Бүтээлч зөвлөгөө
-Солгой хүнд зориулаад зүүн талдаа сэнжтэй аяга хийчихэж болдоггүй юм байх даа. Уул нь ядах юмгүйсэн.
-Харин тэгдэг л улс даа. Энгийн зүйлийг цаадуул чинь ямар юман чинээ бодох биш.
-Бүхэл бүтэн таван зууны турш уур хүрмээр нэг л янзын аяга сав хийж ирсэн байх юм. Гадна талыг нь ингэж сүйтгэснээс сэнжийг нь дотор талд хийчих ухаан сийлээгүй л байгаа юм даа.
-Хэлээд юүхэв. Yүнийг ухаартлаа ч өдий биз дээ.
Йосселе аягатай кофеноосоо дуртай дургүй ганц балгана.
-Жижиг сажиг зүйлсийг бодолцоно гэж ер байхгүй. Наад зах нь л оёдлын машины зүү байна. Энэ хорвоо дэлхий дээр өдөрт дор хаяж зуун мянган хүн гараа хатгаж байна гээд бод л доо. Хийж байгаа улсууд нь арай л ухаан сийрэгхэн байгаад, зүүнийхээ хоёр талд сүвэгч гаргаатахсан бол ядаж хүний цус урсах нь бага болохгүй юу.
-Яг үнэн. Самны үйлдвэрийнхэн ч бас толгой муутай улс. Халзан хүмүүсийг харж үзээд шүдгүй сам хийгээд өгөхөд ер болохгүй нь юу байна аа.
-Хааяа чиний наад толгойд хөгийн юм их орно шүү.
Би юм хэлсэнгүй. Гомдохдоо би дуугаа хураачихдаг юм. Йосселе залгуулан номлосон нь
-Дандаа нэг дэмий юм бодно. Хүн хэрэгтэй юм ярьж байхад…
Жишээ нь үсний хагийг хуванцараар хийж болж байна. Хүн аваад явахаар жижиг гялгар
уутанд савлачихгүй юу. Ямар ч хүн тэрийг чинь толгойдоо цацчихаж чадна биз дээ.
-Жинхэнэ шигээ харагдаж чадах юм уу даа, тэгээд хэмээн би зөрөв.
-Дурандаад үзсэн ч жинхэнээс ялгарахгүй гэж мэд. Ер нь одоо шинэ материалаар шинэ юм хийж байх хэрэгтэй. Шилээр малгай хийх жишээтэй.
-Түүгээр чинь яах юм?
-Яахав өмсөж байгаад унагачихвал авах гэж хойноос нь тонгойх явдалгүй болно шүү дээ.
Нээрээ боломжийн юм. Хүн төрөлхтөн нэлээд урагшилж буйг би аргагүй хүлээв. Тэгээд хэллээ.
-Дээр доороо тус бүр дөрвөн хөлтэй хоолны шүүгээ байвал яасан юм?
Йосселе гайхсан байртай наашаа харав. Намайг энэ зэргийн юм хэлнэ чинээ санаагүй бололтой.
-Дээд тал нь тоосонд дарагдвал эргүүлээд тавьчихна гэсэн үг үү? Болох л юм. Ер нь гэр ахуйд хийх зүйл их бий. Адаглаад, нусны алчуур бөөрөнхий байвал зохино.
-Эвхэхгүй гэж үү?
-Тийм ээ. Зүгээр л хумьчих юм.
-Хувцсанд шинээр юм хийх санаа байна. Саяхан би нэг юм бодож олоод дор нь зохиогчийн эрхээр батлуулаад авсан.
-Юу юм?
-Дэгжин харчуулд хэрэгтэй бага оврын цахилгаан хэрэгсэл. Өмдний байдлыг хянаж байдаг гэрлэн дохио маягийн эд дээ. Нэг товч нь ч юмуу сул байж байвал
улаан гэрэл асч сануулах жишээтэй. Гэрлээ дагаад хөнгөхөн чимээ өгдөг бол бүр ч найдвартай юм.
-Төвөгтэй л эд. Би ч бас нэг зүйл сэдсэн. Хөхөөтэй цаганд механик алх зоочих юм. Цаг болоод өгөр хөхөө гараад ирэхэд дээрээс нь нам цохихоор тааруулж хийх хэрэгтэй.
-Өнөө цуутай агрономич Мичурины бүтээл чамд ямар вэ?
-Юу билээ?
-Тарвасыг ялаатай эвцэлдүүлсэн.
-Аа, яс нь өөрөө нисээд явчихдаг уу. Яахав дээ, олигтой ч эд биш. Тэгсэнд орвол бичгийн машиныг эрдэнэшиштэй эвцэлдүүлсэн нь дээр. Yрийг нь эгнээгээр цөмөхөд тустай. Нэг эгнээний үр дуусахад шиш маань автоматаар буцаад, дараагийн эгнээнд шилжих юм.
-Дажгүй санаа.
-Бас нэг юм бий. Хөдөө аж ахуйд хэрэглэдэг машин Америкт хийгээдэхжээ. Тэрийг баахан өөрчлөхгүй бол горьгүй. Уг нь төмсөө тарьдаг, усалдаг, хураадаг, тэгээд угаадаг, дээр нь чанаад өөрөө идчихдэг машин байвал аштай юу.
-Явж явж хүн гэдэг хэрэггүй болох нь ээ дээ, янз нь. Японд хүнтэй хөзөр нааддаг робот хийсэн дуулдана лээ.
-Тэрнээс чинь хоёрыг олж авах юмсан. Хооронд нь тоглуулж орхичихоод, явж кино үзэхгүй юу.
ЭФРАИМ KИШOH /Израиль/
Өнөөдрийн монгол сонин 104, 105 /274, 275/