Хүн амины гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсээр
Сэтгүүлчид Нийслэлийн шүүхийн танхимын тэргүүн шүүгч Б.Сарантуяагаас шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдээс нэрлэхийг хүссэн.
Шүүгч Б.Сарантуяа, хамгийн сүүлд шүүхээр шийдэгдсэн дуулиант хэрэг гэвэл өнгөрсөн оны нэгдүгээр сарын 19-ний шөнө үйлдэгдсэн хэрэг юм. Энэ хэрэг Нийслэлийн Прокурорын газарт байрлаж өрөө түрээсэлдэг ХЗХ-нд үйлдэгдснийг бүх хүмүүс мэднэ. Уг хэрэгт хамтрагчаар татагдсан Ариунцэцэг гэгч нь тус ХЗХ-ны нягтлан нь байсан.
Тэрбээр тус ХЗХ-ын эзэн нь өрөөндөө хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг бэлнээр нь хадгалдаг болохыг мэдээд хамаатан болох Сүхбаатар гэгчид энэ тухай мэдэгдсэн байсан. Тэрбээр хэрэг гарах өдөр нийслэлийн прокурорын жижүүр Даваацэрэнд архи өгч согтоогоод гэрт нь хүргэж өгөөд Сүхбаатар нарыг оруулжээ.
Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүст тус хэргийг үйлдэхэд хамгийн ойрын туслагч нь болсон гэсэн үг гэсэн юм. Сүхбаатар нар нь тус ХЗХ-ноос 39 сая төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгийг авсан. Yүнээс 37 сая төгрөг, 1300 ам доллар, гар утас зэрэг байсан. Тус хэргийг үйлдсэн хүмүүст онц их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэдэг зүйл ангиар 135.4-өөр яллаж, Сүхбаатарт, Ариунцэцэг нарт тус бүр арван жилийн ял оноосон. Харин тухайн үед ээлжийн жижүүр байсан Даваацэрэнд үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж 154.2-оор хоёр жил хорих ял оноосон гэсэн юм.
Нийслэл дүүргүүдийн шүүхэд нийт 5003 хүнд холбогдох 3195 эрүүгийн хэрэг хүлээн авч, 365 хүнд холбогдох 185 хэргийг мөрдөн байцаалтанд буцаажээ. Мэн 268 хүнд холбогдох 75 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3979 хүнд холбогдох 2786 хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Yүнээс гэмт хэрэгт холбогдсон арван хүнд эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 380 хүнд холбогдох 222 хэргийг шийдвэрлэх шатанд байна гэсэн. Ташрамд хэлэхэд өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн гэмт хэргийг урьд онтой харьцуулахад эрүүгийн хэрэг 329 буюу 13.3 хувиар, ял шийтгүүлэгч 204 буюу 5.4 хувиар өсчээ.
Тухайлбал, эрүүгийн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 6.6, Баянгол дүүрэгт 6.7, Чингэлтэй дүүрэгт 17.0, Хан-Уул дүүрэгт 30.7, Сонгинохайрхан дүүрэгт 15.9, Налайх дүүрэгт 21.9, Багануур дүүрэгт 47.0 хувиар өссөн байна. Харин нийслэлийн Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэрэг урьд оны мөн үетэй адил байгаа аж.
Эрүүгийн хэргийг тодорхой бүлэг болгон анхаарал татаж байгаа төрлөөр нь авч үзвэл, нийт хэргийн 21.5 хувь, ял шийтгүүлэгчдийн 15.5 хувийг хүний амь, хэргийн 12.3 хувь, ял шийтгүүлэгчдийн 8.6 хувийг тээвриин хэрэгслиин хөдөлгөөний аюулгүй байдал, хэргийн 9.3 хувь, ял шийтгүүлэгчдийн 9.3 хувийг танхайн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Гэмт хэргийн улмаас нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас иргэдэд 3.8 тэрбум, улсад 13.3 сая төгрөгийн хохирол учирчээ. Гэмт хэргийн улмаас 285 хүний амь хохирч, 278 хүний биед хүнд гэмтэл, 268 хүний биед хүндэвтэр гэмтэл, 647 хүний биед хөнгөн гэмтэл учирсан байна.
Мөн сүүлийн үед ихээхэн гарах болсон залилангийн гэмт хэрэг нь гарч байгаа гэмт хэргийн тав орчим хувийг эзэлдэг аж. Гэхдээ энэ нь бага тоо биш бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс гарч байгаа хор уршиг нь маш их байдгаас байнга анхаарал татаж байдаг аж. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн арга улам нарийсч байгаа талаар шүүгчид хэлеэн юм. Тэд залилагчид ихэвчлэн иргэдийг гадаадад гаргаж өгнө, виз гаргана гэх мэтээр хуурч их хэмжээний мөнгийг нь авдаг. Харин иргэд мэдсээр байж хууртчихаад сүүлд нь би хохирлоо гэж ирдэг хэмээж байсан. Тиймээс энэ бүхэнд иргэд анхааралтай байж, ямар хүнд итгэхээ анхаарч байвал зохино гэсэн юм.
Ташрамд хэлэхэд Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийг хүртээмжтэй байх чадварыг сайжруулах үүднээс иргэд, байгууллагын гомдол, хүсэлт, өргөдөлийг улсын хэмжээнд бүх шатны шүүх үргэлж хүлээж авахаар болсон байна.
Өнөөдрийн монгол сонин 104, 105/274, 275/
Х. Ганаа