Ерөнхий сайд гамшигийн эсрэг хамтран ажиллахыг уриаллаа
Тэрээр хэлсэн үгэндээ, бид бүхэнд ган, зуд, гал түймэр, хүчтэй салхи, шуурга, ой хээрийн түймэр, үер усны аюул, газар хөдлөлт, малын болон хүний гоц халдварт өвчин зэрэг гамшиг тохиолдохоос гадна дэлхий нийтийг хамарсан цаг уурын дулаарал, байгаль орчны бохирдол, элэгдэл, ДОХ, шувууны томуу өвчин гэх мэт хамрах хүрээ, учруулах хохирол ихтэй аюулууд нүүрлэж байна. Гамшгийн улмаас хүний амь нас үрэгдэж, эдийн засагт учрах хохирол нэмэгдэж ирсэн хандлага нь манай улс орны тогтвортой хөгжлийн бодлого, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна гээд гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагаа нь их хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан ажил бөгөөд энэ нь Засгийн газрын анхаарлын төвд байнга байдгийг онцоллоо. Гэвч гамшгийн аюулыг бууруулах цогц үйл ажиллагаанд зарцуулж буй хөрөнгө мөнгө нь илүүдэл зардал огтхон ч биш гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, бидний өөрсөддөө, хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ, энэ утгаараа улс орныхоо хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэж томъёолов.
Түүнчлэн Ерөнхий сайд, гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагааг үр дүнтэй болгох суурь нөхцөл бол шуурхай, боловсронгуй, аль болох эрт зарлан түгээсэн зөв мэдээлэл, гамшгийн үеийн оновчтой, үр өгөөжтэй зохион байгуулалт, ард түмэн гэнэтийн аюулаас өөрийгөө хамгаалах чадвар эзэмшихэд нь чиглүүлсэн сургалт болохыг нэрлэн дурдлаа. Мөн, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, түүнийг удирдан чиглүүлэх асуудлыг уялдуулах, холбогдох байгууллагын хүчин чадавхийг нэмэгдүүлэх, менежментийг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг тэмдэглэсэн юм.
Эцэст нь Ерөнхий сайд гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагааг үр дүнд хүргэх гол түлхүүр нь бид бүхний өндөр үр өгөөжтэй хамтын ажиллагаа, идэвхитэй, эрх тэгш оролцоо тул төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн болон шинжлэх ухааны байгууллагууд, нийт иргэд, Нэгдсэн Їндэстний байгууллага, түүний суурин төлөөлөгчийн газар болон бүс нутгийн механизм болгоныг идэвхитэй ашиглаж хамтран ажиллахыг уриалав.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ