Төр шударга бус өрсөлдөөнийг бий болгож байна

Энэ үгийг өнгөрсөн мягмар гаригт Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулсан уулзалт ярилцлагын үеэр нэгэн бизнесмэн хэлсэн юм.
Хэдийгээр энэ уулзалт ярилцлага дөрвөн цаг гаруй үргэлжилсэн ч тэнд цугларсан 50 гаруй бизнесмэн шударга бус өрсөлдөөн юунаас эхлэлтэй болоод ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байв. Тэдний үзэж байгаагаар шударга бус өрсөлдөөнийг бизнесийнхэн хоорондоо бий болгож байна гэхээсээ илүүтэй төр бий болгож байгаа гэж үзэж байв. Энэ талаархи зарим нэг хүний байр суурийг илэрхийлбэл

Петровис компанийн захирал Б.Оюунгэрэл
-Шударга бус өрсөлдөөн л гэхээр үнийн асуудал яриад байна. Гэтэл шударга бус өрсөлдөөний цаана чанар, байгаль экологид хоргүй техник хэрэгсэл гээд асар их зүйл ордог. Өнөөдөр шударгаар өрсөлдөх орчин гэж алга. Энэ бүгдийн цаана төр байгаа. Төр аливаа зүйлд орлоо л бол заавал будлиантуулдаг. Энэ бүгдийн гол буруутан нь төрийн албан хаагчид. Тэд тухайн нөхцөл байдлыг мэдрэх ямар ч мэдрэмж байхгүй. Хуулиа хараад тэг ингэ гэдэг. Энэ шийдвэр нь бизнесийн зах зээл дээр сөргөөр нөлөөлснөөс болж шударгаар өрсөлдөх замыг хааж байна. Бас төрийн агентлагуудын ажил үүрэг давхардаад байна гэв.

Нисэхийн Хангарьд компанийн захирал Л.Лхагваа
-Өнөөдөр шударга зүйл байхгүй болсон. Үүний жишээ нь гэвэл хэдэн жилийн өмнө МИАТ-ийн онгоцны мотор нь агаарт эвдрэхэд тухайн үед нислэгийн даргаар ажиллаж байсан хүнийг албан тушаал бууруулж нисгэгч болсгон. Гэтэл саяхан манай компанийн онгоц нислэг үйлдэж байхдаа хөдөлгүүр нь агаарт унтарсны төлөө манай компанийг татан буулгах тухай ярьж байна. Төрийн байгууллагын энэ мэт шийдвэр шударга бус өрсөлдөөнийг бий болгож буй хэрэг. Бид энэ зах зээл дээр өрсөлдөх эрхтэй биз дээ. Гэтэл төрийн албан тушаалтнууд ийм ялгавартай шийдэж байхад бид яаж шударга өрсөлдөхөө мэдэхгүй байна гэсэн юм.
Энэ уулзалтад оролцогсод бизнесийнхний шударгаар өрсөлдөх замд төр, засгийн шийдвэр зайлшгүй нөлөөлдөг бас ямар нэг байдлаар үйл ажиллагааг чөдөрлөдөг гэж байв. Үүний жишээ нь Тод тамга компани. Тус компанид тамга тэмдэг хийх зөвшөөрлийг Үйлдвэр, худалдааны сайд нэг жил хагасын өмнө олгожээ. Гэтэл үйл ажиллагааны байцаагч нь тамга биш зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын тэмдэг хийх зөвшөөрлийг олгожээ. Ийнхүү сайдын гаргасан тушаалыг албан тушаалтан нь үгүйсгэжээ. Гэтэл ЦЕГ-ын харьяа Монгол тамга компани тэдний үйл ажиллагааг хязгаарлан зөвхөн манайх л тамга тэмдэг үйлдвэрлэх эрхтэй байгууллага хэмээн дарамтад оруулж эхэлжээ. Бүр үйл ажиллагааны тайланг ч аваагүй байна.
Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс хариулахдаа
-ЦЕГ төрийн албыг гүйцэтгэж байгаа байгууллага. Иймээс өөрсдөө ашиг олох зорилгоор ямар нэг бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага гэсэн юм.
Манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт ороод 20 шахам жил болж байгаа. Энэ хугацаанд зах зээлд өрсөлдөх орчин чөлөөтэй бүрдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Үүний жишээ нь 1990 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг төрийн өмчит үйлдвэрийн газар үйлдвэрлэдэг байсан бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байгаа. Гэтэл тэдний бизнесийн үйл ажиллагаанд бодит байдал дээр ийнхүү төрийн дарамт шахалт ирдэг бололтой. Энэ асуудлаар Дэлхийн эдийн засгийн форумаас судалгаа хийхэд бизнес эрхлэхэд хамгийн их тулгардаг бэрхшээлтэй асуудалд
1. төрийн хүнд суртал
2. дэд бүтэц
3. татварын хэмжээ
4. авилга ордог гэжээ.
Эндээс үзэхэд шударга бус өрсөлдөөн гэдэг бидний төсөөлж байсан аж ахуйн нэгж хоорондын асуудал биш харин төрийн зүгээс шударга бус өрсөлдөөнийг бий болгодог аж.
Ер нь шударга бус өрсөлдөөний талаар манай хууль тогтоогчид эртнээс ярьсан гэж болно. 1993 онд тусгай хууль батлан гаргаж, 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ хуулийг ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй гэж бизнесийнхэн дүгнэдэг.
Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын хувьд байгуулагдаад дөнгөж нэг жил таван сарын хугацаа үзэж байгаа. Хэдийгээр хууль нь батлагдаад хянах байгууллага нь бий болсон ч өнөөгийн нийгэмд үүсээд буй байдлыг гүйцэж чадахгүй байна уу даа гэлтэй.
Иймээс хуулиа өөрчлөх шаардлага зайлшгүй гарч ирнэ. Шударга бус өрсөлдөөнийг төр бий болгодог гэж дээр дурдсан. Тэгвэл энэ байгууллага төрд харьяалагдаж байна гэж болохоор. Учир нь энэ байгууллага Шадар сайдын ажлын хэсэгт багтдаг. Гэтэл Шадар сайд нь Засгийн газрын гишүүн. Иймээс Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг бие даасан байгууллага болгох хэрэгтэй болов уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button