ХАДГАЛАМЖ БАНК нэг л биш ээ
Одоогоор УМБГ арав гаруй хадгаламж зээлийн хоршоог шалгаж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөх магадлалтай гэдгийг хэлж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр иргэдийн итгэлийг эвдсэн бас нэгэн явдал гарав. Энэ нь төрийн өмчийн ганц банк болох Хадгаламж банкинд халдсан явдал байв. Чингэлтэй дүүргийн нутагт орших тус банкны дөрөвдүгээр салбарт 25-26-нд шилжих шөнийн үүрээр дохиоллыг нь салган цонхных нь гадна талын төмөр хамгаалалтыг хооронд нь холбож зай гаргаад вакум цонхыг хөшиж дотогш нэвтэрсэн явдал гарлаа. Уг халдлагыг 16-17 насны хүүхдүүд урьдаас судалж байгаад үйлдсэн нь тогтоогдсон. Тэд энэ хэргийг үйлдэх үедээ 500 мянган төгрөгийн үнэтэй дижитал аппаратыг 400 гаруй мянган төгрөгийн хамт хулгайлсан байсан. Хэдийгээр энэ хэргийг цаг алдалгүй илрүүлсэн гэх боловч төрийн өмчийн ганц банкинд ийм явдал гарсан нь иргэдийн банк санхүүгийнхэнд итгэх итгэлийг бүрэн алдагдуулсан явдал боллоо.