Шилжилтийн үеийн Монгол улсад үндэсний үзэл сэргэж байна
2003 оны арванхоёрдугаар сард таван боть бүхий Монгол Улсын түүх хэвлэгдэн гарсан. Өмнө нь хэвлэгдэж байсан түүхийн номуудаас ялгаатай нь энэ номыг Монгол Улсын эрдэмтэд бие даан дангаар бичсэн юм. Энэ ном олон шинэ агуулгатай. Нэгдүгээрт, археологийн судалгааны дүнг ашиглан монгол газар нутагт хүн амьдарч байсан түүхийг 450 мянган жилээр урагшлуулж, 750 мянган жилийн өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн аж төрж байсан төдийгүй дэлхийд мал аж ахуй анхлан үүсч хөгжсөн гурван газрын нэг гэж үзсэн. Хоёрдугаарт, Чингис хааны Монголын хийгээд дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бүхэлд нь шинэчилж, үндсээр нь өөрчлөн, урьдынхтай адилгүй байр сууриас дүгнэн, Чингисийг даяаршлын эхлэлийг тавигч, Монгол Улсыг эмхлэн байгуулагч агуу их удирдагч, Монгол үндэстний ялагдашгүй баатар, аугаа их хүн гэх зэрэг үзэл санааг гаргаж ирсэн. Шинэ түүх нь монгол хүний өвөг дээдэс эрт дээр үеэс өөрийн гэсэн газар нутагтай, хоёр мянган жилийн өмнө өөрийн улсаа байгуулсан, Монгол Улсыг Хүннү болон Их Монгол гүрний залгамж, Чингис хааныг Монгол Улсыг үндэслэн байгуулагч, 1911, 1921 оны хөдөлгөөнийг үндэсний хувьсгал, үндэсний ардчилсан хувьсгал байсан, манж нар бол түрэмгийлэгчид, Цин улсын хаан бол колоничлон ноёлогч гэсэн үзэл санааг гаргаж тавьсан. Монгол Улс ийнхүү хүч, хөрөнгө үл хайрлан түүхээ засварлаж, түүхийн бодит байдлаас хүчтэй нүүр буруулан, Хятадтай хэлхээ холбоо бүхий туүхээ үгүйсгэж байна. Yүний зорилго нь соёлын аюулгүй байдлаа чангатгаж, соёл, түүхийн талаар хөрш орнуудаасаа ялгарах тод зааг тогтоох явдал юм.
3. Уламжлалт бичиг үсгээ янз бүрийн, түүний дотор уйгур, уйгуржин монгол, дөрвөлжин, тод зэрэг бичиг үсэг хэрэглэж иржээ. XX зууны 30-аад он хүртэл монгол үндэстнүүд дагнан уйгуржин монгол бичиг, баруун монголчууд тод бичиг хэрэглэж байсан. 20-30-аад оны үед хуучин ЗСБНХУ-ын Буриадын Автономит Бүгд Найрамдах Улс болон Халимагийн Автономит Бүгд найрамдах улс уламжлалт бичиг үсгээ сольж кирилл үсгэн дээр тулгуурласан шинэ бичиг хэрэглэх болжээ. 40-өөд оны үед БНМАУ (өнөөгийн Монгол Улс) мөн уламжлалт бичгээ сольж, 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс даяараа кирилл үсэг хэрэглэх болсон байна. 1990 онд Монгол Улсад өөрчлөлт гарсны дараа 1991 оны тавдугаар сард Монгол Улсын. Бага хурал (парламентын байнгын хороо)-ын 36 дугаар тогтоол гарч, 1994 оноос эхлэн улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэхээр болсон. Гэвч зардал хөрөнгө зэрэг шалтгаанаас болж уг шийдвэр хэрэгжээгүй юм. 1995 онд Монгол Улсын Их Хурал Засгийн Газраас өргөн барьсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-ийг баталж, уламжлалт бичгээ сэргээж чадаагүй шалтгааныг дүгнэн 10 жилийн хугацаатай монгол бичгийг сэргээн хэрэглэх хөтөлбөрийг баталсан. 2005 онд энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч улс даяар монгол бичгийг сэргээн хэрэглэх зорилт хэрэгжээгүйгээр үл барам уламжлалт бичиг үсэг нь Монголын соёлын бэлгэ тэмдэг төдий ач холбогдолтой зүйл болсон байна. Одоогоор зөвхөн төр, засаг болон яам, албан байгууллагуудын тамга, тэмдэгт уламжлалт монгол бичгийг хэрэглэж байна. Гадаадын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авдаг Монгол Улсын Төрийн ордны хүндэтгэлийн танхимд мэн Чингис хааны сургаал үгийг монгол бичгээр бичиж байрлуулсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны тавдугаар сарын 2-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улс анх удаа төрийн хэмжээнд монгол бичгийг хэрэглэсний 800 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж буйн зорилго нь Монгол Улсын соёлын түүхийг дэлхийд таниулах, ард иргэдийн үндэсний ухамсар, бахархлыг сэргээх, уламжлалт монгол бичгийг сэргээх үйл ажиллагаанд түлхэц өгөхөд оршиж байна. 2004 онд Монгол Улсын Засгийн газар 2001 оноос хойшхи Ерөнхийлөгчийн зарлигийг уламжлалт монгол бичгээр нэг хувь хөтлөн үүрд хадгалж, хойч үедээ соёлын өв болгон үлдээх шийдвэр гаргажээ.
4. Уламжлалт зан заншлаа сэргээн, уламжлалт соёлын талаархи судалгааг эрчимжүүлж байна. Монгол ардын хувьсгал ялснаас хойш 1990 он хүртэлх 70 гаруй жилийн хугацаанд Монголын зарим уламжлалт баяр ёслол болон зан үйл орхигдож, зарим нь бүр мартагдаж үгүй болсон байна. 90-ээд оноос эхлэн Монгол Улс уламжлалт соёл, зан заншлын судалгааг эрчимжүүлж соёл, зан заншлаа сэргээх талаар багагүй ажил хийлээ. үүнд, монгол тооллоор шинэ жилийг тэмдэглэх, төр, засгийн удирдлагууд монгол тооллын шинэ жил, ардын хувьсгалын ялалтын ой зэрэг томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаа өмсөх, цагаан сараар золгож мэндлэхдээ заншил ёсоор хөөргөөр тамхилах, төр, засгийн тэргүүн нар тамгаа шилжүүлэхдээ хадган дээр тавьж өргөн, мөнгөн аягатай сүү барих, Монгол Улсын Ерөнхийлөгч уулын тахилгын ёслолд биечлэн оролцох, цэрэг армид хар сүлдийг тахих, төр, засаг төрийн цагаан сүлдийг тахих зэрэг уламжлалт ёс заншлыг сэргээн, цэргийн ангиудад ёс заншлын танхим байгуулж, ламаар ном уншуулахыг зөвшөөрсөн. Ард түмний уламжлалт зан заншил аажмаар сэргэн төрөөс үндэсний уламжлалт соёлын өвд ихээхэн анхаарч морин хуур болон уртын дууг хүн төрөлхтөний соёлын өв-д бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, хөрөнгө мөнгө гарган ахмад урчуудын урлал бүтээлийг уламжлуулан авч, соёлын өвийг авран хамгаалж байна.
5. Бурханы шашныг дэмжин, уг шашнаар гол болгосон шашны бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсад шилжилтийн үед уламжлалт шашин түргэн сэргэж байгаагаас гадна бусад олон шашны шинэ урсгал ч нэвтрэн орж ирж байна. XYI зуунаас эхлэн Түвдээс нэвтэрсэн бурханы шашин Монголын түүхэнд чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Олон шашин зэрэг оршин тогтнох хандлагатай тулгаран Монгол Улс 1993 онд Төр, шашны харилцааны тухай хууль баталжээ. Энэ хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт Монгол Улсын төр ард түмнийхээ амьдрал, соёлын уламжлалыг хамгаалах үүднээс бурхны шашны Монгол Улс дахь зонхилох байр суурийг хүндэтгэнэ. Энэ нь иргэдийг бусад шашин шүтэхэд саад болохгүй юм гэж заажээ. Бурханы шашны голлох байр суурийг хадгалахын тулд засгаас хөрөнгө гарган Гандан хийдэд Жанрайсэг бурхныг бүтээн босгож төр, засгийн тэргүүн нар монгол тооллын шинэ жил бүрээр Гандан хийдэд ирж Жанрайсэг бурханд мөргөх болсон. 1990 оноос хойш дөрвөн удаа XIY Далай ламыг Монгол Улсад айлчлахыг зөвшөөрөн, Монгол Улсыг бурханы шашинт улс хэмээн онцлон сурталчилж, Далай ламын цагаачилсан Энэтхэг болон бусад орноос лам хувраг урьж ирүүлэхийг дэмжин, гадаад оронд бурхны шашны сүм хийд барьж, Төвдийн бурханы шашны олон урсгал болон бусад улсын бурхны шашинтнууд, олон улсын энх тайвны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. 2003 оны есдүгээр сард бурханы шашны телевизийн суваг нээсэн.
6. Чингис хааны судалгаа, сурталчилгааг эрчимжүүлж байна. Чингис хаан нь нэрт түүхэн хүн бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мянганы аугаа хүн юм. Тэрээр Монголын тал нутгийг нэгтгээд зогсохгүй Монгол үндэстнийг бий болгон Евро-Азийн олон улс, үндэстэнд асар их нөлөө үзүүлсэн хүн. Мөн өрнө, дорнын соёлын солилцоо, төрийн өөрчлөлт, дэлхийн түүхийн хөгжилд өмнө байгаагүй үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улс мөн Чингис хааны энэхүү даян дэлхийд танигдсан алтан гэрэгэ-ний үнэ цэнийг ойлгож, бүх талаар ашиглан сурталчилж байна. Чингис хаан бол монгол үндэстний баатар, Монгол Улс бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улсыг залгамжлагч гэж нотлох санаатай археологийн судалгааны болон сурталчилгааны ажлыг эрчимжүүлж байна. Хятадын судлаачдын Чингис хаан бол хятад үндэстний өвөг дээдэс, Чингис хаан нь монгол үндэстний төдийгүй бас хятад үндэстний баатар гэсэн үзэл, үнэлэлтийг монголчууд огт ойшоохгүй байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс археологийн судалгааны ажилд онцгой анхаарч байна. 1990 оноос эхлэн Япон, АНУ, БНСУ, Турк, ОХУ зэрэг улстай археологийн талаар хамтран ажиллаж, гол нь Чингисийн онгоныг олох, ингэснээрээ Чингис нь Монголд төрсөн төдийгүй, Монголд онгологдсон, Монголын хаан гэж нотлох зорилготой байна. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтран Их Монгол Улс байгуудагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурсан. Энэхүү зарлигийн дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил 2006 онд нэлээд олон арга хэмжээ зохиох юм.
Yүнтэй холбогдуулан 2004 онд Ерөнхий сайдаар ахлуулсан зохион байгуулах хороо байгуулагдсан. 2005 оны арванхоёрдугаар сард мөн Ерөнхий сайдын удирдлагаар гадаад, дотоодод салбартай, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн 2006 оны дурсгалын арга хэмжээнд зориулахаар цуглуулсан хандивын хөрөнгөөр Их Монгол Улс-800 сан байгуулаад байна. Yүний зорилго нь Хятад Улстай соёлын холбоотойгоо үгүйсгэн таслахад л оршиж байгаа юм.
ХОЁР. ОЛОН ТУЛГУУРТ ГАДААД БОДЛОГЫН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАВ
1990 оноос өмнө Монгол Улс гадаад бодлогын хувьд ЗХУ, зүүн Европын социалист лагерийн нэг тал-ыг барьсан гадаад бодлого баримтлагчдын эгнээнд багтаж байв. Улс төрийн хувьд ЗХУ-ын эрх ашгийг хамгаалж, эдийн засаг нь ЗХУ болон ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудыг түшиж, соёлын хувьд Зүүн Европыг дагаж байсан. Хүйтэн дайны үе төгссөнөөр Зүүн Европын байдал өөрчлөгдөн, ЗХУ задарч Монгол Улсын гадаад харилцааны орчинд бодит өөрчлөлт гарсан. Монгол Улсын улс төрд ардчиллын үйл явц өрнөж эхэлсэн бөгөөд зах зээлийн эдийн засаг руу шилжих болсон. 1993 онд Монгол Улс шинэ Yндсэн хуулиа мөрдөж эхэлсэн бөгөөд түүний 10 дугаар бүлгийн нэг дүгээр заалтад Монгол Улс олон улсын хэм хэмжээнд нийцсэн энх тайванч гадаад бодлого баримтална гэж заасан. 1994 онд Монгол Улсын Их Хурал Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал-ыг батлан гаргаж эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт хэмээн гадаад бодлогоо тодорхойлж, гадаад харилцааныхаа үндсэн чиглэлийг бий болгосон. Түүний дотор Орос, Хятад хоёр их хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэдгийг тодорхойлсон. Мөн АНУ, Япон, ХБНГУ, хөгжингүй бусад оронтой харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Ази, Номхон далайн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэж заасан Ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутагт тэргүүлэгч гадаад бодлого явуулна гэсэн. НYБ болон түүний харьяа байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС-тай харилцаа хөгжүүлэх нь дэс дараагаараа Монгол Улсын гадаад бодлогын 2, 3, 4 дэх чиглэл болсон. Сүүлийн жилүүдэд энэ үзэл баримтлалаа мөрдсөнөөр Монгол Улсын гадаад харилцаа цоо шинэ дүр төрхтэй болсон.
ГУРАВ. ЭХ ОРОНЧ YЗЛИЙГ ТӨЛӨВШYYЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Монгол Улс нь залуу үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарч байна. 2004 онд Монгол Улсын Их хурал Улсын тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль-д нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг Эх орончдын өдөр (1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Ардын Хувьсгалт Нам анхдугаар их хурлаа хийж, намынхаа мөрийн хөтөлбөрийг баталж, Төв хороогоо байгуулсан) болгон тэмдэглэж байхаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч эх оронч үзлийг төлөвшүүлэхийг удаа дараа онцлон тэмдэглэж, хүүхэд, залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх нь улсын тусгаар тогтнолын гол баталгаа болно гэж хэлсэн. Ерөнхийлөгч мөн улсын анхдугаар үндсэн хуулийг баталсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын удирдлагаар Засгийн газар нь алт, мөнгө, үнэт чулуугаар урласан дэлхийд хосгүй Монголын нууц товчоо номыг бүтээж Төрийнхөө ордны хүндэтгэлийн танхимд залжээ. Түүний зэрэгцээ айл өрх бүр Монголын нууц товчоо-г гэрийнхээ хойморт залж, эрдэмтэн мэргэд бүгдээрээ түүнийг гүнзгийрүүлэн судлах, оюутан, сурагчдад төлөвлөгөөтэйгээр заан таниулахыг уриалсан.
Монгол Улс эдийн засгийн бэрхшээлтэй байгаа хэдий ч үндэсний баатрын тухай уран сайхны болон баримтат кино бүтээж, ингэснээр эх оронч үзэл санааг сурталчлан дэлгэрүүлж, эх оронч хүмүүжил олгох өв материал бий болгох зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах болсон.
ДYГНЭЛТ
Дээр дурдсан байдлыг дүгнэн үзэхэд, Монгол Улсын дотоодын давхарга буюу нийгмийн хүрээнд үндэстний асуудал төдий л түвэгтэй биш. Энэ нь ердөө цөөн тооны казахчуудын зүгээс тавьж буй хэрээс хэтэрсэн шаардлагаар илэрдэг. Иймд Монгол Улсын Засгийн газар зөвхөн цөөнх үндэстнээ онцлон анхаарсан, зах хязгаар нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн, тохиромжтой үндэсний бодлого баримталснаар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чадна. Харин үндэсний хэт даврах үзэл Монголд оршин тогтносоор байгаа нь Монгол Улсын Хятад, Орос хоёр хөрштэйгээ хөгжүүлэх харилцаанд тусах нөлөөллийг дэвэргэх магадлалтай. Тиймээс Монгол Улсын Засгийн газар түүнийг дураар нь тавьж өчүүхэн зүйлийн төлөө том алдаа гаргахгүй биз гэж итгэж байна. Монголын нийгэмд үндэсний хэт даврах үзлийг хөхиүлэн дэмжих орон зай маш бага. Гэвч Хятадын эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийн аливаа үйл явуулга нь Монгол, Хятадын харилцаа болон Хятадын дотоод дахь үндэстэн хоорондын харилцаанд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой.
Монгол Улсын албан ёсны үндэсний үзлийн зорилго тодорхой. Энэ нь
1. Даяаршлын хүчтэй дайралтад хариу барих. Асар хурдтай хөгжиж буй шинжлэх ухаан технологи болон мэдээллийн технологи нь даяаршлыг аяндаа хурдасгаж байна. Энэ нь улс төр, эдийн засагт төдийгүй нийгэм, соёлын бүх салбарт Монгол мэтийн буурай орныг нэрвэх нөлөө ихтэй. Ийм нөхцөлд даяаршилд яаж хариу барих нь Монгол Улсын Засгийн газрын хувьд хамгийн ихээр сэтгэл зовоосон асуудлын нэг мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч нэгэнтээ Монгол Улс Даяаршилд уусан орох уу, эсвэл дангаараа хоцрогдмол үлдэх үү гэсэн сэдвээр уншсан лекцдээ Монгол Улс улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн салбарт даяаршилд аяндаа татагдан орно. Гэвч соёл, урлагийн талаар уламжлалт охь дээжээ хадгалан үлдэж, дэлхийн соёлын олон төрөл зүйлд хувь нэмрээ оруулах ёстой гэж тэмдэглэсэн.
2. Монголын ард түмний тэмцэх зориг санааг бадрааж, гутрангуй үзлийг /итгэлээ алдах/ багасгах. Монгол үндэстэн Чингисийн үед Евро-Азийг довтолсноор хүн төрөлхтний соёлын солилцоонд асар их хувь нэмэр оруулсан. Харин XX зуунд дэлхийн хамгийн хоцрогдмол хэсгийн нэг болж ухарсан. Монголд ардын хувьсгал ялсны дараа Монгол Улс дэлхийн хоёр дахь социалист орон болж эдийн засаг, нийгэм нь хурдтай хөгжиж, гялалзсан амжилт олж байсан. Дараа нь Зүүн Европ болон ЗХУ-ын өөрчлөлтийг даган Монгол Улсын эдийн засаг, нийгэм гүнзгий хямралд орсон боловч сүүлийн жилүүдэд эдийн засагт нь нааштай зарим төлөв байдал ажиглагдаж байгаа. Гэвч ажилгүйдэл буурахгүй, баян хоосны ялгаа нэмэгдсэнээр иргэдийн дунд улсынхаа хөгжилд итгэл алдрах явдал байсаар байна. Иймээс Монгол Улс томоохон түүхт өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээ өрнүүлж байна. Yүний гол зорилго нь эх оронч үзлээр хүмүүсийн ухамсрын хоосон орон зайг нөхөх, ард түмний үндэсний бахархлыг сэргээх, нэгдэл нягтралаа нэмэгдүүлэх, нийгмийн шат давхарга хоорондын хагарлыг багасгахад оршиж байна.
3. Соёл болон сэтгзл зцйи хувьд хоёр хөршөөсөө ялгагдах зааг хязгаар тогтоох. Монгол Улсын газар зүйн байршил өөрийн онцлогтой, Орос, Хятадын дунд байрладаг, тусгаар тогтнохоосоо өмнө Цин улсын дарлалд байсан. 1921 онд ардын хувьсгал ялсны дараа ах ЗХУ-ын нөлөөнд олон жил байсан. Тийм ч учраас Монгол нь Хятад болон Орост эргэласэн хэвээр байна. Монгол Улс хоёр их гүрний дунд хавчуулагдсаар харьцангуйгаар доройтож буурчээ. Урьд нь зөвхөн хоёр их гүрний хооронд нүүдэллэж явсан Монгол одоо олон тулгуурт гадаад бодлогоор улсынхаа аюулгүй байдлын стратегийн зорилтыг хангахыг зорих болсон. Улсын аюулгүй байдлын стратегид нь гадаад бодлого болон соёлын аюулгүй байдлын стратеги гол байрыг эзэлж байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд гурав дахь хөрш гэсэн онол дэвшүүлэн гаргаснаар АНУ, Япон зэрэг өрнөдийн орнуудтай ойртон нягтарч, чингэснээрээ Орос, Хятад хоёр хөршийнхээ оролцоог хязгаарлах, улс төр, эдийн засгийн салбарт аль нэг хөршөө дагнан түшихээс зайлсхийх замаар улсынхаа аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахыг хичээж байна. Соёлын ялгаа, зааг бий болгож байгаа нь хоёр хөрштэйгээ хилийнх шиг зааг тогтоох, Монгол Улс хэзээнээсээ биеэ даасан тусгаар улс, өөрийн онцлогтой соёлын уламжлалтай, хэл бичиг, шашин, ёс заншилтай гэж харуулах зорилготой.
4. Дэлхий нийтийн анхаарлын төвд байж, олон улсын тавцапд нөлөө, байр сууриа нэмэгдццлэн, эдийн засгаа хөгжүүлэх. Монгол Улс дэлхийд хэний ч нүдэнд үл өртөх өчүүхэн орон. Бас онцгой анхаарал татах бүс нутаг ч биш. Олон улсын үйл хэрэгт оролцох нөлөө нь хязгаарлагдмал. Иймээс Монгол Улс Чингис хаан болон бурханы шашны нэр нөлөөг ашиглан өөрийгөө сурталчлах, өөрийн онцлогтой үндэстний соёлын тусламжтайгаар аялал, жуулчлал хөгжүүлэх, дэлхийн хүн зоны анхаарлын төвд орох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чингэснээрээ өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахыг хүсч байна.
Монгол Улс бол Хятадын умард гол хөрш орон. Монголын үндэсний үзэл санааны урсгал, давалгааны онцлогийг хурц соргогоор танин мэдэх нь бидний хувьд Монгол Улстай эрүүл саруул харилцаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/