Их ойг их эв нэгдлийн жил болгоё
Коммунист дэглэмийн үед хүн ам өсч Европын соёл орж ирсэн сайн тал бий боловч 70 гаруй жилийн коммунист үзэл суртлын нөлөөнд гүнзгий автаж тэжээвэр сэтгэлгээтэй болсон.
Өндөр хөгжилтэй орнуудын ард түмэн шашны нөлөөнд орох нь жилээс жилд эрс буурч шашнууд хямралд ороод байгаа үед азаар коммунист үзэл суртал дампуурч, хуучин социалист системийн орнуудад коммунист үзэл суртлын хоосон орон зайн дээр шашны урсгал чиглэлүүд дахин хүчтэй цэцэглэж байна. Хуучин коммунист системд бэлтгэгдсэн намын үзэл суртлын мянга мянган ажилтнууд шашины зүтгэлтнүүд болон хувирч байгаа нь тэд хуучин ажлаа хийж байгаа юм шиг хялбар ажээ. Францын Croix сэтгүүлд бичсэнээр, манайд ч 1990 оноос МАХН буддизмын нэг урсгал болох Нагаржунайн онолоор Соц-Интернд элсэх хүртлээ нэг хэсэг явсан. Учир нь коммунизмд хүрэх, шамбалын оронд очих нь аль аль нь бэлэнчлэх үзэл, мөрөөдөмтгий мухар сүсэгтнүүдийг дагуулдаг. Андрей Сахаровын нэрэмжит нийгмийн мэдээллийн төвөөс Будущие без коммунизма, Коммунизм-раковая опухоль человечества гэсэн нэртэйгээр нийгмийн оюун санаанд учруулсан хор уршгийг арилгахад чиглэсэн олон жилийн урт хугацаатай програм хэрэгжүүлж байна. Манайд ч гэсэн ийм програм хэрэгжүүлж хуучин сэтгэлгээг өөрчлөхөд нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Юу хийвэл сэтгэлгээний хоцрогдолоос ангижирч хөгжил дэвшилд хурдан хүрэх вэ.
Чингис хааныг мянганы суут хүнээр тодруулсан, НҮБ-гаас Чингис хааны байгуулсан нэгдсэн тулгар төрийн 800 жилийн их ойг тэмдэглэх шийдвэр гарсан нь тохиолдлын зүйл биш юм.
Өнгөрөгч мянган жилийн суут хүн Чингис хааны даяарчлал, лебералч-лалын үзэл санаа ирэх мянганы манай гаригийн хөгжил дэвшил, эв нэгдэл, хамтын ажиллагааны чиг баримжаа болж байгаад 800 жилийн ойн гол агуулга ач холбогдол оршино. Монгол орныг коммунизмын дагуул байсан хөгжих гэж ядаж байгаа улс гэдгийг НҮБ болон Монголд ирэх улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд мэдэх учир зочид төлөөлөгчдийг ирэхэд байдгаараа л байцгаая л даа, сандраад байх хэрэггүй. Харин гаднаа хэлбэрдэхийн оронд бид улс орноороо коммунист сэтгэлгээнээс бүрэн ангижирчихлаа. Тэр агуулгын илэрхийлэл нь бид бусдаас хамааралгүй сэтгэж чаддаг болсон, үүний нотолгоо нь улсын нийслэлээ өмнө нь коммунист хувьсгалын бэлгэдэл Улаанбаатар байсан одоо үндэсний сэргэн мандлын бэлгэдэл Чингис хаан хот гэж нэрлэсэн. Одоо улс орноо хөгжүүлэхэд бидэнд ямар ч саад байхгүй. Төв Азийн цээжин дээр байдаг мянганы хүн Чингисийн төрсөн нутаг болох Монголын уудам тал нутагт XXI зууны том том төслийг хэрэгжүүлцгээе. Глобалчлалын өнөө үед олон улсын терроризмийн эсрэг энх тайвны, банк санхүүгийн, хууль эрх зүйн, худалдаа хөрөнгө оруулалтын, байгаль экологийн, шинжлэх ухаан соёлын төвүүдийг Монголд байгуулъя гэсэн саналыг тавихад яагаад болохгүй гэж.
Өндөр хөгжилтэй орнууд мянганы хүн Чингис түүний байгуулсан улсын 800 жилийн ойг хэлбэр талаас нь биш агуулга талаас нь асар их зүйлийг сэдэж санаачилж тэр нь тухайн улс орнуудын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулах алс хэтийг харсан ажлуудыг төрийн бодлогоор цаг алдалгүй хийцгээж байна.
Би дахин хэлье. Аливаа юм агуулгатай байдаг. Одоо Чингис хааны нэрийг согтууруулах ундаа, бууз хуушуур, зочид буудал, их ойг угтаж зочдыг угтан авч үдэн гаргадаг үйлчилгээний байгууллага болох Буянт-Ухаагийн онгоцны буудал зэргийг нэрлэчихсэн байх юм. Ингэж нэрлэсэн агуулгыг нь би бодоод бодоод ойлгосонгүй их эзэн хаанаа уугаад, идээд, ор хөнжилд нь унтаад, их эзэн хаанаар үйлчлүүлээд байгааг төр анхаарч, хууль зарлиг гаргах эрхийг нь уг нь ард түмэн бид сонголтоороо өгчихсөн л дөө. Чингис хаан найман зууны тэртээ олон овог аймгийг нэгтгэн Монголын тулгар төрийг байгуулаад үр хойчдоо
Төө биеэ элэгдтэл
Төмөр дөрөө сэтэртэл
Зовж хураасан улсыг минь
Жанжид хөвгүүд минь сахиж яваарай
Шүлсээр би унд хийж
Шүдний махаар би хоол хийж
Хэцээр би дэр хийж
Хээрээр би гэр хийж
Хурааж цуглуулсан улсыг минь
Хумиж хамгаалж яваарай
Алд бие минь алдарвал алдраг
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улсын минь эрч бүү алдартугай гэж захиж гэрээсэлсэн агуулгыг ухааран болгоосон бол зөвхөн Монгол Улсын гал голомт нийслэлээс өөр юуг ч их эзэн Чингис хааны нэрээр нэрлэх учиргүй санагдах юм.
800 жилийн түүхт ойг тохиолдуулан төрөөс дараахь арга хэмжээг авах нь монголчуудын сэтгэл оюуны сэргэн мандалтад тус нэмэртэй гэж үзэж байна.
1. Их Монгол Улсын гал голомт нийслэлийг монголчуудын нэрийн хуудас болсон Чингис хаанаар, хотын төв талбай нь Мянганы хүний талбай (Men of Millennium) гэж өргөмжлөн нэрлэх.
2. Чингис хааны нэрийг хэрхэн хэрэглэх талаар төрийн хүндэтгэлийн тухай хуультай болох.
3. Манжийн болон коммунизмын үзэл суртлын нөлөөллөөс Монголын ард түмний оюун санаанд учруулсан хор уршгийг арилгахад чиглэсэн үе шаттай төслүүдийг хэрэгжүүлэх.
4. Чингис хаан төрд хамгийн үнэ цэнтэй зүйл бол чин шударга түшээд хэмээн үзэж байсныг өнөөгийн төрд шууд ажил хэрэг болгон авах, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх талаар 800 жилийн ойгоор шудрага бусыг цээрлүүлж төрийг ариутган цэвэрлэх
5. Аливаа шашин болоод үзэл сурталд төрөөс монополь эрх тогтоодоггүй байсан, ийм учраас өнөөдөр Монголд аль нэг шашинд монополь эрх өгөхгүй байх,
6. Чингис хаан өөр өөр шашинтай, өөр өөр зан заншилтай, овог аймгуудын төлөөлөл болсон есөн өрлөгийг төр барих үйл ажиллагаанд тэнцүү оролцуулж байсны жишгээр авилгалын анхдагч шалтгаан, өөр хоорондоо шөргөөцөлдөх болсон нутгийн зөвлөлүүдийг тараах, нутгархах жалгархах явдлыг таслан зогсоож, нэгдсэн нэг Монголын төлөө бүх монголчуудын сэтгэлгээг нэгтгэх, төрийн албаны болон төрийн өмчийн компаниуд нутгийн төлөөллүүдийг алагчилгүй квот тогтоон оролцуулах, төрийн эрхэнд санаархагч албан тушаал эдийн засгийн бүлэглэлүүдээс төрийг цэвэр ариун байлгах талаар ой угтсан ажлын хүрээнд төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгүүдийг Үндэсний oлон нийтийн телевиз болон бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж 800 жилийн ойн хүрээнд иргэдийг гомдоосон, чирэгдүүлсэн, хохироосон, хуурсан төрийн түшээ түшмэлүүдийг зайлуулж, төрийг цэвэр ариун болгох асуудлыг ойн хүрээнд шийдвэрлэж дуусгах.
Чингис хаан архийг хавтгайруулан хэрэглэхийн эсрэг зарлиг, захиас гаргаж байсныг санаж архинаас бусад үндэсний үйлдвэрлэлүүдийг хөгжих эрх зүйн бүх орчинг бүрдүүлж архи согтууруулах ундааны үйлдвэрлэл цэцэглэж Монголын ард түмнийг архинд живүүлж байгааг таслан зогсоох.
Монголчуудын оюун сэтгэлгээнд их сэргэлт өөрчлөлт болохоор дорвитой арга хэмжээг мөнгө заралгүйгээр ийнхүү төрийн оновчтой шийдвэрээр шийдвэрлэж болно.
Өөр өөр шашин шүтлэгтэй олон овог аймгийг нэгтгэн, нэгдсэн Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг тохиолдуулан төрийн хүндэтгэлийн тухай хууль гаргаж улсынхаа нийслэлийг Чингис хаан хэмээн өргөмжлөн нэрлэх аваас аар cаархан сандал суудлын шөргөөлцөөн хийгээд, оюун сэтгэлгээний цар хүрээний үнэ цэнийг ухаарч монгол түмний их сэргэн мандалтын алтан од та бидний магнайд гийх нь лавтай.
УИХ-ын гишүүн асан, Эв нэгдэл иргэний хяналт төрийн бус байгууллагын тэргүүн Д.ЭНХТАЙВАН