УУЛ УУРХАЙН КОМПАНИУД зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа
Тэгвэл саяхан Алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн хууль баталж, уул уурхай тэр дундаа дотоодын уул уурхайн салбарынханд хүндээр туссан хууль батлав. Энэ талаар Гацуурт ХХК-ийн захирал Л.ЧИНБАТТАЙ ярилцсан юм.
-Алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн хууль батлагдаж уул уурхайнхан тэр дундаа дотоодын уул уурхайн салбарынхныг нэлээд бухимдуулаад байна. Энэ хууль та бүхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ хууль бидэнд маш хүндээр тусч байна. Уул уурхайн салбар гэдэг өөрөө асар их хөрөнгө оруулалт шаарддаг салбар.
-Барагцаалбал хэдий хэр хэмжээний хөрөнгө шаардагддаг вэ?
-Асар их мөнгө шаардагддаг. Яахав, Улаанбаатарт 500 ч бай, 5000 ч бай доллартай бол ямар ч бизнес хийж болно. Харин уул уурхайн салбарт хагас сая долларгүй бол ямар ч үйл ажиллагаа явахгүй. Зөвхөн нэг шинэ трактор авлаа гэхэд 400-500 мянган ам.доллар гээд бод доо. Гэтэл арай гэж авсан нөгөө техник өөр газарт хайгуул судалгаа хийхээр тохирохгүй. Дахиад л шинэ техник авах хэрэгтэй болдог.
-Өөр газарт судалгаа хийхээр техник тохирохгүй гэлээ. Бас ашиглаж байгаа техник хэрэгсэл өөр өөр байдаг хэрэг үү?
-Тийм гэж болно. Газрын хөрс гэдэг өөр өөр бүтэцтэй байдаг. Хайгуул хийж байгаа зарим газар намаг шавар, чулуу, бүр мөнхийн цэвдэгтэй газар хүртэл таардаг. Мөнхийн цэвдэгтэй газрын хөрсийг хууллаа гэхэд доод тал нь 450-500 морины хүч чадалтай трактор байх ёстой.
-Гэхдээ энэ гаргасан зардлаа түргэн хугацаанд нөхөж олдог гэсэн шүү дээ?
-Уул уурхайн салбар гэдэг ойрын 10 жилийн хугацаанд хийх ажлаа төлөвлөж байж хийдэг ажил. Учир нь бид өнөөдөр нэг газар хайгуул хийгээд түүнээсээ бага зэрэг ашиг оллоо гэхэд нөгөө ашгийнхаа 10-20 заримдаа 50 хувийг нь хүртэл дараагийнхаа хайгуулд зарцуулдаг.
-Яагаад?
-Бид дараа дараагийнхаа ордыг олохгүй л бол зовж оруулсан хөрөнгө оруулалт маань юу ч үгүй болно гэсэн үг. Үүнийг энгийнээр тайлбарлавал надад гурван жилийн ажиллах нөөц байна гэж бодъё. Тэгвэл би дараагийнхаа хайгуул хийх газартаа олсон ашгийнхаа 10 хувийг нь л зарцуулна. Харин нэг жилийн дараа гэхэд ямар ч ашиглах нөөцгүй бол олсон бүх ашгаа дараагийнхаа хайгуулд зарцуулна гээд бод.
-Иргэдийн дунд, Монголын газрын хөрсөн дор байгаа бүх баялаг бидний өмч учраас бид хүртэх эрхтэй гэсэн ойлголт байдаг?
-Газрын доорхи баялгаасаа ард түмэн хүртэж л байгаа шүү дээ. Энд алдаатай бодлого байж болох юм. Тэр нь бид олсон орлогынхоо 7.5 хувийг улсын төсөвт өгдөг. Харин тухайн орон нутагтаа ус ашигласны төлбөр л гэж өгдөг. Энэ мөнгө нь тухайн орон нутагт ямар ч үлдэцгүй байгаагаас иргэд ийнхүү бухимддаг байх. Уг нь нөөц ашигласны төлбөр гээд орон нутагт нь орлогынхоо 2.5 хувийг төлдөг байсан. Үүнийг болиулчихсан.
-Бас нөхөн сэргээлт огт хийдэггүй гэдэг?
-Энэ манай уул уурхайн гол алдаа байгаа гэж болно. Мэдээж нөхөн сэргээлт хийгдээгүй овоолсон шороо хүний нүдэнд их эвгүй тусдаг л даа. Гэхдээ нөхөн сэргээлт хийдэг газрууд байгаа шүү дээ. Үүнийг дэвэргэж бизнес хийн нэр хүндээ өсгөх гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Өнөөдөр монголчуудын 30 хувь нь эндээс хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Уул уурхайн салбар үнэхээр ашигтай болоод та бүхнийг ингэж үхэн хатан тэмцээд байна гээд байгаа?
-Одоо ажиллаж байгаа хүмүүс чинь мэргэжлийнхээ дагуу л энэ салбарт орсон. Манайд өмнө нь алтны уурхай гэж байгаагүй. Одоогоос 10-аад жилийн өмнө алт хөтөлбөр гэж гарч ирээд уурхайн үндэс суурь тавигдсан. Социализмын үед ганцхан оросын компаниуд л алт ухдаг байсан. Гэтэл өнөөдөр бага багаар дэвшиж явсаар арай гэж дотоодын компаниуд нь алт олборлох хэмжээнд хүрч байхад ийм байдалд орчихлоо. Үүнээс гадна өөр их зардал гардаг гэдгийг хэлмээр байна.
-Тухайлбал?
-Бид ямар ч дэд бүтэц хөгжөөгүй, алслагдсан газар хайгуул хийдэг. Үүнд их мөнгө ордог. Бас шатахуун техник гээд. Гэтэл жил ирэх бүр юмны үнэ өсөөд байна. Энэ өсөөд байгаа инфляцыг уул уурхайн салбарынхан хөөж гүйцэхгүй л байна. Мөн манай компанийн хувьд 600 гаруй ажилтантай. Үнэндээ ажилчид маань цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Харин уул уурхайн компаниудын хувьд зээлээс зээлийн хооронд арайхийн урьд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх зарчмаар л явж байна.
-Зээл авахад хүндрэлтэй зүйл бий юу?
-Бидэнд нэг давуу зүйл бий, тэр нь хөрөнгө оруулалттай болохоор бид ч зээл авчихдаг. Харин жижиг компанийн хувьд энэ асуудал их хүнд. Хамгийн багаар бодоход дор хаяж нэг тэрбум төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Ийм л хүнд нөхцөлд ажиллаж байтал алтны үнэ бага зэрэг өслөө. Ёстой л нөгөө хонгилын үзүүрт гэрэл гарлаа гэсэн чинь Алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн хууль гээд баталчих юм.
-Танай компанийн хувьд хайгуул хийх газраа яаж сонгож авдаг вэ?
-Компанийн тухайд социализмын үед эдийн засгийн ямар ч үр ашиггүй гээд судлаад орхисон газар олборлолт хийж байна. Манай компанийн хувьд 50 лицензтэй. Энэ лицензээ хэдийд яаж ашиглах вэ гэдэг төлөвлөчихсөн байтал ийм хууль гарчихлаа. Энэ хууль нэг ёсондоо монгол хүн уурхай эрхэлж болохгүй гээд огтлоод хаячихсан хууль боллоо. Энэ хууль гарснаар арай гэж хөл дээрээ тогтож байсан уул уурхайн компаниуд алга болно. Оронд нь нөгөө байгалийг орвонгоор эргүүлээд байгаа гар аргаар алт олборлогч, зохион байгуулалттай орж ирсэн хятадууд л үлдэх байх.