Энэ зун 642.8 сая төгрөгөөр наадам хийнэ

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс caнхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрлөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын нийт зардлыг урьд өмнөх наадмуудаас 2.4 дахин их буюу 642.8 сая төгрөгөөр төлөвлөж байна.
Үндэсний их баяр наадам нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаж, гадаадын зочид төлөөлөгчид, жуулчид олноор ирэхээр байгаа тул баяр наадмыг урьд өмнөх жилүүдээс илүүтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь Монгол улсын нэр хүндэд ихээхэн ач холбогдолтой юм.
Засгийн газар наадмын хорооны ажилтай танилцаж, судалж үзээд Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг давхцаж байгаатай холбогдуулан орон нутаг аймаг сумдад баяр наадам хэрхэн тэмдэглэх нэгдсэн бодлого гаргаж чиглэл өгөх, наадмын нээлтийг сүрлэг хийх, хүндэтгэлийн концертыг орон даяар ТВ бүx сувгаар нэвтрүүлэх, энэ жилийн наадмаар 1024 бөх барилдах наадмын талбайг услах, Канада греен түргэн ургадаг сортоор зүлэгжүүлэх, металл хайгч, тэсрэх дэлбэрэх бодис илрүүлэгч байрлуулахыг үүрэг болгов. Мөн морины уралдааныг будилаангүй зохион байгуулахыг онцгой анхааруулав. Улсын мэргэжлийн хяналтын газар, наадмын хороотой хамтран иргэддээ үйлчлэхийг анхаарч, чанартай үйлчилгээ, баталгаатай хоол хүнсийг дэмжих, наадмын талбайд сүүдэр саравч байгуулах, боловсон бие засах газар олноор байгуулах хэрэгтэйг үүрэг болголоо.

2006.06.3 Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button