Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзэв
Тэрээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж түүнийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хянан хэлэлцээд Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 14, 64 дүгээр зүйлийн 1, 66 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг, мөн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дугаар заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрдахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзлээ.
Харин Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсгийн Энэ хуулийн 41.9, 42.6-д заасан хөрөнгийг улсын орлого болгох шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хороо гаргах ба энэ талаар гомдол гарвал сум буюу сум дундын, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэсэн нь хөрөнгийг улсын орлого болгох тухай шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага шууд гаргаж байгаа нь бусдын өмчлөх эрхэнд шүүхийн бус замаар халдсан шинжийг агуулжээ гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн шударга ёс хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.
Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтын үйлчилгээг 2006 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг УИХ-д уламжлахаар тогтжээ.