МАХН Ашигт малтмалын тухай хуулиуд түүхий байна гэж дүгнэжээ
Засгийн газар, О.Энхсайхан агсан нарын гишүүд, мөн өөр долоон гишүүний санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай гурван хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.
МАХН-ын бүлгийн гишүүд дээрх гурван хуулийг нэгтгэж, нэг хууль болгох боломжгүй, хоорондоо зөрчилдөөд байх юм байна гэж хуралдаанаараа үзжээ. 1997 онд баталсан одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн том алдаа гэвэл ашиглалтын болон хайгуулын лицензийг хэт замбараагүйгээр олгох хөрс суурь болсон. Тэгвэл УИХ-д өргөн бариад буй Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийн аль нь ч замбараагүй лицензүүдийг цэгцлэх, мөн ямар лицензийг хүчинтэй хэвээр үлдээж алийг нь буцаах тухайд тодорхой гарцыг олоогүй байна гэж МАХН-ынхан үзсэн байна. Мөн стратегийн чанартай том ордыг төр мэдэлдээ авах, эсэх, тогтвортой байдлын гэрээг байгуулах хэрэгтэй эсэх зэрэг олон нийт, төрийн түшээдийн дунд ч маргаан тариад буй асуудлуудыг шийдэх боломж дээрх хуулийн төслүүдэд байхгүй байна гэж дүгнэсэн аж. Иймээс ажлын хэсгүүд хуулийн төсөл дээрээ сайтар ажиллах шаардлагатай байна гэж бүлэг шийдсэн байна. Мөн өчигдрийн хуралдаанаар Авилгалын эсрэг хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг даруй батлах хэрэгтэй байна гэж дүгнэжээ.
УИХ-ын зарим гишүүн САПУ ХХК-ийн татвар төлөх хугацааг хойшлуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаа. Бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч амжаагүй байна.