ӨНГӨРСӨН ОНД ХҮН АМЬ, танхайн хэрэг их гарчээ
Нийслэл, дүүргийн шүүхийнхэн 2005 онд 5003 хүнд холбогдох 3195 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 3979 хүнд холбогдох 2786 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
2005 оныг урьд онтой харьцуулахад эрүүгийн хэрэг 13.3 хувиар, ял шийтгүүлэгч 5.4 хувиар өссөн байна.
Эрүүгийн гэмт хэргийн гаралт Багануур дүүрэгт хамгийн өндөр буюу 47 хувьтай байна. Харин Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэрэг урьд оны мөн үеийнхтэй адил байв. Гарсан гэмт хэргийн ихэнхийг хүн амь, танхай, хулгай болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэргүүд эзэлж байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас иргэдэд 3.8 тэрбум, улсад 130.3 сая төгрөгийн хохирол учирчээ.
Шүүхээс нийт ял шийтгүүлэгчдийн 2932 буюу 73.6 хувьд нь хорих, 539 буюу 13.5 хувьд баривчлах, 22 буюу 0.5 хувьд нь цаазаар авах ял оноосон байна.
-Эрүүгийн хэрэгт оноодог хуулийн зарим заалтууд тухайн хэрэгт хүнддэх үе байдаг. Үүнийг шийдэх арга бий юу гэсэн асуултад шүүгч Б.Сарантуяа
-Эрүүгийн хуульд заасан заалтыг зөрчих эрх шүүгчид байдаггүй. 15 удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэг, нэг удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэг үйлдсэн хоёр хүний ялын хугацаа хэдхэн сарын ялгамжтай байх тохиолдол бий. 40 мянган төгрөгийн үнэтэй усны сав хулгайлаад арваас дээш жилийн ял авсан хүн ч байдаг.
Тиймээс бидний мөрдөж буй эрүүгийн шинэ хуульд үүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай байгаа гэж хариуллаа.