Хадгаламж зээлийн хоршоодыг хазайсан дээр нь түлхээд хаях уу түшээд авах уу?!!
хүү өндөр, найрсаг уриалгахан, сайхан рекламтай гээд л есөн шид нь бүрдсэн газар байлаа. Энэ бол яах аргагүй хадгаламж зээлийн хоршоод.
Монголын тоотой хэдэн банкуудыг маань хүртэл айлгаж харилцагчдыг нь булааж *шүдний өвчин* нь болж багагүй сандаргаад авсан. Ямар сайндаа л Монгол банк хүртэл тэдний эсрэг мэдээлэл цацаж элдвээр оролдоод яаж ч чадахгүй байхав дээ.
Банкнаас их хөрөнгө мөнгө төвлөрүүлж чадсан тэрхүү ХЗХ –оод цомхон бас хурдтайгаараа давуу байж зах зээлийг эзлэж өсөн дэвжиж хот хөдөөгүй салбарууд нь нээгдэж байлаа. Мөн энэ хэрээр ХЗХ-дын тоо олширч өөр хоорондоо өрсөлдөж ил далд реклам сурталчилгаа нь ихсэж том том зүйл амлаж эгээ л шар бор сонинууд шиг болсон. Ийнхүү хүмүүсийг шуналыг хөдөлгөж мөнгөө хадгалаад л хүүгээр нь л саятан болоод зогсохгүй дээр нь машин хожоод л янзтай гэсэн бодол тархинд нь харвуулсан. Эцэст нь энэхүү *шунал* нь цус харвуулна гэж тэд яаж мэдэх вэ дээ.
Гэтэл нэг л өглөө шил шилээ даран дээрээсээ захаасаа өнөөх мундаг сайхан найдвартай итгэлтэй баян нүнжигтэй мөнгийг бол бараг л үйлдвэрлэдэг гээд байсан ХЗХ-нууд маань дампуураад эхлэв.
Энэ үед л хүмүүс ёстой жинхэнэ бурханд л найдах үлдэж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон. Нэг ХЗХ гэхэд л эгэл иргэдийн хөлс хүчээ урсган байж цуглуулсан 14 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэсэн мэт алга болгосон байх юм. Зарим нэг хохирогчдын нус нулимстайгаа хутгалдан ярихыг сонсоход бүр элэг эмтрэм инээд хүрмээр ч юм шиг. Гадаадад ажилладаг гурван хүүхдийнхээ 8 жилийн хөдөлмөрлөж олсон хэдэн цаасыг ээж нь тэрхүү дампуурсан ХЗХ нд хийгээд юу ч үгүй болж одоо яанаа гэж толгойгоо шааж сууна.
Бүр байр машинаа зараад жилийн дотор овоо хэдэн цаас болгож өсгөөд авчих санаатай хадгалуулаад юу ч үгүй үлдэж яахаа мэдэхээ больсон хүн ч байна…
Гэхдээ энд бүх ХЗХ-оог хамруулж ойлгож болохгүй. Учир нь энд сайн үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ бол зөндөө бий гэдгийг дурдах хэрэгтэй.
*Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино* гэдгийн үлгэрээр дампуурсан хэд нь бусад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ХЗХ-доо хөлдөө чирэх нь бололтой.
Хэдхэн нөхдийн хариуцлагагүй үйлдэл хэдэх ХЗХ –ны дампуурал нь ХЗХ бол муу найдваргүй гэсэн хар тамгыг бүгдэнд дарж ард түмнийг айлгаж орхив. Тэгээд л харилцагчид нь ихээр мөнгөө татаж эхэлж байгаа сурагтай. Үнэндээ ХЗХ нь гишүүнийхээ мөнгийг нь аваад цейфэнд хадгалж байдаг газар биш харин эргэлтэнд оруулж, ашигтай бизнест хийж өсгөөд эргүүлээд гишүүддээ хүүтэй нь олгодог аж. Өөрөөр хэлбэл нэг ширхэг тариан буудайг нь авч тодорхой хугацаанд тарьж ургуулж үржүүлээд эргүүлээд хэдэн ширхэг болгоод өгдөг юмсанж.
Гэтэл бөөн бөөн хүн нэгэн зэрэг мөнгөө авлаа гээд ороод ирэхэд тэд дампуурахаас өөр замгүй болох нь дамжиггүй. Ийм ч учраас ХЗХ-оодын хувьд үнэндээ хүнд үе тулгарч ёстой нөгөө хоолойд нь хутга тулгаснаас ялгаагүй байдалд байна.
Yүнийг даван туулах арга гэвэл тус хоршооны гишүүд мөнгөө өсгөх гэж итгэж өгсөн л бол одоо юуны туханд хүрэлгүй давхиж очоод л мөнгөө авах гээд л урт дараалал үүсгэж дайрч давшилж зүтгэх бус тэвчээртэй хүлээж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг нь олгох явдал аж. Өөрөөр хэлбэр өөрсдөө дампууруулахгүй байх хэрэгтэй юм.
Хэдэн ХЗХ-ын дампуурлууд нь одоо араасаа хэдэн зуун ч дампуурлыг дагуулж мэдэхээр нийгмийг доргиожээ.
Хамгийн гол нь энэ үеийг ХЗХ –нууд болон гишүүд хамтдаа итгэл сэтгэл зүтгэлээр даван гарах нь чухал.
Мөн дээрх дампуурлууд хуулийн дагуу нээлттэй шударга үйл ажиллагаа явуулахгүй бол ямар байдалд хүрч болохын том сургамж дохоиг ХЗХ-дод өглөө. Аливаа бизнес гэдэг ямар амархан нурж болохыг бас нийгмийн сэтгэлзүй нэг доргивол ямар аюултай, хичнээн олон хэрэглэгчээ алдаж улмаар хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байгууллага хүртэл ганхаж бүр нуран унаж болох хатуу үнэнийг үзүүлэв.
Мөн энд нэгэн зүйл цухас дурдахад ХЗХ-ын энэ хэцүү хүнд байгаа цаг үеэр нь *чоно борооноор* гэдэгчлэн хууль хяналт татварынхан гээд л элдэв шалгалт шантааж гаарч дээсэн дөрөөн дээр байгаа тэднийг савлуулж өгч байгаа сурагтай.
Анханаасаа л хууль хяналтын байгууллагууд нь ажлаа сайн хийж авилгал хээл хахуулиар хөөцөлддөггүй байсан бол хариуцлагагүй этгээдүүдийн хуульгүй дураараа дургисны гайгаар хаанаас ийм олон жирийн иргэд хохирож билээ дээ.
Yүнд төр засаг холбогдох хууль хяналт татварын байгууллагууд хохирогчдын өмнө хариуцлага хүлээх ёстой мэт санагдана. Гэтэл одоо *ниргэсэн хойно нь хашгирна* гэгчээр нөгөө муу үлдсэн хэдэн ХЗХ-ыг хэдэн талаас нь *ноолж тасдан идэж* эхэлсэн бололтой. Гэнэт ухаа орж ажлаа хийж эхэлсэн татварынхан гэхэд л ХЗХ-ын хамаг юмыг онгичин элдэв жижиг өө хайн өчнөөн саяар нь акт бичиж төдөн саяг өгвөл тохиролцож болох юм гэж байцаагч нар нь даналзаж дарамталж байна гэх яриа гадуур их байна. Энэ нь дээр хэлсэнчлэн чоно борооноор гэдэг л юм даа.
Холбогдох байгууллагууд нь үйл ажиллагаагаа хэвийн хуулийн дагуу явуулж байгаа ХЗХ-ыг нь харин ч дампууруулчихгүйн тулд санаа тавьж тусалж дэмжиж ажиллах ёстой байтал өөнтөг эрж сая саяар торгууль акт тавьж хахууль нэхэж хазайсан нь дээр нь түлхэж байгаа нь тоогүй…
Угтаа тэрхүү торгож хурааж байгаа хэдэн цаас нь нөгөө л мөнгөө хадгалуулсан гишүүн эгэл иргэний хэдэн бор юм байгаа нь дамжиггүй. Энэ талаар ХЗХ-д болон гишүүдээс нь гадна жирийн иргэд хүртэл бухимдан ярилцацгааж байна.
Мөн эцэст нь хэлэхэд дампуурлаа зарласан Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны 14 тэрбумийн хэрэгт төр засгийн нэр бүхий томчууд Монгол банкны албан тушаалтнууд хүртэл хуруу гараа дүрсэн үрэлцсэн явдал илэрч байгаа тухай гадуур шивэр авир ярилцах болсон. Гэхдээ үүнийг хууль хяналтынхан дээрээсээ даруулаад нүдээ аниад чихээ бөглөөд өнгөрөхгүй бол тогтоож олон түмэнд ил болгох биз гэж найдана.
Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Ямарваа нэгэн хувийн бизнест төр засаг албан тушаалтнууд оролцож жонхуу хутгадаг явдал манайд хэвийн үзэгдэл болсоны нэг жишээ энэ ч байж мэдэх.
Та бүхнээс асууя?
-Эрх мэдэлтэн албан тушаалтангууд ямбыг нь эдэлж ялыг нь ард түмэн үүрсээр байх уу?!!
-ХЗХ-ыг хазайсан дээр нь түшээд авах уу түлхээд хаях уу?
/Болод.М/