Ахыг нь дайрсан доромжлол дүүд нь давтагдаж байна
Гэхдээ энэ нь шинэ үзэгдэл огтоос биш, түүнийг ахыгаа залгамжлан улс төрд хэл тавиад удаагүй байхаас, Иргэний зориг намыг үүсгэн байгуулсан цагаас гоочилж оролдож эхэлсэн юм. С.Зориг агсны хувьд 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэгцэн элдэв муу үгийн бай болсон. Цагаан морин жилийн хавар ардчиллын удирдагч Ц.Элбэгдорж, Э-Бат-Үүл, С.Зориг нарыг харааж занасан захидлыг тэдний нэр дээр тухайн үед үүсч байсан нэгэн хөдөлгөөнөөс илгээжээ.
Тэр бузар үгсийн цуглуулга болсон захидлыг олон мянган хүн цугларсан жагсаал дээр Ц.Элбэгдорж уншиж сонсгосон гэдэг юм. Тэр дундаас С.Зориг агсан руу чиглэсэн үгийг сонсохоос нуруу руу хүйт оргим. Та нарыг ална, хядна гэчхээд Оросын эрлийз С.Зоригийн ногоон нүдийг ухна гэж бичжээ. Монголчууд хэнэггүй хойно, тэр үгээс тэгтлээ ч цочирсонгүй. Тухайн үед оросуудад талгүй болж байсан монголчуудын сэтгэлд оросын эрлийз гэдэг үг хөндий сонсогдсон юм байлгүй.
Жагсаалын дараа С.Зориг агсныг гэртээ харьж явахыг нэг нөхөр нь цонхоороо харжээ. Тэрээр гав ганцаараа, цочирдож эмээсэн янзтай тал тал тийш сэртэлзэн хүнсний 20 дугаар дэлгүүрийн өмнөх замаар гарч явсан гэдэг. Тийм булай үгсийг сонссон хүн яаж тайван явах вэ. Тэгэхэд С.Зориг агсан одоогийн памперстай гэж өхөөрдүүлдэг нялх гишүүдээс ч залуухан, 28 нас л шүргэж явсан шүү дээ.
Парламентын гишүүн болоод удаа ч үгүй байхад нь Төрийн ордны цонхоор морь харсан гэж шуугицгаав. Өндөр настай ээжийг нь утсаар байнга дарамталж, Эрлийз хүүхдээ аваад зайлаарай. Танай хүү үхчихсэн байна гэхчлэн дайрч доромжилдог байж. Бусдын гарт амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө ч энэ үйлдэл давтагдсан байдаг. Тэгэхэд С.Зориг агсан Тайван бай даа. Тэгж л байдаг шүү дээ хэмээн ээжийгээ тайвшруулж байжээ. Дайралт, гүтгэлэг лавширсаар эцэст нь түүний амийг хэрцгийгээр авч одоод долоон жил илүү боллоо.
Одоо түүний төрсөн дүү, ажил үйлсийг нь залгамжлан УИХ-д орж ирсэн эрхэм гишүүн С.Оюун дээр энэ байдал давтагдаж байна. С.Оюун гишүүнийг талиигаач ахынхаа авсан авилгын 300 мянган ам.долларыг гудсан доогуураа хийгээд идэж байдаг, Залуучуудын соёлын төвийн дэргэд байр бариулсан, Фортуна Н.Батбаяраас дөрвөн өрөө байр авсан гэхчлэн гүжир гүтгэлэг цуварсан. Адилхан эмэгтэй гишүүн Д.Арвин С.Оюун гишүүнтэй харш жилтэй юм шиг байнга нүд үзүүрлэнэ. Чадалтай эмэгтэй бол эрчүүдтэй өрсөлдөөд гараад ирдэг юм. Харин С.Оюун ахынхаа бэлэн суудал дээр суусан. С.Оюун дандаа бусдаар өрөвдүүлж, эрхэлж дээшээ дэвшдэг хэмээн загнадаг Д.Арвин гишүүн сүүлдээ түүнийг эрлийз хурлийзаар нь дуудаж, Монголын төрийн хэрэг чамд падгүй хэмээн доромжилдог болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж ч Монголчууд асуудлаа шийдчихнэ. Монголын төрийн асуудал чам шиг эрлийзэд хамаагүй ч гэх шиг. Хэдхэн сарын өмнө Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулдаг шөнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол эмэгтэй бол тавчээртэй байдаг юм. С.Оюун их эмоцтой. Цус холилдсон болохоороо тэгдэг юм уу, хаашаа юм гэж омогдсон. Эрх биш дипломат алба хашиж явсан хүн тулдаа сүүлд нь уучлалт гуйна лээ. Харин А.Цанжид гишүүний хувьд бүр дор. Ахмад хүний хувьд анхааруулахад гэж үгээ эхлээд С.Оюун чи хэдхэн хоногийн өмнө манайхантай уулзаад Ардчилсан намыг муулж байсан. Одоо Ардчилсан намынхантай нийлээд бидний эсрэг явж байна.
Өвөрт нь орчихоод чиний хөнжил муухай үнэртэй байна гээд нөгөө тийш гүйгээд байж таарахгүй шүү хэмээн доромжилчхоод юу ч болоогүй юм шиг өнгөрсөн. Эмэгтэй хүн тийм үг сонсоход ямар байх нь ойлгомжтой. Үүний дараа Ц.Дамиран гишүүнээр шар толгойтой юмнууд манай хүмүүсийг илж талснаараа дуудуулж, Б.Эрдэнэбат сайдад ч эрлийзээрээ хэлүүлээд авсан.
Түүнийг залгаад Б.Жаргалсайхан сайдын АНУ-аас дуулж ирсэн С.Оюун гишүүний авилгын хэрэг дуулиан тарив. С.Оюун гишүүн хоёр удаагийн үйлдлээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 400 мянган ам.доллар идэж нөхрийнхөө эзэмшдэг Мөнгөн агт компанийг хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нуусан гэнэ. Ц.Элбэгдорж, С.Оюун нарын хийсэн хэргийг нууж олны анхаарлыг өөр тийш татахын тулд Иргэний зориг намынхан Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж Сонгуулийн ерөнхий хороотой тэмцсэн юм байх. Эцэст нь С.Оюун гишүүнийг нас барсан гэх дуулиан дэгдээгээд амжлаа. Гурван ой ч хүрээгүй нялх хүүг нь өнчрүүлээд С.Оюун гишүүнийг өөд болгох нь хэнд хэрэгтэй юм бол. Ахыг нь гоочилж байсан этгээдүүд дүүг нь хэзээ болтол дарамтлах юм бэ?
(Ардын эрх сонин 107/385)
Д.ЦЭЦЭГ