АН-ын ҮЗХ-ныхон татвараа хэвээр баталлаа
АН-ын энэ хороо нийт 228 суудалтай байдаг бөгөөд жил бүр ротац явуулж бүрэлдэхүүнээ шинэчилж байдаг
. Нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдэд квотоор олгосон нь дотроо хэрүүл ам ихтэй байдаг ч ардчилалтай нам гэдгийг нь харуулдаг юм. Үүний дараа хэлэлцэх асуудалдаа орцгоов. АН-ын журмуудын төсөл гэсэн багц асуудалд Намын нэр, бэлгэдэл, далбаа, албан бичгийн хуудас, тамга, тэмдэг, гишүүний үнэмлэхийн загвар хэрэглэх журам-аас эхлээд намын байгууллага хурлаа хэрхэн зохион байгуулж явуулах тухай хүртэл арваад асуудлыг багтааж, чухамдаа журмыг үйлдвэрлэх шиг боллоо. Гишүүд зарим журамд анхааралтай хандаж байхад, заримыг нь урсгалаар нь явуулж байлаа.
Намын орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулах тусгай журам-ыг хэлэлцэхэд орон нутгаас сонгогдсон ҮЗХ-ны гишүүд идэвхтэй оролцож, асуудлыг нэлээд бодитой тавьж байв. Тэдний ярьснаас үзвэл, аймаг сумын намын дарга нар УИХ-д нэр дэвших горьдлоготой байдаг гэнэ. Гэтэл энэ журмаар сум, дүүрэг, аймгийн намын дарга нар УИХ-д нэр дэвшихгүй гэсэн заалт оруулж ирсэн нь намын тэргүүлэх боловсон хүчин намын ажлаас татгалзах болно гэх болгоомжлол төрүүлж байгааг хэллээ. Гэвч энэ заалт хэвээр батлагдлаа.
Тухайн шатны намын байгууллага аль нэг бүлэг, фракцын эрх ашигт үйлчлэхгүй гэснийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ухамсрын шинжтэй заалт гэж тодорхойлсны дагуу журмын заалтыг хассан юм. АН-ын гишүүн намд харьяалагдаж байгаагийнхаа хувьд жилд 1200 төгрөгийн татвар өгдөг бол сум, дүүрэг, аймаг, нийслэл, ҮЗХ-нд багтсаныхаа төлөө 60-500 мянган төгрөг төлдөг юм байна. Зарим гишүүн татвар бага байгаа нь гишүүд худалдагдах нөхцөл болж байна гэж үзээд багагүй хувиар нэмэхийг санал болгосон ч АН-ын гишүүд ч ядуу Монголын нэг хэсэг болохоор татвараа өсгөж чадсангүй хэвээр нь батлав. АН-ын санхүүжилтийн журам хуралд оролцогчдын анхаарлын төвд байж, цөөнгүй хүн санал бодлоо хэлж, асуулт хариулт болсны эцэст батлав. Намын дэргэдэх ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийн байгууллагыг адил тэгш хэмжээгээр санхүүжүүлнэ гэсэн заалт УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн эгдүүцлийг хүргэж, ҮЗХ-ны суудлын 30 хувийг эзэлсэн эмэгтэйчүүдийн байгууллагыг дорд үзлээ хэмээн гоморхож, АН-ын дэргэдэх олон нийтийн байгууллагыг төслөөр санхүүжүүлнэ гэсэн үг өгүүлбэрийг журамд суулгасаар, за боллоо хэмээн санаа нь амрав.
Хуралд оролцож байгаа намын үүр, хороодын дарга нар намаа бэхжүүлье гэвэл анхан шатнаасаа эхэлж, тэнд тодорхой хэмжээний санхүүжилт олгох ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Гэвч нийслэлийн 7-8 буудлын газарт байгаа хороодод өгч байхаар, 70-80 км-т байгаа орон нутгийн үүрүүдэд түлхүү өгөх нь зөв гэх олонхийн саналаар сумдад 30, дүүрэгт 20 хувийн санхүүжилт олгохоор тогтов. Энэ нь тухайн сум, дүүргийн АН-ын гишүүдийн татвар, төвөөс олгож байгаа санхүүжилтийн хувь юм.
Харин АН-ын гишүүний хариуцлагын журам дээр зөвхөн шагнах тухай л ярьцгаасан болохоос муу ажиллавал яаж хариуцлага тооцох талаар яригдсангүй. Тэртэй тэргүй хэн нэгний лоббигоор өгч авалцдаг Ардчиллын одон-гоо МСДН-ынх гэж гоочилж байх шиг. МоАХ-ноос шагналаа тусгаарламаар байна ч гэх шиг аар саар юм ярьсаар нэлээд хугацаа явсан. Харин Б.Дэлгэрмаа, МАХН-ынхан олон түмэнд лидерүүдээ таниулах зорилгоор жил бүр зохиодог Алтан сарнай шиг том арга хэмжээ зохиож баймаар юм гэсэн санал тавьсан бол Ц.Элбэгдорж дарга, жилд 9 хүн шалгаруулаад байвал хоёр жилийн дараа шилдэг хүнгүй болж Next Stop арга хэмжээ шиг болох вий гэж өөрсдийгөө доош нь хийсэн. Үүний дараа хэлэлцсэн журмууд автоматаар шуурч, ҮЗХ-ны гишүүдийн тал хувийн саналаар батлагдсаар дууслаа.
Эцэст нь, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Ардчилал-Чингисийн өртөөгөөр морин аялал-ын төслийг хэлэлцсэн. Төр засгаас их ойд зориулан явуулж байгаа арга хэмжээнүүдээс тусдаа АН-ын гэх тодотголтой ийм аяллыг ҮЗХ-нд шинээр орсон гишүүд эрхийнхээ дагуу санаачилсан байна. Төсөл ёсоор Улаанбаатараас гараагаа эхэлж 7600 км үргэлжлэх энэ морин аялал бүх аймгийг дайран өнгөрөх бөгөөд ирэх сарын 18-наас эхлэн гурван сар үргэлжлэх юм байна. Үүнд нийт 120 гаруй сая төгрөг шаардагдах гэнэ. Энэ ажлыг үр дүнтэй болгож, АН-ын имижээр бүрдүүлж төгс төгөлдөр арга хэмжээ болгохыг ҮЗХ-ны гишүүд намын нийт гишүүдэд хандан уриалж, хөрөнгө санхүүгийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулахаар ярилцаж шийдвэрлэлээ.
Ц.Элбэгдорж Бүх шатанд тулгарч байгаа асуудлыг шийдүүлэхийн төлөө АН ажиллах болно
АН-ын ҮЗХ-ны ээлжит хурлын завсарлагаар тус намын дарга Ц.Элбэгдоржтой уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Өнөөдөр хэлэлцсэн асуудлуудын ач холбогдлыг Та хэрхэн үнэлж байна вэ?
-АН-ын гишүүн ямар хариуцлагатай байх, намын анхан шатны байгууллага нь яаж ажиллах, улс төрийн сонгуультнууд нь хэрхэн ажиллах гээд 16 жилийн турш хуримтлуулсан туршлага байна. Үүн дээрээ үндэслэж үнэхээр ардчилсан намын үйл ажиллагаа дүрэм, тогтоосон хэм хэмжээгээр явдаг байхад чиглэсэн журмуудыг ярьж хэлэлцлээ. Үүгээрээ ач холбогдолтой.
-ҮЗХ-ны гишүүдийг батламжиллаа. Энэ тухайд юу хэлэх вэ?
-ҮЗХ-нд шинээр 71 гишүүн орж ирсэн. Ротациар ҮЗХ-нд хэнийг оруулах вэ гэдгийг намын анхан шатны байгууллагын гишүүд нь шийддэг. Нэг үгээр хэлбэл, хариуцлагын тогтолцоонд бүрэн шилжиж байгаа юм. Өмнө нь байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно. Ерөнхийдөө нам өргөжиж байна гэсэн үг.
-Хөдөө орон нутаг, иргэдэд хандсан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Бүх шатны байгууллага, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөд, тухайн сум, дүүрэг, хороо, багт тулгарч байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө явдаг улс төрийн хүчин нь АН байх болно.