Хурдан морь унаач хүүхдийн үндэсний чуулганы санал, зөвлөмж
Сүүлийн жилүүдэд морин уралдаан нь аль ч улиралд зохион байгуулагдаж, хэлбэр агуулга нь өргөжин тэлж байна. Үүнтэй уялдан хурдан морины уралдааны явцад хүүхдийн эрхийг хангах тухай асуудал тавигдах болов.
Хурдан морины уралдааныг зохицуулах, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор зарим арга хэмжээг авч байгаа нь сайшаалтай ч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох аливаа илрэлийг арилгах, морин уралдааныг улам боловсронгуй болгох нь нэн чухал асуудал хэвээр байна.
Морин уралдааны явцад хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэх бодлого боловсруулж, системтэй арга хэмээг авч хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, хурдан морины уралдааны холбоод, уяачдыг хамруулсан Хурдан морь унаач хүүхдийн Үндэсний чуулган-ыг зохион байгуулав. Энэхүү чуулганаас хурдан морины уралдааныг үндэсний уламжлалтайгаа зөв хослуулан хөгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс дараахь санал зөвлөмжийг гаргаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭРГҮҮЛСЭН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛААР ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Нэг. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТАЛААР
1. Хурдан морины уралдааныг зохицуулж буй хууль, эрх зүйн өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж, Хурдан морины уралдааныг зохион байгуулах тухай хуулийн төсөл шинээр боловсруулах
2. Аливаа морин уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг, тэдний хяналтын дор зохион байгуулдаг журамд шилжүүлэх
3. Хурдан морины уралдааныг зохицуулсан хууль, эрх зүйн актыг чанд мөрдөх, хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах
4. Хурдан морь унаач хүүхдийн даатгалын тогтолцоог сайжруулах, нөхөн олгох үйлчилгээг боловсронгуй болгоход даатгалын байгууллага, даатгуулагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
Хоёр. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ОЛОН НИЙТ, ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХОЛБООДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР
1. Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа хүүхдийн эрхийг хамгаалах болон хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хангах үүднээс хүүхдийн эрхийн ажилтныг тодорхой чиг үүрэгтэйгээр оролцуулдаг байх
2. Хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гараа, уралдааны замын нөхцөл байдалд онцгой анхаарч, урьдчилан шалгаж, аюул осол гарахаас сэргийлэх арга хэмжээг авах
3. Хурдан морь унах хүүхдийн ур чадвар, эрүүл мэндэд онцгой анхаарч, эрсдэл гарч болзошгүй тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзах, уралдааны өмнө унаач хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх, 7 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахыг хатуу хориглох
4. Хурдан морины уралдаанд бэлтгэх, зохион байгуулах явцад хүүхдэд хүч хэрэглэх, хатуу ширүүн харьцахыг хориглох, тэднийг шийтгэхгүй байх
5. Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор уралдааны зам, хүүхдийн хамгаалах хэрэгслийн үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх, хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх үүсгэл санаачлагыг төрөөс дэмжих
6. Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хууль заасан болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдахаас бусад /бооцоот, хүйтний улирлын гэх мэт/ морин уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх
Гурав. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
1. Морин уралдаан зохион байгуулж үл болох байгаль, цаг уурын нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв тогтоох
2. Хурдан морины уралдааны үед ажиллах хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний журам, стандартыг боловсруулан гаргаж, уралдааны явцад хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авсан тохиолдол бүрийг судлах, бүртгэлийн нэгдсэн загвар гаргаж хөтлөх, мэдээллийн тогтолцоог бий болгох
3. Хурдан морь унаач хүүхдэд болзошгүй аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж, зохих хамгаалах хэрэгсэл хэрэглэж, аюулгүйн арга барилд суралцуулж байх, уралдааны бэлтгэлийн үеэр текникийн зөвлөлгөө хийдэг болгох
4. Хурдан морь унаач хүүхдийн ур чадварыг дээшлүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулж, гарын авлага, сургалтын материалыг боловсруулж түгээх
Дөрөв. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ТАЛААР
1. Хүүхдээр морь унуулахдаа албан ёсны асран хамгаалагчаас зөвшөөрөл заавал авч, хүүхдийн өөрийн санаа бодлыг хүндэтгэж, хүчээр морь унуулахаас татгалздаг байх
2. Хүүхдээрээ морь унуулах зөвшөөрөл олгохдоо хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах баталгааг анхаарч, хүүхдийн оролцоог үнэлж урьдчилан тохиролцох, хүүхдийн бодол санааг хүндэтгэх, өөрийн үзэл бодлыг тулган шаардахгүй байх
3. Хурдан морь унаач хүүхдийн үндэсний спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, цол, хэргэм олгох, шагнах журмыг боловсруулан мөрдүүлэх
4. Хурдан морь унаач хүүхдүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх, оролцоогоо хангах байгууллагатай байх
Энэхүү санал зөвлөмжийг хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авна гэдэгт чуулганд оролцогчид итгэж байна.
ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД
Улаанбаатар хот 2006 оны тавдугаар сарын 4