Ц. Мөнхзул олимпийн эрхтэй болоход 0.2-хон оноо дутжээ
Германы Мюнхен хотноо энэ сарын 21-28-ны өдрүүдэд үргэлжилсэн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид нэг алтан медальтай ирсэн билээ. Хийн болон спорт гар бууны төрөлд олимпийн эрх олгодог дээрх тэмцээнд 74 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгалд 590 онож алтан медалийн болзол хангасан юм. Тэрээр олимпийн рекорд болох 590 оноог зургаа дахиа үзүүлж байгаа бөгөөд дэлхийн цомоос тав дахь түрүүгээ авсан нь энэ юм. Италийн тамирчин энэ төрөлд олимпийн эрх авсан байна. Харин Бээжингийн олимпийн наадмын эхний хоёр эрхийг гартаа оруулаад байгаа манай буудлагынхан энэ удаа дахин нэг эрх өвөртлөх боломжтой байсан ч 0,2 оноо дутсанаас олимпийн эрхээ алджээ. Хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн Макаогийн Азийн наадмын аварга Ц.Мөнхзул үндсэн буудлагадаа түрүүлж явсан хэдий ч финалд тааруу буудаж, долдугаар байрт шалгарснаар дээрх боломжоо алдсан байна.
Дэлхийн цомын тэмцээнд спорт болон хийн гар бууны төрөлд эхний байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгодог бөгөөд энэ удаагийн тэмцээний хийн гар бууны төрөлд эхний таван байрт шалгарсан тамирчид аль хэдийн олимпийн эрхээ өвөртөлсөн байсан учир Герман улсаас хүрэлцэн ирсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр зургадугаар байр эзэлснээр Бээжин-2008-ыг зорих визтэй болжээ.
Тэрээр энэ төрөлд оролцсон 102 тамирчнаас ганцаар олимпийн эрх хүртэх болзол хангахдаа 388 оносон бол долдугаар байр эзэлсэн Ц.Мөнхзул 386 оноо авчээ. Мэргэн буучид ирэх долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 5-ны хооронд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дээрх тэмцээнээс төрөл тус бүрт эхний дөрвөн тамирчинд олимпийн эрх олгох учир буудлагын спортынхон дахин эрхтэй болно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
Ардын эрх сонин 107/385