А.Амарсайхан Газрын маапаанд хэн хэн оролцсоныг би яаж мэдэхэв
Гэтэл будаг нь ханхалсан гэдэг шиг шинэхэн даргыг мөнөөх л хэл ам тойрсонгүй. Түүнийг Нийслэлийн Засаг даргыг дарамталж байж өөрийгөө батламжлуулсан гэсэн мессеж мэр сэр тэнүүчилж эхэлсэн. Яагаад ийм яриа гарах болсон талаар Засаг дарга өөрөө хэрхэн тайлбарлахыг нь сонирхлоо.
-Дүүргийн Засаг даргын албыг хүлээж аваад удаагүй байтал таны тухай бараан мэдээллүүд нисэж эхэллээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр даргыг дарамталж намайг батламжлахгүй бол нийслэлийн удирдлага байсан зарим хүмүүсийн газрын маапааныг нийтэд зарлана гэж сүрдүүлсэн гэх мэт. Чухам ямар маапааны тухай ярьсныг өөрөөс тань тодруулах гэсэн юм.
-Дүургийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргыг сонгосон. Энэ сонгуульд би 87.2 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдлоо. Уг хурлаас хойш долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргийн Засаг даргад батламжлагдсан. Ингээд албан ёсоор ажлаа хүлээж аваад хоёр хонож байна. Ингээд өдөр тутмын зарим хэвлэлд намайг хотын мэрийг дарамталсан мэтээр ташаа мэдээлэл нийтэлжээ. Энэ худал мэдээллийг би эсэргүүцэж танай сониноор дамжуулан няцаалт өгөхийг хүсч байна. 87.2 хувийн санал авна гэдэг бол батламжлуулах тодорхой үзүүлэлт. Энэхүү үзүүлэлтийг харгалзаад, мөн надтай өрсөлдсөн манай дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон тодорхой албан тушаалын хүмүүс бид бүгд МАХН-ын гишүүд. Энэ утгаараа би бусдыг дарамтлах ч юм уу өөр ямар нэгэн ёс бус үйлдэл хийх шаардлагагүйгээр шийдэгдэх ёстой асуудал байсан. Би энэ албанд ирэхээсээ өмнө дүүргийн газрын албаны даргын албыг таван жил хашлаа. Ер нь нийслэл, дүүргийн газрын алба гэдэг нь өөрийн эрх мэдэл, хэмжээ хязгаар, хамрах хүрээ, ажил үүргийн хуваариар ялгаатай. Дүүргийн газрын алба нь ажил үүргийн хуваариараа бол дүүрэгт, тэр тусмаа сүүлийн үед яриад байгаа хотын төвийн нэгдүгээр бүсийн инженерийн шугам сүлжээтэй газруудад газар олголт хийдэг субъект биш. Төрөөс газрын талаар авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлого, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг.
Гэр хороолол, зуслан буюу нийслэлийн ногоон бүсэд ахуйн хэрэгцээнд газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, газрын төлбөр хураамжийг барагдуулах, аж ахуйн нэгж хоорондын болон иргэд хоорондын харилцаанаас үүсч байгаа газрын маргаан, зөрчлийг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог. Түүнээс биш би хэвлэлд элдвээр бичдэг шиг Ерөнхий сайд, төрийн түшээд газрын маапаан гэгчид хэрхэн оролцсоныг мэдэхгүй, мэдэх ч үндэс байхгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна.
-Уг мэдээлээс хотын мэр Ц.Батбаяр та хоёр таагүй харилцаатай мэт, тиймээс таныг батламжлуулах дургүй байсан мэтээр ойлгож болохоор байсан. Тэгвэл та Нийслэлийн Засаг даргатай ямар харилцаатай вэ?
-Ц.Батбаяр даргын талаар гэвэл нэгэн дүүргийн Засаг даргаар ажиллаж байсных нь хувьд бид танилууд. Ний нуугүй хэлэхэд найз нөхдийн гэх дотно харилцаа байхгүй. Ц.Цогзолмаа даргыг Ц.Батбаяр хамгаалсан энэ тэрийг нь мэдэхгүй. Нотлогдоогүй л яриа шүү дээ. Миний хувьд асуудлыг тайлах гогцоо гэвэл хэрэв Ц.Батбаяр дарга надад буюу намайг батламжлах дургүй байсан бол ИТХ-ын шийдвэрийг батламжлах боломжгүй гээд буцаах эрх түүнд байгаа. Тэгсэнгүй, баталлаа. Ямар ч байсан нэг баг болоод хамтарч ажиллахад болохгүй гэх зүйл байхгүй гэдгийг ч харууллаа. Намайг батламжлахгүй байв аа гээд би түүнтэй уулзаж учирсан удаагүй. Хамгийн гол нь бид нэг намынх, нийслэл, дүүрэг, төр, захиргааны байгууллагад би шинэ хүн биш. Энэ үндэслэлүүд ч надад итгэхэд нөлөөлөх байх гэж бодож байна. Уг нь би хүн дарамтлахаар хүн биш сэн.
-Газрын асуудлыг авлигатай холбож үзэх явдал нийгмийн сэтгэхгүйд бүрэлдчихээд байгаа нь нууц биш. Та ийм асуудалд ямар нэг байдлаар холбогдож байв уу, хэзээ нэгэн цагт холбогдох вий гэж айж явдаг уу?
-Газар буюу үл хөдлөх хөрөнгө нийтийн өмч бус хувьд ирсэн, үр шимийг нь илүүтэй мэдрэх болсон энэ цаг үетэй холбоотойгоор иймэрхүү хэл ам сүүлийн 3-4 жилд л гарах болоод байгаа шүү дээ. Мэдээж газрын албанд ажилладаг зарим нэгэн хүний үйл ажиллагаа үүнд сөрөгөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
-Та дүүргийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа тухайн үед нийслэлийн
Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболд, Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга байсан Т.Бадамжунай нартай ажил хэргийн холбоотой байсан нь ойлгомжтой.
өөр ямар нэгэн харьцаа байсан юм биш биз?
-Ерөнхий сайд М.Энхболдыг хотын даргаар ажиллаж байх үед дүүргийн газрын албаны даргын хувьд шаардлагатай үед нь ажил төрлөө танилцуулаад явдаг байсан. Гэхдээ дандаа уулзаж, учраад байхгүй, шаардлагатай үед үй зайгүй дотно нөхөд байсан гэж хэлж чадахгүй. Т.Бадамжунай гишүүн тэр үед Нийслэлийн засаг даргын ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер байлаа. Бас ч өдөр тутам шууд харьцаад байх албан тушаал биш шүү дээ. Хааяа хурал цуглааны үеэр тааралдана, дуудахад нь ажлаа танилцуулна. Өөр ямар нэг харьцаа байхгүй. Миний хувьд дүүргийн Засаг даргаар сонгогдоход нөлөөлөх зарим хүчин зүйлүүд байсан болов уу. Юу гэвэл би энэ дүүргийн Тамгын газар болон Газрын албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд дүүргийн хэмжээний асуудлыг тодорхой хэмжээнд мэддэг, ололт бэрхшээлтэй талуудыг мэдэрсэн. Дүүргийн ИТХ гэж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад 2004 оноос хойш сонгогдож, хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан.
-Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна?
-Өнөөдрийн байдлаар ажлаа аваад удаагүй байна. Гэхдээ 2004-2008 онд Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлалцсан, тодорхой хэмжээгээр гар бие оролцсоны хувьд үүнийг хэрэгжүүлэх, түүнчлэн энэ жил нийслэлээс зарласан Хороодыг бэхжүүлэх жил, дүүргийн ИТХ-аас дэвшүүлсэн Иргэдийг дэмжиж хороогоо хөгжүүлье уриалгын дагуу иргэд рүү чиглэсэн ажлуудыг түлхүү хийе гэсэн бодолтой байна.
-Уучлаарай, танд халаагаа өгсөн Ц. Цогзолмаа дарга хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоод, удаа дараалан шалгуулсан ч эцэст нь өөрийн хүсэлтээр халаагаа өгсөн. Таны хувьд мөн ийм асуудалд орооцолдохгүй гэх баталгаа байна уу. Ц.Цогзолмаа даргатай ямархуу байдлаар ажлаа хүлээлцэв?
-Өмнөх Засаг даргатай нэг баг болоод, тодорхой салбарыг нь хариуцаад ажиллаж байсны хувьд яг миний хариуцаж ажиллаж байсан энэ салбарын асуудлаар үл ойлголцох байдал үүсч байгаагүй. Яахав, хөрөнгө мөнгөний асуудлын хувьд идэж уусан, шамшигдуулсан гэдгээр биш, одоо мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын дагуу зориулалтын бус зүйлд зарцуулсан гэдгээр дүүргийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг шалгаж дүгнэсэн юм бий. Мэдээж дүрэм журмын дагуу Мэргэжлийн хяналтын газар, аудитаас ч шалгасан. Тэгсэн, ингэсэн гэх нарийн дүгнэлтийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
-Танай дүүрэг дэх тойргуудаас УИХ-д сонгогдсон гишүүд тойргоо эргэхгүй байгаа, иргэдээс хол хөндий байгаа талаар багагүй гомдолтой байх юм билээ. Харин таны бодлоор?
-Би үүний эсрэг байр суурьтай байна. Манай дүүргээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Л.Гантөмөр нар сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд төр, захиргааны байгууллагын хувьд УИХ-ын гишүүд болон, нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн баг хэсгийг ажиллуулж байгаа, үр дүнтэй байгаа. Гишүүд тойрогтоо сайн ажиллаж байгаа гэдгийг хариуцаж байсан салбартаа ч, бусад салбарт ч хариуцлагатай, идэвхтэй ажилласан гэдгийг баттай хэлэх байна. Чуулганы завсарлагаар тус бүр тойргийнхоо 4-5 хорооны иргэдтэй уулзаж, гарсан санал шүүмжлэлийн мөрөөр шийдвэрлэх түвшинд нь шийдээд явж байгаа.
-Шинэ дарга ирэхээр л заавал халаа сэлгээ хийдэг мэтээр ойлгодог, үүнээс улбаалж цөөнгүй хүмүүс мөрөөрөө ажлаа хийж байгаад халаа сэлгээнд өртөөд халагдчихлаа гээд гомдоллох явдал гардаг нь гэм биш зан болж. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Ээлжит бус долдугаар хуралдааны үеэр манай зарим төлөөлөгчид энэ асуудлыг тавьж байсан. Нам эвсэл, тэрний, энэний хүн гэдгээр халаа сэлгээ хийх үү гэж. Yүнд би Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу асуудалд хандана гэдгээ хэлсэн. Тодруулбал, одоо ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг халж солихгүй.
Мэдээж зарчмын хувьд, хуулийн дагуу ажлын шаардлага тавина. Шаардлагыг тухайн ажилтан, албан хаагч хийж чадахгүй, мэдлэг боловсрол дутах, нэг баг болж ажиллаж чадахгүйд хүрвэл тухайн үед нь шийдэх л асуудал. Гэхдээ дүүргийн Засаг даргын хувьд би өөрөө саналаараа халж солих ганц хоёрхон албан тушаал байдаг. Тамгын газарт ажиллаж байгаа бусад албан хаагчдыг Ерөнхий менежер буюу Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар, л өөрчилж болдог.
Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/
У. Оргилмаа