Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хуулчилна
Энэ өдрийг баяр гэхээсээ илүү хүүхдийн төлөө юу хийж бүтээснээ дүгнэж цэгнэдэг, цаашид хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар бодлого, зорилтууд дэвшүүлэн тавьж хэрэгжүүлэх тухайгаа хэлэлцдэг уламжлалтай гэж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга М.Энхболд тус Їндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдааныг нээхдээ хэллээ. Тэрээр төр, олон нийтийн анхаарлын төвд байвал зохих чухал асуудлын нэг нь хайр халамж илүү ихээр шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, хамгаалал гэдгийг онцолж, мөн нийгмийн амьдралд гарч байгаа өөрчлөлтийн зарим сөрөг нөлөө хүүхдийн эрхийг хөндөж байгаагийн нэг нь хурдан морь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, амьдралын аюулгүй орчны тухай асуудал болохыг дурдан Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцлээ.
Хамтдаа хөгжицгөөе хүүхдийн Үндэсний чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хэлэлцээд Сэргээн засах, Тэгш боломж олгох, Ядуурлыг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны дэд хөтөлбөр баталсныг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл сайшаан дэмжлээ. Уг дэд хөтөлбөрт яам болон холбогдох газрын саналыг авч зургадугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхсайханд үүрэг болгов.
Мөн, НҮБ-ын Хүүхдийн эрхийн Хорооны 39 дүгээр чуулганаас Хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улсад өгсөн дүгнэлт зөвлөмж болон Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөр, Хурдан морь унаач хүүхдийн Үндэсний чуулганаас гаргасан санал зөвлөмжийг үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж мөн ирэх сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Шадар сайд М.Энхсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүн Л.Одончимэд, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Су.Батболд нарт даалгалаа