Ерөнхий сайд Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Зарим гишүүд дээрх хуулийг санаачилсныг мэдээд Засгийн газраас нэн даруй нөөц ашигласны төлбөрийг боловсруулалтын төвшинтэй уялдуулан харилцан адилгүй тогтоох хувилбараар хуулийн төсөл боловсруулсан боловч УИХ уг төслийг хэлэлцэлгүйгээр Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсанд харамсч байна. Гэвч УИХ хууль батлан гаргасан л бол Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ хуулийн талаар нийгэмд болон парламентад олон янзын үзэл санаа гарч байгаа. Үйл явц хэрхэн өрнөхийг хүлээзнэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд М.Энхболд өчигдөр Их Британи-Австралийн хамтарсан уул уурхайн Рио Тинто компанийн хайгуул судалгаа, зэсийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал, ноён Том Албаниз, бүс нутгийн асуудал эрхэлсэн захирал Тим Мүүди, тус компанийн Монгол дахь салбарын захирал Эндрю Катбертсон нарыг хүлээн авч уулзахдаа дурдлаа. Ноён Том Албаниз Монголын ашигт малтмалын салбарын татварын орчин хүндэрч байгаа нь хөрөнгө оруулалтыг багасгахаас аргагүй байдлыг бий болгож буй тухай хөндсөний хариуд Ерөнхий сайд Засгийн газрын байр суурийг ийнхүү илэрхийлсэн юм.
Рио Тинто бол зэс, нүүрсний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд ордог компани бөгөөд манай улсад өнгөрсөн аравдугаар сард салбараа нээсэн билээ. Түүнээс хойш 100 гаруй монгол ажилчдыг авч ажиллуулж байгаагийн зэрэгцээ саяхнаас геологийн чиглэлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг олгох хөтөлбөрөө эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд нэг оюутныг Англи улсад дипломын дараахь сургалтад хамруулахаар сонгон шалгаруулаад байгаа ажээ.