Ерөнхий сайд бүх хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ
МЭНДЧИЛГЭЭ
Хайрт хүүхдүүд ээ,
Хүндэт эцэг, эхчүүд ээ,
Хүүхдийн хайр хүндэтгэл хүлээсэн зорилго нэгтэй анд нөхөд өө!
Та бүхэнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эзэн Чингисийн үр сад хэмээн овоглож, эх орноороо бахархсан Монгол Улс хүүхдийн өлгий нутаг байж, газар бүр хүүхдийн дуу цангинаж, багачуудын орчинд баясгалант царай гэрэлтэж байдгаараа гойд ялгардаг.
Тэр ч утгаараа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиож, хүүхдийн баярын өдрөө Их Монголын хүүхдүүд хамтдаа тэмдэглэж байна.
Төр, засаг улс орныхоо хөгжлийн баттай тулгуур нь өв тэгш хүмүүжилтэй, өндөр боловсролтой, уламжлалт зан заншлаа мэддэг, чадварлаг, ажилсаг залуу үе маань гэж үзэж тэдний төлөө бүхнээ зориулж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр тэгш хангахад анхаарч хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болно.
Хүүхэд улс гэрийн хувь заяа, ирээдүйн болон өнөөдрийн дүр зураг төдийгүй юугаар ч сольшгүй үнэт баялаг, үндэсний алтан нөөц, нийгмийн бүтээгдэхүүн билээ. Тийм учраас хүүхдэд хайхрамжгүй, тоомжиргүй хандсан цаг мөч, орон зай, хэн нэгэн хүн, ямар нэгэн үйл ажиллагаа бүхэн эх орон, улс нийгэмд, хүн ардад гай чирч болзошгүйг бид хэзээ ч мөртөх эрхгүй юм.
Өнөөдөр хүүхдийн баярын өдөр. Хүүхдээ зөвхөн энэ дөрийн турш анхаарлынхаа төвд байлгаж, баярлуулаад хожмын өдрүүдэд мартах бус, хүүхэдтэйгээ чин сэтгэлээ хуваалцан, цаашид ч энэ өрийнх шиг хайр халамж, урмын үгээ харамгүй зориулахыг эцэг, эхчүүд Та бүхэнд хичээнгүйлэн хүсье.
Эцэг эхчүүд ээ!
Энэ өдөр болон өдөр бүхэн хүүхдийн хамгийн баяртай цаг мөчүүд байх болно гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдүүд ээ!
Та бүхний төлөө гэсэн насанд хүрэгчдийн итгэл, чармайлтыг бодитоор хүлээн авч, эх орныхоо үнэт иргэн болон төлөвшихөд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай.
Хүүхдийн инээд, баяр хөөр цангинасан Хүүхдэд ээлтэй Монгол орон байхын төлөө хамтран ажиллацгаая!
Монгол улсын Ерөнхий сайд
Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөлийн дарга
М.Энхболд