядан хүрдэг, ихэвчлэн өрхийн гишүүдийн тэтгэвэр, цалингаар амьдардаг, ойр төрлийн хүмүүсээс тусламж дэмжлэг авах боломжтой юм. Жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг өрх байгаа ч цөөхөн хувийг эзэлж байна. Өөрийн орон байрнаас гадна хотод харьцангуй бага үнэтэй зуслангийн байшин, ногооны талбай, түргэн үйлчилгээний цэгтэй, хөдөөд бол хашаа саравч, худаг, зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй авч ийм хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь төдийлөн өндөргүй байна. Түүнчлэн хөдлөх хөрөнгө нь бага үнэлгээтэй.
Өрхийн гишүүдээс хэн нэг нь дээд боловсролтой юмуу, эсвэл тодорхой мэргэжилтэй, боловсролд бага ч гэсэн мөнгө зарцуулах сонирхол, чадвартай, эмнэлгийн үйлчилгээ, ахуйн хэрэгцээгээ дутмаг боловч хангадаг. Зах зээлд зохицох чадвар харьцангуй сулавтар, амьжиргааны төвшин дордох шалтгааныг ухаарч байвч эрсдлээс хамгаалах чадвараар сул, идэвх санаачилга муутай гэсэн ерөнхий дүр зураг ажиглагдлаа.
Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа-ны багийн мэдээллээс нэмэлт тайлбар, дүгнэлтгүйгээр оруулав.
/Инфо сонин/