Архи дарсны тухай дахин өгүүлэхэд
Өвс ургамлын ханд, биологийн идэвхит бодис агуулсан архи нь спиртийн хор нөлөөнөөс хамгаалж, архинд донтохоос сэргийлдэг нь нотлогджээ.
Гадаадын орнуудын туршлагаас үзэхэд согтоох чадвар бага буюу этилийн спирт бага хэмжээгээр агуулсан дарс, ликёр, пивоны үйлдвэрлэл, хэрэглээг чөлөөтэй болгож градус өндөртэй архины талаар төрөөс хатуу чанга хяналттай ажилладаг байна.
Польш, Орос, Хятад, Герман, Франц, АНУ зэрэг 14 орны архинд хэрэглэдэг спиртийн стандарт үзүүлэлт, манайд импортоор орж ирдэг архи дарс пивоны 50-иад нэр төрлийн бүтээгдэхүүнд мэргэжилтнүүд өөрийн орны ижил төстэй бүтээгдэхүүнүүдэд харьцуулан шинжилгээ хийгээд манай бүтээгдэхүүн илүү сайн буюу архи дарсанд агуулагддаг металийн спиртийн агууламж бага байсан нь тогтоогдсон байна. Энэ нь сүүлийн жилүүдэд манай орны архи, пиво, дарс үйлдвэрлэх үйл ажиллагаа сайжирсан, технологийн дэвшлийг ашиглах болсон, дарс ликёр, архинд зарим үйлдвэрүүд сайн чанарын спирт хэрэглэдэг болсонтой холбоотой. Сайны хажуугаар саар гэгчээр хувь хүн, зарим үйлдвэрийн газрууд гар аргаар маш муу спирт ашиглан хорт чанар ихтэй архи үйлдвэрлэн хямд үнээр зарж, хэрэглэгчдийг хордуулж байгаа нь харамсалтай. Уг хортой хямд архийг бидний хэлж заншсан архичид төдийгүй Орлогогүй баячууд гэгдэх оюутан залуус маань хэрэглэж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд архины 184, спиртын 200 орчим, дарс, шар айргийн 50 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагийн 60 орчим хувь нь нийслэлд байдаг. Судалгаанаас харахад импортоор 2001 онд согтууруулах ундаа 11.3 сая литр орж ирсэн бол 2005 онд 8.9 сая литр болтлоо буурсан байна. Үүнээс үзэхэд манайхан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ихэссэн байна. Энэ нь нэг талаас үндэсний үйлдвэрлэлд итгэх итгэл нэмэгдсэн, нөгөө талаас гадаадаас орж ирсэн бүтээгдэхүүний үнэ өндөр, хадгалалт удаантай холбоотой.
Архины чанарын судалгааны 1997 оны дүнгээс харахад зөрчилтэй дээжийн 73.2 хувь нь этилийн спиртээс 20 дахин илүү хорт чанартай сувсны тос, 75.4 хувийг зүрхний булчин болон бусад эрхтэнд хортой нөлөө үзүүлж, булчин сулруулах, нүдний хараа муутгах, тэжээлийн тогтолцоонд өөрчлөлт оруулах альдегид зэргийн хэмжээ хэтэрсэн ноцтой тохиолдол эзэлж байв. Сүүлийн хоёр жилийн байдлаар 190 орчим дээжид судалгаа хийхэд спиртлэг бүтээгдэхүүнд агуулагдах сувсны тос 10 хувь, альдегид 14 хувь гарсан нь өмнөх үеийнхээс чанар, эрүүл ахуйн үүднээс сайжирсан нь харагдаж байна. Энэ бол ахиц боловч гар аргаар архи үйлдвэрлэдэг болон зарим нэг жижиг үйлдвэрийн газрууд муу спиртээр үйлдвэрлэсээр л байгаа. Гадаадын орнуудад спирт болон архины үйлдвэрлэлт, борлуулалтын хяналтыг төрөөс тавихдаа орж байгаа түүхий эд болон гарч байгаа бүтээгдэхүүн нь баталгаатай мөн тоолуурын системд холбогдсон байдаг. Гарсан спирт төвлөрсөн агуулахад лац ломботой, улсын мэдэлд хадгалаж байх бөгөөд үйлдвэр аж ахуйн нэгжид хуваарилан тараадаг байна.
Манайд тоолуурын системийг энд тэнд байрлуулсан ч бүх үйлдвэрийн газрууддаа суулгаж чадаагүй л байна. Уудгийг нь зогсоож чадахгүй юм чинь ядаж эрүүл, аюул багатай бүтээгдэхүүнээр хангачихвал зүгээр л юм.