Эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлдэг
-Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийг та дэмжиж байна уу? -Засгийн газраас Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийг гаргасныг би дэмжиж байна. 1978 онд анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Алма-Атагийн тунхаглалыг гаргасан. 2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх ёстой гэсэн үзэл баримтлалтай тунхаглал бөгөөд эрүүлийг хамгаалах салбарт цоо шинээр орж ирсэн. Тухайн үед диспансерын хяналт гэж байсан. өвчнөөс аль болох урьдчилан сэргийлдэг, эрт үед нь илрүүлж хяналтад авдгаараа онцлог. Энэ системийг социализмын үед хэрэглэж ирсэн.
-Таныг энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан гэж дуулсан?
-Тийм л дээ. Тэр үед манайх хэсгийн тогтолцоотой байсан. Хүмүүсийг аль болохоор эмчийн үзлэгт хамруулах гэж хүн амыг дотор нь бүлэг болгодог. Тухайлбал, эрүүл хүн урьдчилан сэргийлэх ажилд хамрагддаг. Эсвэл өвдөх эрсдэлтэй хүний өвчлөлийг бууруулах ёстой. Нэг хэсэг өвчтэй хүн байвал тэднийг дотор нь гурав хуваана. Ингэхдээ өвчтэй боловч эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаагүй, хагас болон бүрэн алдагдсан гэж ангилдаг. Тэгээд түүнд тохирсон үйлчилгээ үзүүлдэг. үүнийг эрүүл мэндийн бүлэг гэж нэрлэдэг. Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийн гол ажил нь өвчнийг илрүүлэх юм байна. Тэр концепцоор явбал эмч үзсэн бүх хүнээ гурав хуваах ёстой. Ингэж хуваахын тулд ганцхан эмч бүх өвчтөнг үзээд ангилах ямар ч боломжгүй.
-Тэгвэл яах ёстой вэ?
-Шигшүүр арга хэрэглэх ёстой. Шигшүүр шинжилгээ, асуумж явуулж болдог. Дээрх аргуудыг хэрэглээд биед нь ямар ч өөрчлөлт ороогүй хүмүүсийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэггүй.
-Яагаад?
-Зардал хэмнэхийн тулд бүх хүнд өртөг өндөртэй шинжилгээ хийдэггүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь өөрөө их үнэтэй тусламж байдаг. Тухайлбал, эхлээд 1000 хүн өрхийн болон хэсгийн эмчийн үзлэгт орно. Тэндээс шигшээд 200-500 хүн хоёр дахь шатны үзлэгт ордог. Гурав дахь шатандаа ирэхээр өвчтөний тоо 100 болж буурдаг. Ингэхээр зардал их хэмнэдэг. Бүх хүн амыг үе шатаар нь үзлэгт хамруулах боломжтой.
-Мэргэжлийн, энэ салбарын эрдэмтэн хүний хувьд шинэ хөтөлбөрт шүүмжлэлтэй байр сууринаас хандвал?
-Хөтөлбөрт 15-аас дээш насны хүнийг хамруулна гэж байгаа нь дутагдалтай. Томчуудын өвчнийг илрүүлж, эмчлэх нь л дээ. өөр хөтөлбөрт тусгасан зүйлтэй давхардсан юм бий. Манайд хоёр төрлийн үндэсний хөтөлбөр байдаг. үүнээс өмнөх, огцорсон Засгийн газар баталсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр л дөө. ДЭМБ-аас стратеги гаргаад гишүүн орнууд дээр өгүүлсэн шиг хөтөлбөртэй бол гэсэн. үүнд зүрх судас, чихрийн шижин, хорт хавдраас сэргийлэх, тэмцэх талаар тусгасан. Нөгөө нь Халдварт өвчинтэй тэмцэх хөтөлбөр юм. Энэ хоёр хөтөлбөртэй Эрүүл монгол хүн үндэсний хөтөлбөрийг уялдуулж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдийг энэ хөтөлбөрт хамруулахгүй нь бодлогын алдаа. Аргагүй биз. Манай салбарт гүн гүнзгий орж, ажиллаж ирсэн хүн энэ Засгийн газарт байхгүй учраас тэр.
-Яагаад ингэж хэлэх болов?
-Насанд хүрэгчдийн суурь өвчний 70 орчим хувь нь хүүхэд насанд бий болсон байдаг гэж ДЭМБ үздэг. Эрүүл зан үйлийг багаас нь төлөвшүүлдэг. Зөв хооллодог, сэтгэл санаагаа зөв удирддаг. Бэлгийн зөв хүмүүжил, боловсролыг хүүхэд байхдаа олж авдаг. Тэгэхээр тэр чухал насыг алгасч байгаа нь үр дүн багатай.
Энэ мэт эргэж хармаар юм байна. Шинэ ажил алдаа, оноотой л байдаг. Орон нутагт нүүдлийн амбулатори бий. Жил бүр эмч нарын баг гаргаад мал төллөх, хадлан тариалангийн үеэр сум, багаа тойроод үзлэг хийдэг. үүнтэй давхардуулахгүй хөтөлбөрөө үргэлжлүүлэх хэрэгтэй.
-Эрүүл монгол хүн-ийг бий болгохын тулд тухайн хүн эрүүл мэндийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Би хамгийн түрүүнд ямар өвчин тусах магадлалтай вэ. үүнээс хэрхэн сэргийлэх. Ямар нэг өвчин эмгэгийн шинж илэрвэл эрүүл мэндийн тусламж авчихдаг байх. Эмнэлэгт хэвтэхэд чанартай тусламж үзүүлдэг, архагшиж, дахихаас сэргийлдэг. өвчин нь хүндэрснийхээ дараа бүх бурууг эмнэлэг, эмч, эрүүл мэндийн салбар, цаашлаад төр засаг руугаа түлхээд, хамааруулаад байдаггүй сэтгэлгээг бий болгоё л доо. Холбогдох газрууд эмнэлгийн тусламжийг хэрэгтэй цагт нь үзүүлдэг. Ингэвэл энэ хөтөлбөр илүү үр дүнтэй, Эрүүл монгол хүн-тэй болно.
-Яг ийм үзлэгийг олон жилийн өмнө хийдэг байсан гэсэн?
-Би эрдмийн зэрэг хамгаалахаар Хөвсгөл аймгийн төв, Цагаан-Уул сумаар явж ийм үзлэг хийж байсан. Ийм тохиолдолд цаг хугацаа их хэрэгтэй. Нэг суманд бараг долоо хонож байж ажлаа дуусгана. үзлэгийн дараа анагаах эм нь тэнд байх ёстой. Эмч нар нь өвчтөндөө хяналт тавьдаг байх хэрэгтэй. 1986 онд сайдын 233 дугаар тушаал гарсан. Тухайлбал, зүрх судасны өвчтэй хүнийг тэдэн удаа үзнэ, ийм эм өгнө, ийм тохиолдолд аймаг руу явуулж үзүүлнэ гэсэн нарийн заавар байдаг. Би бага насны хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж байв. Уг зааварт сульдаатай хүүхдэд витамин өгнө, банатай усанд оруулж чийрэгжүүлнэ. Наранд ийм хугацаагаар гаргана гээд нарийвчлаад заасан байдаг. Одоо энэ мэт ажил үгүйлэгдэж байна.
/Зууны мэдээ сонин/