Ерөнхий сайдын мэдээлэл
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Өнөөдөр Та бүхэнд малчдын амьдрал ахуйд ихээхэн хохирол учруулан, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Їндэсний эв нэгдлийн Засгийн газраас хийж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах болно.
Албан ёсны судалгаагаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40 гаруй хувь, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, сэжигтэн, яллагдагч нь оргон зайлсан гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн бүх хэргийн 70 гаруй хувийг мал хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.
Улсын хэмжээнд 1990-2004 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан ажлын хэсэг иргэд, хуулийн ажилтны дунд явуулсан санал асуулгын дүнд тулгуурлан мал хулгайлах гэмт хэрэг албан ёсоор бүртгэгдсэнээсээ 3 дахин их байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг төвийн бүсэд жилийн дөрвөн улиралд байнга, бусад бүсүүдэд улирлын чанартай үйлдэгддэг болох нь тогтоогджээ. Энэ бүхнээс үзэхэд төвийн бүс нутагт мал хулгайлах нуугдмал буюу илрээгүй хэрэг харьцангуй их байна гэж үзэх үндэстэй юм.
Төвийн бүсэд сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг ийнхүү өсөхөд дараахь хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж болно.
Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Дархан-уул зэрэг 9 аймаг, нийслэл Улаанбаатар хотыг оруулан тооцвол улсын нийт хүн амын 70.8 хувь буюу 1 сая 674.4 мянга нь, мал сүргийн 51.2 хувь буюу 12.3 сая нь энэ бүс нутагт оршиж байна. Төвийн бүсэд улсын хэмжээний бүх адууны 49.6 хувь, үхрийн 46.2 хувь, тэмээний 13.7 хувь ногдож байна. Сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй их шилжилт хөдөлгөөн, төвлөрлийг дагалдан мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийн асар их эрэлт хэрэгцээ үүсчээ.
Улсын хэмжээнд жилд 6-8 сая орчим толгой мал буюу 200-250 орчим мянган тонн мах бэлтгэж дотоодын хүнсний хэрэгцээнд зориулж байгаагийн 128.8 мянган тонн мах буюу 57.2 хувийг нь төвийн бүсийн 9 аймаг, нийслэлд хэрэглэж байгаа тооцоо байна.
Бүс нутгийн зам, холбоо харилцааны хэрэгсэл, машин техник сайжирсанаас гадна Нийслэлийн нутаг дэвсгэрт өдөр тутам мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг 4191 цэгт өдөрт дунджаар 75-80 тонн мах хэрэглэж байгаагийн дотор хүнсний зах 16, бөөний төв 10, хүнсний дэлгүүр 2462, зоогийн газар, ресторан 450, гуанз, албан газрын болон бусад цайны газар 1232 ажиллаж байгаа нь хулгайн мал, мах түргэн борлуулах боломж олгодог болжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт өртсөн нийт малын 70 хувийг адуу, 30 шахам хувийг үхэр эзэлж байгаа нь энэ бүс нутгийн мал бүхий иргэд нь байгаль, цаг уурын онцлог, түүхэн уламжлалаа дагаад бод малыг хоньчлон хариулдаггүй, дурангаар голдуу харж заншсантай холбоотой болохыг судалгааны дүн харуулсан бөгөөд 2006 онд бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн 81.3 хувийг бэлчээрээс алдагдсан хэрэг эзэлж байгаа юм.
Мөн зарим төвлөрсөн газарт мал, мах бэлтгэх төвлөрсөн цэг тогтоож өгөх ажил туйлын удаашралтай байгаад дүгнэлт хийж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн удирдлага шуурхай зохион байгуулах шаардлагатай байна.
2000 оноос хойш нийгмийн дэг журам хангах зорилтын хүрээнд хулгайн гэмт хэрэг, түүний дотор мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгоход нэлээд анхаарах болсон юм.
Малчдын санал хүсэлтийн дагуу Засгийн газрын үйл ажиллагааы хөтөлбөрт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд эрс өөрчлөлт гаргаж, хилийн зөрчил, малын хулгай ихтэй хилийн хэсэгт хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ирлээ.
Тухайлбал, хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Увс аймгийн Баруунтурууны чиглэлд 4 хилийн застав, 30 гаруй харуулын байрыг шинээр барьж, хил хамгаалалтад шилжүүлснээр анх удаа хойт хилд хилийн инженерийн төхөөрөмж байгуулж 420 гаруй сая төгрөгийн өртөгтэй 472 км өргөст утсан хашаа татах, холбооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, унаагаар хангах, орон тоог нэмэх зэрэг арга хэмжээ авч, нийт 2 тэрбум, 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ .
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газрын 2005 оны 2 дугаар тогтоолоор, Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах журам-ыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 35 дугаар тушаалаар, Мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам-ыг Хүнс, хөдөө аж ахуйн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2005 оны 175/193 дугаар тушаалаар тус тус батлан хэрэгжүүлж, бүх шатны Засаг дарга нараар ахлуулсан Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөлүүдийн ажлыг улсын хэмжээнд жигдрүүлээд байна.
Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, малчдын бүлэг, холбоог дэмжье сэдэвт 11 аймаг, нийслэл, түүний 9 дүүргийг хамруулсан ээлжит Төвийн бүсийн зөвлөгөөнийг 2006 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Хөвсгөл, Увс, Завхан аймгийн хил, хууль хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий хил дамнасан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бүсийн зөвлөлгөөн, Баянхонгор аймгийн төв болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд сумдын иргэдийн Хурлын дарга, мал бүхий иргэдийн төлөөлөлтэй аймгийн зөвлөгөөнүүдийг зохион байгууллаа.
Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр улсын хэмжээнд төлөвлөгөөний дагуу хил, цагдаа, мэргэжлийн хяналтын болон холбогдох дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний газрууд хамтран нэгдсэн арга хэмжээг тодорхой үе шаттайгаар тогтмол зохион байгуулж зохих үр дүнд хүрч байна. Зөвхөн 2006 оны 3 дугаар сарын 1-нээс зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний үр дүнд 879 бод, 447 бог мал хулгайлсан 536 холбогдогчтой, 613 эрүүгийн хэргийг илрүүлэн, 110 оргодол этгээдийг олж баривчлан, одоо хэрэг бүртгэлтийн шатанд 207 хэргийг шалгаж байна.
2005 онд 1.6 тэрбум төгрөгийн хохиролтой, 2068 холбогдогчтой, 2116 мал хулгайлах гэмт хэрэгт, 2006 оны эхний 4 сарын байдлаар 481.2 сая төгрөгийн хохиролтой, 770 холбогдогчтой, 826 мал хулгайлах гэмт хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, холбогдох шатны шүүх, прокурорт шилжүүлсэн байна. 2005 онд мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан нийт хохирлын 50.1 хувийг, 2006 оны эхний 4 сарын байдлаар 37.7 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
2006 оны 1 дүгээр улирлын байдлаар 878 хүн мал хулгайлсан хэргээр хорих ял эдэлж байна.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор орон нутгийн цагдаагийн тасаг, хэсэг, хэсгийн төлөөлөгчийн албан хэрэгцээнд автомашин 4, мотоцикл 70, хэт богино долгионы радио холбооны төхөөрөмж 210 ширхэгийг худалдан авахад шаардагдах нийт 150 сая төгрөгийг Засгийн газрын хуваарилагдаагүй зардлаас гаргаад байна. Гэхдээ мал хулгайлах гэмт хэрэг олонтаа гардаг Хэнтий, Төв аймагт тус бүр 7, Архангай аймагт 6, Дундговь аймагт 5, Өвөрхангай аймагт 3, Сэлэнгэ аймагт 1 хэсгийн төлөөлөгч дутуу байгаа тул цагдаагийн болон орон нутгийн удирдлага цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авах ёстой. Ер нь бүх шатны албан хаагчдын идэвхи зүтгэл, санаачлага онц чухал гэдгийг амьдрал харуулж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, Ц.Шаравдорж, Р.Рааш нар тойргийнхоо сонгогчдын хүсэлтийн дагуу Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн холбогдох байгууллагатай хамтран тойргийнхоо бүх сумдаар явж малын хулгайтай тэмцэх талаар сонгогчдын санал хүсэлтийг сонсох, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авах, энэ чиглэлээр зохион байгуулж байгаа уулзалт, зөвлөгөөнд тогтмол оролцож санал бодлоо илэрхийлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд тойргийнхоо цагдаагийн тасаг, хэсгүүдийг унаатай болгох талаар анхаарч байгааг энэ дашрамд дурьдахад таатай байна.
Цаашид бодлого, зохицуулалтын түвшинд шийдэх цөөнгүй асуудал байна. Їүнд
1. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд улс орныхоо бодит онцлогийг харгалзан мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой тусгай зүйл заалт бий болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26.1.2-т заасан хөнгөн, хүндэвтэр хэрэгт харъяалал харгалзахгүйгээр хэрэг бүртгэх ажиллагаа явуулах тухай заалтыг хэвээр мөрдүүлэх, холбогдогчийг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хорьж мөрдөж байх зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулж өгөхийг иргэд, олон нийтийн зүгээс ихээхэн шаргуу тавьж байна. Мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, холбооны болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох талаар холбогдох хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
2. УИХ-ын хууль тогтоох ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Мал мах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг ЇХЯ, ХХААЯ, ХЗДХЯ-наас зохион байгуулж байгаа бөгөөд ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болно. Энэхүү биржийг зохих ёсоор байгуулснаар мал хулгайлах гэмт хэрэг, махны үнийн зориудын хөөрөгдлийг бууруулахаас гадна хүнсний аюулгүй байдал, түүнд тавих ариун цэвэр, стандартын шаардлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг зохистой шийдэх боломж бүрдэх юм.
3. Мал хулгайлах гэмт хэрэг их гардаг бүс нутгийн дунд орших Хэнтий, Төв аймаг, нийслэлийн малын хулгайн нэг ёсны бэлчир болж байгаа Багануур дүүрэгт мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх аймаг, дүүрэг дундын цагдаагийн шуурхай тасаг байгуулахад шаардагдах зардлын асуудлыг шийдэрлэх хэрэгтэй байна.
4. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу бод малыг индексжүүлсэн тамганы сүлжээнд хамруулах ажлыг 2006-2008 онд гүйцэтгэхэд улсын хэмжээнд нийт 4.2 сая орчим бод малыг тамгалах, хувийн дугаар бүхий ээмэгтэй болгоход ХХААЯ-ны тооцоолсноор 3 тэрбум 123 сая төгрөг зарцуулах тооцоо гарч байгааг жил жилийн улсын төсөвт тусган ээлж дараатай шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
5. ХЗДХЯ, ХХААЯ-наас хамтран гаргасан Алдуул малыг бүртгэх, мэдээлэх журам-ын дагуу улсын хэмжээнд малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, сургалт, мэдээлэл, сурталчилгаа явуулахад бүх шатны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлүүдэд шаардагдах зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын жил бүрийн төсвийн багцад бодитой тусган олгож байх асуудлыг шийдэж өгөх шаардлагатай.
6. Хил хамгаалалтын нягтрал багатай Увс, Хөвсгөлийн хилийн чиглэлд хилийн 2 заставыг 2007-2008 онд байгуулж, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд зохион байгуулалтын чанартай тодорхой арга хэмжээг Засгийн газрын түвшинд шуурхай авч хэрэгжүүлэх болно.
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дээр дурьдсан олон ажил өрнүүлсэнийг иргэд, олон нийтийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд энэхүү саналуудын дийлэнх нь иргэдийн санал, санаачлага дээр тулгуурласан тул энэ чиглэлийн ажилд нааштай чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Засгийн газар цаашид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлаа улам эрчимжүүлэх болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ !
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож байгаа ажил, цаашдын зорилтын талаар Та бүхэнд тараасан танилцуулгад дэлгэрэнгүй дурьдсан тул энэ удаад мэдээллээ үүгээр дуусгая.
Їндэсний эв нэгдлийн Засгийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд Та бүхэн дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
/Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ/