Г.Баасан дахиад л хөгшдөө дагуулаад саарал ордон уруу дайрлаа
Цуглаанд Миний Монголын газар шороо хөдөлгөөн Монголын ногоон намын гишүүд дэмжигчид оролцсон. Мөн САПУ, Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-ны хохирогчид ч нэгдсэн байлаа. Энд Улсын Их хурлын гишүүн, Үйлдвэр Худалдааны сайд Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай нарыг шүүмжилсэн хатуу үг нэлээд сонсогдов.
Цуглаанд оролцогсод ашигт малтмалын орд газрын ашиглалтын болон хайгуулын лицензийг гадныханд зүгээр шахам өгч үндэсний баялгаа цөлмүүлж байгааг хайр найргүй шүүмжилж байв. Талбай хавиар өнгөрч явсан жирийн иргэд энэ жагсаал цуглааныг төдийлөн тоохгүй өнгөрч харагдсан. Магадгүй энэ хаврын турш их жанжны талбайг эзэгнэсэн өлсгөлөн жагсаал цуглаанаас хүмүүс залхаж гүйцсэн байж мэднэ. Харин үдээс хойш 15 цагийн орчим Чөлөөт ахмадын холбооныхон бага оврын ачааны машинтайгаа ордны ард ирж хамгаалалтын цагдаа нарыг нэлээд сандаргав. Тэд бөөн бөөнөөрөө цагдаа нарыг бүчин авч мөрдөс болон малгайг нь авч шидэх, хувцасыг нь урж тасдах зэргээр аашилж, бүр цаашлаад ордон руу орохоор дайрч үзсэн. Тэднийг Г.Баасан манлайлж байсан юм. Ордон руу орох гол шалтгаанаа тэд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргэж өгнө хэмээн тайлбарлаж байсан. 17 цаг 30 минутын орчим саарал ордны шуудан холбооны ажилтнууд Г.Баасанг баруун хаалган дээр дуудаж шаардах бичгийг нь хүлээн авч цааш нь дамжуулж өгөх болсноор байдал түр намжив. Тэд шаардах бичгийнхээ хариуг хүлээнэ хэмээн ярьж байсан боловч үдээс хойшдоо ширүүн бороо орж жагсагчид хүссэн хүсээгүй тарахаас өөр аргагүй боллоо.
2006.05.30 Монголын мэдээ