Дэлхийн аваргаас медаль авна гэж хэндээ найдах хэрэг вэ?
Харамсалтай нь эх орондоо болох гэж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид санасандаа хүрч оролцоно гэдэгт итгэхэд бэрх хэвээрээ. Энэ нь өнөө л менгө, санхүүгийн асуудалтай холбоотой гэж холбогдох хүмүүс тайлбарлах. Нэгдсэн бэлтгэлд гарлаа гэж ярихаас цаашгүй байсаар арай гэж сарын өмнө арван хэд хоног эхний бэлтгэлдээ гармар болсон.
Хоол унд муутай, бэлтгэлийн орчин тааруу байгааг нэг биш тамирчны амнаас сонссон болохоор Тэмцээн болохоор яана даа гэж харамсах бодол төрөх л юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчид дөнгөж өчигдөр л хоёр дахь шатны нэгдсэн бэлтгэлдээ гарчээ. Гадны ганц хоёр улсын тав, арван тамирчин ирэх долоо хоногоос ирэхийг эс тооцвол тэд өнөө л бахь байдгаараа Спортын төв ордонд тэмцээн болтол ноцолдоно.
Тэмцээн нь өөрөө оюутны дэлхийн аварга шалгаруулах гэдэг нэртэй учир гадны ч, манай ч баг бүрэлдэхүүний ихэнх хувийг харьцангуй залуу тамирчид эзлэх болов уу. Гэтэл туршлага багатай, гадны хүнтэй ховорхон гар зөрүүлсэн тэдгээр тамирчид хоорондоо барилдсаар хэдэн сарыг өнгөрөөх нь хэр үр дүнтэй байдгийг хэлэхэд бэрх л юм. Б.Наранбаатар, Ц.Энхжаргал гэсэн тэртэй. тэргүй дэлхийн аваргаас авдгаа авчихсан ганц хоёрхон тамирчныг урдаа баримааргүй байна. Тэднээс өөр, шинэ хүмүүс энэ тэмцээнээс цойлон гарч ирвэл Монгол улс өөрийн орондоо дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулсны хэрэг бүтмээр юм шиг.
Ашгүй гавьяат тамирчин Б.Наранбаатарыг ивээн тэтгэгчид нь БНСУ-д 14 хоногийн бэлтгэлд хамруулж байгаа сурагтай. Уг нь Б.Наранбаатар ганцаараа биш, энэ тэмцээнд оролцох гэж байгаа 27 хүн гадагшаа гарч ганц долоо хоног ч болов бэлтгэлд хамрагдсан бол аштай юу. Энэ байдлаараа бол дэлхийн аваргаас медаль авна гэж хэндээ найдах хэрэг вэ?
Ардын эрх сонин 106/384
Б.Бадмаа