Авто тээврийн үзлэгийг нэг хоногоор сунгалаа
Нийслэлд Авто тээврийн улсын үзлэг өнөөдрөөр дуусгавар болох ёстой байсан боловч авто тээврийн комисс өчигдөр хуралдаж нэг хоног сунгахаар болжээ. Авто тээврийн улсын үзлэгийн явцын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Х.Энхтайванаас тодруулсан юм.
-Авто тээврийн үзлэгт жолооч нар идэвхгүй оролцож байгаа болохоор нэг хугацааг нь хоногоор сунгалаа гэж ойлгож болох уу?
-Yгүй. өмнөх жилүүдтэй харицуулахад хэвийн хэмжээнд байна. Хамгийн сүүлд нэгтгэгдсэн тоогоор авто үзлэг 86 хувьтай байна. Мөн 2 тэрбум 300 сая төгрөг төвлөрсөн. Бид авто тээврийн үзлэг, оношлогооноос нийт 3 тэрбум 32 сая төгрөг орж ирнэ гэж төлөвлөсөн. Тийм болохоор өнөө маргааш нэмэгдэж 90 хувиас дээш гарах байх.
-Иргэд оношлогоо удаан хийдэг байж хугацааг нь давчуу төлөвлөсөн гэээд байгаа. Магадгүй дахиад сунгах уу?
-Жолооч нар авто тээврийн үзлэгийн хугацаа дуусах үед гэнэт ухаан орсон юм шиг бүгд зүтгэдэг. Тийм болохоор хаа хаанаа хүрэлцээгүй санагддаг байх л даа. Хугацааны хувьд дахин сунгахгүй. Авто тээврийн үзлэг хамрагдаагүй жолооч нар зургадугаар сарын 2-ноос эхлээд 100 метр газар ч явж чадахгүй. Мөн цаг, заваа гарздан байж татвар, даатгал, замын цагдаа гээд таван газрын хаалга татах болно гэдгийг жолооч нарт сануулах байна.
Ардын эрх сонин 106/384
Л.Төгсөө