Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Эх орны маань өнгө жавхаа, итгэл найдвар, өрх гэрийнхээ гэрэл гэгээ, баяр баясал болсон энхрий бяцхан үрс, хүүхэд багачууддаа болон нийт ард иргэд Та бүхэндээ дэлгэр зуны тэргүүн сард тохиодог хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, элбэрэл хайр, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ жилийн хүүхдийн баяр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойтой тохиож байгаагаараа онцлогтой бөгөөд ингэснээр улам ч утга төгөлдөр болж байна. Учир нь Их Эзэн Чингис хааны үөэс өтгөс, нялхсыг өргөн тойлох талаар хууль цааз гарган мөрдүүлж байсан сайхан уламжлал монголчуудад бий. Хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэн, идэр насныхан Та бүхэн улс эх орныхоо ирээдүйн хөгжлийг өртөөлөн залгамжлах их хувь заяатан билээ.
Эрдэм номд шамдаж, инээд хөөр, баяр баясал дүүрэн, эвтэй найртай байх нь энэ дэлхийн хүүхэд бүрийн зүй ёсны хүсэл мөрөөдөл юм.
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж, хүмүүжин боловсрохыг зорилгоо болгон аливаад сонор соргог, цэцэн цэлмэг хандаж, алдаа эндлээ алхам бүр залруулж, сайн үйлийг хичээн бүтээж, муу үйлээс биеэ татаж чадах аваас хүүхэд багачууд Та бүхний ирээдүй улам бүр гэрэлтэй, өөдрөг сайхан байх болно. Та бүхний ирээдүй сайхан байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй сайхан болно гэсэн үг юм.
Төр, засгаас хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон тэдний эсэн мэнд өсч хөгжих, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, хариуцлагатай, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангахад бүхий л анхаарлаа хандуулж ирлээ.
Гэхдээ шийдвэрлэх ёстой асуудлууд байхгүй гэж хэлж хэрхэвч болохгүй.
Их зохиолч Фёдор Достоевский Ах дүү Карамазов хэмээх алдарт романдаа хүүхдийн нулимсан дээр тогтсон төр шударга бус хэмээн бичсэн байдаг. Хэдийгээр уйлж үзээгүй хүүхэд гэж дэлхийд хаана ч байдаггүй нь үнэн боловч их зохиолчийн хүүхдийн нулимс дуслахыг хараад зүгээр сууж болохгүйг анхааруулсан энэхүү гүн гүнзгий утга санаа бүхий үг нь төр засгийн аль ч шатны алба хашиж буй албан хаагч бүрт, ер нь хүн болгонд ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө чухамхүү өнөөдөр зүтгэх ёстойг сануулж, ихийг бодогдуулна гэж найдаж байна.
Төрөөс хүүхэд, залуучуудын талаар баримтлах чиглэл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний болон дэд хөтөлбөр-үүдээ амжилттай хэрэгжүүлж, хүүхдээр хаягласан бүхий л байгууллагууд хүүхдийн биеэс ахадсан хүчир хөдөлмөр, гэрээсээ дайжсан эмгэнэлт амьдрал, нярай хүүхдийн эндэгдэл, өсвөр насныхны суурь өвчлөл, эх, хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, насанд хүрээгүйчүүд гэмт хэрэгт уруу татагдах явдал, хүүхэд залуучуудын хүмүүжлийн гажуудал, сургууль завсардалт, гэр бүлийн хямрал, хүчирхийлэл зэрэг нийгмийн ужиг хуучаас хүүхдүүдээ салгахын төлөө эрчимтэй, далайцтай шинэлэг ажлуудыг санаачлан хүүхдийн эрх ашгийг тууштай хамгаалж ажиллах шаардлагатайг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний биө УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Сургуулийн өдрийн хоол хөтөлбөр бий болгох саналыг дэвшүүлсэн. Энэ хөтөлбөр нийслэлийн зарим сургуулиудад амжилттай хэрэгжиж эхлээд байгаад баяртай байна. Энэ эрхэм үйлст Засгийн газраас гадна манай томоохон пүүс, компани, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, урлаг, соёл, спортын зүггэлтнүүд улам бүр дэмжиж, санаачилга гарган идэвхтэй оролцохыг Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд уриалж байна.
Манай хүүхэд багачуудын төлөө байнга санаа тавьдаг, сайн үйл бүтээдэг гадаад, дотоодын хүүхдийн төлөөх бүх байгууллага, хувь хүн, хамт олонд Хүүхдийн баяр-ын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хүн бүр аз жаргалтай, айл өрх бүр инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байж, Монгол хүүхдүүд эрүүл энх өсөн торниж, эцэг эх, эмээ өвөө бүр сэтгэл тэнүүн аз хийморьтой байх болтугай. Хөх Монголын үр сад маш олон болтугай.