Америкийн Их цагаан хэрэм
Хэдэн сая цагаачдыг Америкаас нутаг буцааж, таван жилээс илүү амьдарсан хүмүүсийг АНУ-д үлдэхийг зөвшөөрчээ.
Өнгөрсөн пүрэв гаригт Америкийн сенат олонхийн саналаар Цагаачдын хуулийн шинэ төслийг баталлаа. Хууль бусаар цагаачлагч нартай хийх тэмцлийг чангатгасан бөгөөд нөгөө талаас Америкт таваас илүү жил хууль бусаар амьдарсан гадныханд үлдэж болохоор хуульчлах боломж өгсөн шинэ хуулийн төлөө 62 сенатор санал өгч, 36 нь эсэргүүцжээ. Статистикийн мэдээгээр жилд зургаан сая мексикчууд хууль бусаар АНУ-д ирдгээс зөвхөн нэг саяыг л буцаадаг гэнэ.
Шинэ хуулиар хоёр орны хилийн дагуу хана босгоно. Тэр нь 600 ба 800 км-ын урт гурван эгнээ бетонон хана байх юм. Мөн зарим газраар төмөр тор татах ажээ. Хуулийн дагуу хил хамгаалалтад нэмэлт хүчин гаргана.
Нэгэнт Америкийн хилээр нэвтрээд ороод ирсэн хүмүүсийг гурав ангилах аж. 2-5 жил амьдарч буй хүмүүст түр хугацааны ажил хийх боломж олгох бөгөөд таван жилээс дээш ажиллагсад нь Америкийн иргэн болох боломжтой болох юм байна.
Гэхдээ сенатын баталсан хууль эцсийн хувилбар биш. Түүнийг Төлөөлөгчдийн танхимын /доод танхим/ санал болгосон илүү хатуу хувилбартай зохицуулан зөвшилцөх ёстой. Тэр хувилбар нь Мексиктэй хиллэх хилийг бэхлэх болон бүх цагаачдыг нутаг буцаахад чиглэжээ. Тэр хувилбараар тус оронд бичиг баримтгүй амьдарч байгаа гадаадынханд эрүүгийн хэрэг үүсгэхийг санал болгосон байна. Хэрэв хуулийн энэ хувилбар хэрэгжиж эхэлбэл тус оронд байгаа 11-12 сая цагаачид гэмт хэрэгтэн болох ажээ. Тэд хууль бусаар амьдарч байгаа хэдий ч нийтдээ бараг долоон тэрбум ам.долларын татвар төлдөг байна. Энэ хувилбар тавдугаар сарын эхээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч 1,5 сая хүн оролцсон томоохон жагсаал болж эдийн засгийн хүчирхэг хөшүүрэг болж чадсанаа харуулсан юм. Эсэргүүцэгчид нэг өдөр ажил сургууль, дэлгүүр хоршоо, зоогийн газраар орохгүй хориг эсэргүүцэл гаргахад цагаач барилгачид, асрагчид ихтэй Флорида муж ихээхэн хохирол амссан юм.
Испаничууд 37 хувийг нь эзэлдэг Хьюстонд энэ эсэргүүцэл хүндхэн тусч олон зуун дэлгүүр хоршоо, албан газрууд нэг өдрийн турш ажиллаж чадаагүй билээ. Yүнээс үүдэн сенат хуулийн төслийн хамгийн хатуу зүйл ангиудыг эргэн харахад хүрсэн юм.
Хуулийн арай аядуу хувилбарыг баригчид үнэлэхдээ бүх нийтийн өршөөл гэж нэрлэв. Гэсэн ч шинэ хууль энэ янзаараа хэрэгжиж эхэлбэл хууль бусаар цагаачлагч нарт хүндхэн цохилт болно. Америкт таван жилээс илүү амьдарсан хүмүүс ч өмнө төлөөгүй татварынхаа төлөө хамгийн доод хэмжээгээр 3250 ам.долларын торгууль төлөх бас дээр нь англи хэлний мэдлэгийн шалгалт өгөх болж байна. Yүнээс гадна цагдаагийнхан хүн тус бүрийг гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг нарийвчлан шалгах ажээ.
Ардын эрх сонин 106/384