Говийн гурван аймагт зориудаар бороо оруулна
Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймагт ажиллах үеэр тус аймгийн малчид сүүлийн жилүүдэд бороо хур ороогүйн улмаас ган гачиг байнга давтагдан цөлжилт ихэсч байгааг анхаарах санал хүсэлт тавьжээ. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ус цаг уур орчны шинжилгээний газрын харьяа Хурын шим төвөөс цаг агаарт нөлөөлж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэхээр боллоо.
Ерөнхий сайд Дорноговь аймагт зориудаар хур оруулахад зориулсан санхүүжилтийг шийдэхээр асуудал боловсруулж оруулж ирсэн бөгөөд үүнд говийн бүсийн гурван аймгийг хамруулжээ. Уг ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар болон говийн аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Энэ ажилд шаардагдах 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрчээ.