Хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхэд баяраа хийв

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнөхөн болж буй энэ арга хэмжээг Хүүхдийн инээмсэглэл нэрийн дор зохион байгуулж байна.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаагийн 34 мянга нь хүүхэд байдаг. Хөөрч хөгжиж, тоглох насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон тэр олон мянган хүүхэд, эцэг эхийн төлөөлөл болсон 1000 иргэн хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга М.Энхболд өчигдөр 1000 хүүхдийн баярт ирсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Манай Засгийн газрын анхаарлын төвд хүүхдийн асуудал байнга байдаг. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын асуудлаар төрийн болоод орон нутгийн төр, захиргааны байгууллага ихээхэн анхаарал тавьж тодорхой арга хэмжээг авч ирсэн сайхан уламжлалтай. Энэ баярыг монголчууд бид 55 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө хуран чуулж бэрхшээл зовлонгоо ярилцан зөвшилцөж төр, засагтаа дуу хоолойгоо хүргэн Хөгжлийн стратеги төлөвлөгөөний төсөл гаргаж өгсөн. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэх болно. Саяхан л гэхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалахаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулах үүргийг сайд нарт өгсөн гэж онцолсон юм. Энэ буяны арга хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Италийн Засгийн газрын Айфо байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Оргилуун төв, Ангария компани, Тэнгэр хүнсний бөөний төв зэрэг байгууллага хамтран тэмдэглэж байна. Сургууль, цэцэрлэгээсээ өөр газарт арга хэмжээнд оролцох нь ховор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг өдөр үе тэнгийн найз нарынхаа урлагийн тоглолтыг үзэж, ах эгч нараасаа бэлэг авч жирийн хүүхэд шиг баярлаж чадлаа.
Дашрамд дурдахад манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн таван сургууль, гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулж ийм хүүхдүүдийн 20 хувийг хамруулдаг гэсэн албан тоо байдаг юм байна.

Д.МЯГМАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button