Л.ОДОНЧИМЭД С.Чинзоригийг соль гэж УИХ-ын дарга шахсан
Харин ойрмогхноос С.Чинзоригийг албан тушаалаас зайлуулахаар зарим нэг хүн идэвхтэй хөөцөлдөж байгаа сурагтай. Бүр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд шахалт үзүүлж байгаа гэнэ. Хачирхмаар нь шахалт үзүүлэгч нь УИХ-ын дарга Ц.Нямдорж юм байна. Энэ тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр ярив.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар Сангийн дэд сайдыг томилох саналыг оруулсан нь ийм яриа гарахад хүргэсэн юм. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд багтдаг уг зөвлөлийг салбарын бус дэд сайдаар ажиллуулах болсны учрыг гишүүд Л.Одончимэд сайдаас асуув.
Сайд, Үндэсний зөвлөлийн даргаар НХХ-ийн дэд сайд ажиллаж байсан. Аудит хийгээд зөрчил илэрсэн учир арга хэмжээ ав гэсэн. Тэгээд ч энэ зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан юм. Ц.Нямдорж дарга хүртэл наад хүнээ зайлуул гэж намайг шахаж байгаа. (Энэ үед УИХ-ын дарга Ц.Нямдорж Байнгын хорооны хуралдаанд орж ирэв)
Ц.Нямдорж
-Аудитын байгууллага нийгмийн даатгалын байгууллагад шалгалт хийсэн. Өчнөөн юм болсон байна лээ. Аудитын дүнг Засгийн газар дээр ярьсан уу. Хэнд ямар арга хэмжээ авсан бэ?
Л.Одончимэд
-Дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. харин Ерөнхий сайд, мөнгө мэддэг хүмүүст нь хэлсэн. С.Эрдэнэ ажлаас халагдсан. Та чиг өгсөн учир С.Чинзоригийг Үндэсний зөвлөлийн даргаас нь болиулж байгаа.
Ц.Нямдорж
-Ер нь нийгмийн даатгалынхан дэндүү замбараагүй ажилласан юм билээ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг даатгалын шимтгэлээс хоёр хувиар авна гэж УИХ баталсан. Гэтэл сая С.Чинзориг сайд хэлж байна. УИХ-аас хоёр хувь гэсэн ч НХХ-ийн сайд гурван хувиар баталсан. Бид дундуур нь 2.5 хувь болгосон гэж байна. УИХ баталчихаад байхад хэн ч өөрчилдөггүй юм.
Л.Одончимэд
-Аудитын дүгнэлт өөрөө бөөрөнхий юм байна шүү дээ.
Ц.Нямдорж
-Тиим юм байхгүй. Баримттай юм их байна. Ийм алдаа гаргачихаад байхад хоорондоо дасан зохицож болохгүй. Нэг нь өргөдөл өгөөд л гардаг. С.Эрдэнийг халах ёстой байсан юм. Даатгуулагчдын мөнгийг арвижуулахын оронд үрэн таран хийдэг байгууллага болж хувирсан байна, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар Сангийн дэд сайд ажиллаж болохгүй. Зайлшгүй НХХЯ-наас хүн тавих ёстой. Чухам С.Чинзориг байх уу, үгүй үү гэдгийг жичдээ ярих асуудал. Алдаа дутагдал гаргасан гээд С.Чинзориг байж болохгүй бол НХХЯ-ны газрын дарга нараас тавих хэрэгтэй. Ч.Ганзоригийг чадахгүй гэж байгаа юм биш. Асуудал эрхэлсэн сайдаас нь энэ зөвлөлийг салгаж болохгүй. Нэг зүйл нэмж хэлэхэд би С.Чинзоригийг соль гэж Л.Одончимэдэд хэлээгүй.
Л.Одончимэд
-Өөрчил гэсэн шүү дээ.
Ц.Нямдорж
-Би өөр сайд оруулж ир гэж хэлээгүй. С.Чинзориг ч ойлгож байгаа байх. (Энэ үед дэд сайд ярианд оролцов)
С.Чинзориг
-Би дангаар шийдвэр гаргаагүй учир хариуцлага хүлээхгүй шүү.
Ц.Нямдорж
-Хариуцлага хүлээхгүй юм бол чамаар яадаг юм.
Энэ мэтээр УИХ-ын дарга сайд Л.Одончимэд, С.Чинзориг нартай үг сөрөв. Мөн зарим гишүүн зургаан жилийн хугацаатай томилдог Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд дэд сайд гэдэг улс төрийн албан тушаалтныг томилдогийг буруушааж байлаа. Харин Төрийн нарийн бичгийн даргыг энэ албанд томилж болох юм гэсэн саналтай гишүүн ч байв. С.Ламбаа гишүүн, даатгал дампуурах гэж байгаа юм байна. Л.Гүндалай эрүүл мэндийн даатгалаа яамандаа татаж авахаар хуулийн төсөл барьчихсан явна. Одоо Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг Сангийн яам руу шилжүүлэх нь. Засгийн газар бүр давраад Эрүүл монгол хүн хөтөлбөрт зориулж эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс 3.1 тэрбум төгрөг авна гээд тогтоол гаргасан байна. Үүн дээр Л.Одончимэд сайд гарын үсэг зурахгүй л байх юм гэв. Д.Ганхуяг гишүүний асуусан иргэдийн даатгуулсан мөнгийг төр хэрэглээд байдгийг та зөв гэж үздэг үү гэсэн асуултад Л.Одончимэд сайд тоймтой хариу өгсөнгүй. Харин дэд сайд С.Чинзориг, нийгмийн даатгалын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэг гэж баталсан байдгийг сануулсан юм. Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн шинэчилсэн бурэлдэхүүнийг хэлэлцүүлэхээр болов. Гэхдээ анхны хэлэлцүүлгээр бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр болсон юм. Ямартай ч Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг Сангийн дэд сайд биш Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хүнээр ахлуулахаар гишүүд санал нэгдлээ.