Дундговь аймгийн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэж эхэллээ
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ж.Наранцацралт амралтын өдрүүдэд өөрийн сонгогдсон Дундговь аймгийн сумдуудад ээлжлэн ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Хулд, Дэлгэрхангай сумдад ажилласан бол өмнө нь Өндөршил, Баянжаргаланд очиж иргэдийн санал бодлыг сонсож өөрийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцжээ. Баянжаргалан сумын өндөр хүчдэлийн 15 кв цахилгаан дамжуулах шугамыг энэ онд эхлүүлж ирэх жил ашиглалтад оруулахаар болсон байна. Мөн Хулд, Өлзийт сумдын хоорондох 15 кв-ын өндөр хүчдэлийн шугамыг ирэх долдугаар сард багтаан ашиглалтад оруулахын тулд ажил байдалтай нь танилжээ. Өндөршил суманд Канадын сангийн шугамаар хэрэгжүүлж буй ундны усны төсөлтэй танилцаж халуун усны барилгыг нь ашиглалтад оруулахын тулд санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгчээ. Говийн сумдад боловсон хүчнүүд очих сонирхол бага байдаг учир тэднийг ажиллуулахын тулд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гардаг гэнэ. Энэ зорилгоор Хулд суманд хуучин барилгыг орон сууцны зориулалтаар засварлан засаг даргын тамгын газрын мэдэлд шилжүүлэн залуучуудыг түрээсээр суулгахаар болжээ. Удахгүй Хулд суманд Мобиком салбараа нээхээр болсныг Сайд Ж.Наранцацралт дуулгасан. Дундговь аймгийн хүүхдүүдэд Тайваны хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар хувцас, тэтгэлэг гардуулан өгч, тойргийнхоо сургууль, төрийн байгууллагуудад 21 ширхэг компьютер бэлэглэжээ. Хөдөө орон нутгийн иргэдийг орон сууцаар хангах, 40000 орон сууц хөтөлбөр-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлгэрхангай суманд дөрвөн айлын орон сууцны барилгын шавыг тавьж, хөдөө орон нутгийн түүх соёлыг сурталчилах Их өргөө-г барих ёслолын ажиллагаанд оролцжээ. Эрхэм гишүүн ирэх долоо хоногт Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.