Хакухо Даваажаргалын ээж Ө.Тамир Хүү маань 15 нас хүртлээ аав ээжийнхээ өвөрт унтсаар байгаад япон явсан
-Юуны өмнө танд баяр хүргэе. Манай сонины мянга мянган уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Хүү маань таван сарын Нацу башёд түрүүллээ. Олны буян оломгүй далай гэж Монголын маань ард түмэн төдийгүй Японы ард түмэн хүсэн хүлээж байсан болохоор л хүү маань ялалт байгууллаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсээд, хүүг маань байнга дэмжиж байдаг уншигч олон ард түмэндээ баярлалаа гэж хэлье.
-Хүүгээ түрүүлэх агшинд та их догдолсон байх даа?
-Ерөнхийдөө олон жил болж байгаа болохоор тиймэрхүү зүйлд хүлээцтэй хандаж сурсан. Би арын албанд үлдээд, аав, ах эгч нь Японд очиж үзсэн. Тэр өдөр би охинтойгоо гэртээ байсан. Тэгэхэд Фүжигийн Бээжин дэх суурин төлөөлөгч Монголд ирчихсэн манайх руу утасдаж бичлэг хийе гэсэн. Тэгэхэд нь би боломжгүй гэхэд үгүй ээ, заавал ах дүү нарынд нь очиж бичлэг хийх ёстой гэхэд нь усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг. Унасан ч бай, давсан ч бай яахав гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд сүүлийн 15 дахь өдрийн барилдаан дээр ирж бичлэг хийсэн. Хүү маань ч ялалт байгуулж, Монгол түмнээ төдийгүй Японы ард түмнийг баярлуулсан. Тэр хүмүүс бидний нэгэн адил Хакухо ялаасай хэмээн сэтгэл догдлон үзэцгээж
-Танайх руу олон хүн утасдаж баяр хүргэсэн үү?
-Манай утас ёстой нөгөө улайдна гэгчээр юм болсон байх. Аавынх нь буян юм даа. Ард түмэн их л сайхан хүлээж авч байна. Таних, танихгүй хүмүүс утасдаж хүүхдийн чинь төлөө залбирч байлаа, цагаан сүүнийхээ дээжийг өргөж байсан гээд л баяр хүргэцгээсэн. Yнэхээр Монголын ард түмэн арван хэд хоног миний хүүхдийн төлөө их залбирсан. Эцгийнх нь буян заяа түшиж байдаг байх аа. Ясныхаа хөлс, тосыг гартал Монгол улсынхаа төлөө хүч хөдөлмөрөө шавхаж, төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулж байсан. Энэ бүгд нь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж байдаг болов уу гэж боддог юм.
-Эх хүн үр хүүхдүүдийнхээ төлөө байнга санаа нь зовниж байдаг. Та хүүдээ юу гэж захидаг вэ?
-Хүүхдийнхээ төлөө байнга санаа тавьж байдаг. Бид хоёр хүүдээ тэр сайхан нутгийн ёс заншлыг дагаж, багш хамт олноо хүндэлж явахыг захидаг. Гэхдээ миний хүү хүний нутагт яваад багагүй хуүацаа өнгөрүүллээ. Биеэ дааж сурсан.
-Эх үрсийн баярын босгон дээр хүү тань амжилт, ялалтаараа танд бэлэг барьж баярлууллаа шүү дээ. Таны сэтгэл маш өндөр байгаа байх аа?
-Тийм ээ. Би маш их баяртай байна. Даваажаргал маань миний отгон хүү, одонгийн хүүхэд байгаа юм. Одонгийн хүүхэд учраас Эх үрсийн баяраар олон хүүхэдтэй эхийн нэгэн адил үр хүүхдийнхээ амжилтаар баярлаж, бахархаж явдаг даа.
-Даваажаргалын бага насных нь талаар ярихгүй юу? Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
-Даваажаргал багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Хүү маань 40-р цэцэрлэгт явж хүмүүжсэн. Зургаан сарын нэгэнд зориулсан арга хэмжээнд хүү маань Чингисийн дүрд тоглож, Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, бүрэн улс минь бүү сарнитугай хэмээн есөн өрлөгтэйгээ, хатнаа дагуулан явж үг хэлж байсан. Бас манай байр солигдоод тавдугаар цэцэрлэгт очихдоо Сүхбаатар жанжны дүрд тоглож байсан. Энэ бүгдэд нь их билэгшээдэг юм. Ер нь багынхаа спортод их сонирхолтой байсан. Шатар, даам, сагс тоглоно, таеквондогоор хичээллэнэ, бөх барилдана. Ер нь бүхий л юманд оролцдог хүүхэд байсан. Би хүүдээ олон юманд явдаг хүн онч байдаггүй юм шүү дээ. Миний хүү нэг л юмыг сонгож, тэрнийхээ төлөө сайн явах ёстой гэхэд тэр яах вэ, ээж минь. Ангийн нэр хүндийн асуудал гэж байна гэдэг байсан.
-Та хоёр хичнээн ач, зээтэй вэ? Хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Бид хоёр таван хүүхэдтэй. Хамгийн том нь хүү, бага нь хүү, дундаа гурван охинтой. Хүүхдүүд маань бүгдээрээ боловсрол мэргэжил эзэмшиц-гээсэн. Дунд охин маань Англид амьдарч байгаа. Таван ач зээтэй. Хүүтэй, хүүхэнтэй, хүргэнтэй, бэртэй, хүний ёсонд ДУТУУ дундуургүй сайхан л амьдарч байна даа.
-Мөөеө аваргатай анх танилцаж байсан тухайгаа дурсаач? Танд сэтгэлээ анх яаж илчилж байсан бэ?
-Би Анагаах ухааны дээд сургуульд оюутан байхдаа Мөнхбаттай танилцаж байсан. Сургуулиа төгссөний дараа анхны хүүхдээ төрүүлсэн. Ерөнхийдөө би жаахан хожуу хүүхэд гаргасан. Анх танилцаж байхад бөхчүүд нэг л хачин бүдүүлэг ч юм шиг тэр үедээ хачин санагддаг байсан. Тухайн үед би ч өөрөө ичимхий байсан юмуу, гудамжинд уулзаад ярьж зогсохоосоо ичээд яваад өгчихдөг байлаа. Мөнхбат гудамжинд таараад нээх бүдүүлэг хөөе, хөөе гэхээр нь танихгүй хүн шиг зөрөөд өнгөрчихдөг байсан. Тэгээд намайг тиймэрхүү зан гаргаад байхаар тэгсэн юмуу яасан юм надтай цуг сурч байсан улсын начин Чулуунбаатар дээр очоод уулзуулж өгөөч гэдэг байсан юм шиг байгаа юм. Чулуунбаатар бид хоёр нэг анги болохоор тэр манайхыг мэднэ л дээ. Нэг өдөр хаалга цохихоор нь онгойлгоод өгсөн чинь Чулуунбаатар зогсож байсан. Өө чи сайн уу, яасан гэсэн семинарын ном авах гэсэн юм гэлээ. Манайхаар орооч гэтэл ороод яах юм бэ, ээж ааваас чинь айж байна гэл үү гутал шороотой ч гэл үү нэг юм яриад байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр юм ярьсаар байгаад нэг мэдтэл гадаа гарчихсан. Гэтэл юун нөгөө семинарын ном авах Мөнхбат л дагуулж ирсэн бололтой гадаа зогсож байсан. Тиймэрхүү маягаар уулзсаар байгаад л нэг мэдэхэд манайхаар ирдэг болчихсон.
-Бөхчүүд их иддэг гэдэг. Анх их хоол хийх гэж хэцүү юм болдог байсан уу?
-Бөхчүүд их иддэг л гэдэг манай хүн нэг их иддэггүй шүү дээ, гайгүй. Ер нь бөхчүүд их иддэг гэдэг яриа яагаад гарсан юм гэхээр Дэмүүл арслан л хэдэн бөхчүүдтэйгээ нийлээд мөрий тавиад их идчихсэн юм шиг байгаа юм. Yүнээс л үүдэлтэй гэж ярьцгаадаг.
-Анх харахад ямархуу залуу байсан бэ? Та анх бөх үзэх сонирхолгүй байсан уу?
-Анх харахад их л өрөвдөлтэй харагддаг байсан. Яагаад гэхээр үеийнх нь улсууд авгай хүүхэдтэй болчихсон байхад Мөнхбат авгайгүй гээд л их өрөвдөлтэй ярьдаг байсан. Энэ нь надад их өрөвдөлтэй ч юм шиг санагддаг байсан. Би ерөөсөө бөх үздэггүй, сонирхдог ч үгүй байсан. Тэгээд ч ид барилддаг байхад нь би 10 жилийн хүүхэд байсан болохоор нэг их мэддэггүй. Хоёр Мөнх л гэж яриад байх юм. Нэг нь яагаад түрүүлээд, нөгөөдөх нь яагаад түрүүлдэггүй юм болоо гэж боддог байсан. Тухайн үедээ бөхийн талаар ойлгоц муу байсан юм шиг байгаа юм. Сүүлд нь тэгээд яахав хүүхдүүд өсч том болсны дараа наадам үздэг болсон доо.
Намайг дагуулж орж ирээгүй байхад Мөнхбат манайд өөрөө ороод ирсэн…
-Аав ээж чинь яаж хүлээж авсан бэ?
-Би дагуулж орж ирээгүй байхад л Мөнхбат өөрөө манайд ороод ирсэн. Дөрөвдүгээр курсынхээ хавар нь би Архангай аймагт практик хийх гээд явчихсан. Тэгсэн чинь Мөнхбат би олимпийн бэлтгэлд гарна, Архангайд очноо гээд байсан. Тэгээд намайг байхгүй хойгуур зайлуул, ээжтэй уулзаад яваад байсан байгаа юм даа. Манай ээж их сургуупийн номын санд байсан. Тэгэхэд улсууд Дулмаа гуайтай чинь ямар эсэн бусын улсууд уулзаад байдаг юм бэ. Содном ректор уулзая л гэх юм, Ишцэрэн сайд ч хүрч ирээд уулзах юм. Тэгсэн чинь бүр сүүлдээ аварга Мөнхбат хүртэл сураглаад явж байх юм гэж нэг үг байдаг юм. Тухайн үед их сургуулийн захирал Содном гэж манай ээжийн эгчийн хүүхэдтэй суусан хүн байсан. Ишцэрэн гэдэг нь хуучин Боловсролын яамны сайд байсан хүн л дээ.
-Бөхчүүд гэр бүлээрээ их найзархдаг. Танайд бөхчүүд их ирдэг байх даа?
-Бөхчүүд байна аа, байна. Цагаан cap, майн баяр гээд л бие биенийхээрээ их орж гардаг байсан. Сосорбарам гуай, Дамдин гуай, Сэрээтэр, Цэрэнтогтох, Хадбаатар аваргын авгай хүухдүүд тэгээд шавь нар нь ирнэ. Баярсайхан заан, улсын начин Цэрэнчимэд гээд олон л бөхчүүпд орж гардаг юм.
-Аварга ер нь ямархуу зан ааштай хүн бэ?
-Мөнхбат их зөөлөн хүн шүү дээ. Хүүхдүүдээ нэг удаа ч зодож үзээгүй шахуу. Хүүхэд зодож болохгүй, халирамхай болчихно гэдэг үүднээс ханддаг.
-Аварга бор дарсыг хэдий үөд ид ууж байсан бэ? Сүүлийн үед аваргыг бор дарс их хүртэх болсон гэх юм. Ер нь ууж байгаа юу?
-Мөнхбат өөрөө их л багаасаа уусан гэж ярьдаг юм. Дээр үеийн бөхчүүд ер нь нилээн танхайдуу, архи дарс уучихдаг хүмүүс байсан гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ одоо бол уухгүй л байгаад байгаа. Бас үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэх хэрэгтэй биз дээ.
-Та хоёр хуримлаад хичнээн жил болж байна вэ?
-Одоо бараг мөнгөн хурим хийх болсон л юм шиг байна шүү дээ. Бараг 40-өөд жил болж байна.
-Даваажаргалыг Бат-Эрдэнэ аваргын охинтой сүй тавьсан гэсэн. Та хоёр хүүдээ эхнэр авах тал дээр нь хэрхэн зөвлөдөг вэ?
-Хүүг маань бараг дөрөв таван охинтой суулгалаа л даа. Энэ нь одоогоор мэдэгдсэн, баталгаатай зүйл биш л дээ. Бид хоёр хүүдээ монгол бөх, удам судраа бодож, монгол охинтой суугаарай эсвэл Японд байгаа юм чинь Япон охинтой суугаарай гэж хэлдэггүй. Төөрөг нь л мэдэг гэж боддог.
-Япон бүсгүй дагуулаад ирвэл та яаж хүлээж авах вэ?
-Одоо яахав. Нэг монгол үг бий шүү дээ. Хүүгээ гэвэл бэрээ, хүүхнээ гэвэл хүргэнээ гэж үг байдаг. Тэр маягаар л хүлээж авах байх даа. Энэ тухай ярих эрт байна аа.
-Даваажаргалын бага насны хөгжилтэй зүйлүүдээс ярьж өгөхгүй юу? Хэр эрх хүү вэ?
-Даваажаргал зөв эрх хүүхэд. Аав ээждээ эрхэлнэ, ах эгчдээ эрхэлнэ. Хүү минь 15 нас хүртлээ аав, ээжийнхээ өвөрт унтаж байгаад явсан юм шүү дээ. Тэгээд хүүхдүүд намайг аав, ээжийнхээ өвөрт унтдаг гээд шоолж байна шүү дээ ээж ээ гэж орж ирдэг байсан. Хөгтэй явдал гэвэл бид Эрдэнэсантад очиж амарна л даа. Хотоос ирсэн хүүхдүүдэд тарваганы боодог хийж өгөх гээд хэдэн хүн тарваганы боодгоо хийгээд яг бэлэн болчоод байж байтал хонь руу нь чоно дайрсан гэсэн. Тэгээд хүмүүс чоно руу буу тавихаар мордоод яваад өгцгөөсөн чинь Даваа ганцаараа боодгоо хараад үлдэж л дээ. Тэгээд байж байтал яг хажуугаар нь чоно гүйсэн чинь боодгоо авчихаж магадгүй гэж айгаад тэврээд гэртээ ирсэн гэсэн. Шөл нь хамаг хувцас руу нь асгарчихсан, доторхи мах энэ тэр нь уначихсан хоёр боодгоо барьчихсан уйлаад орж ирж байсан гэсэн. Тэгээд хувцас хунараа солиод нэг харсан чинь хувцаснуудаа давхарлаад өмсөөд байсан гэсэн. Чи яагаад хувцас давхарлаад байгаа юм гэхэд Мөнхбатын ахыг хэлж намайг зодох байхаа, жаахан зузаан хувцастай байсан нь дээр гэж хэлсэн гэсэн. Энэ тухай нь ярьж инээлддэг юм.
-Эцэст нь та манай сониноор дамжуулж Монголын бүх ээжүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд Эх үрсийн баярын мэндийг хүргэө. Монгол түмэн олондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин, эх үрсийн элбэрэл хайраар дүүрэн, аз жаргалтай сайн сайхан амьдарч яваасай гэж хүсэн ерөөө.
-Танд сайн сайхныг хүсье.
Дээдсийн хүрээлэн сонин 105/473
Г.Мянганцэцэг