Хүүхдийн 3000-ыг ирэх сараас бүх хүүхдэд олгоно

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, гишүүд бүлэг, зөвлөлөөрөө талцаж маргалдсаны эцэст 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш гэр бүл бологсдод 500 мянга, шинэ төрсөн хүүхдэд 100 мянга, ирэх долдугаар сарын нэгнээс эхлэн 0-18 насны хүүхдэд гурван мянган төгрөг өгөхөөр тогтлоо. Хүүхдийн мөнгийг 10 мянга, таван мянга болгох саналыг Ардчилсан намын зөвлөлийн гишүүд гаргасан ч Нийгмийн бодлогын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Ашигт малтмалын гэнэтийн ашгиин татвараас улсын төсөвт 300 тэрбум төгрөгийн орлого орж ирэхээр тооцсон байгаа. АН-ын зөвлөлийн зүгээс энэ хуулийг оруулж ирэх үндэслэл нь хүүхдийн мөнгийг 10 мянга болгох санаа байсан. Гэтэл хүүхдийн мөнгөний асуудлыг Гэнэтийн ашгийн татварын орлоготой уялдуулан байнгын хороогоор хэлэлцсэн үү гэж гишүүн ,Э.Бат-Үүл асуулаа. Байнгын хорооны дарга Т.Ганди, энэ асуудлыг дөрвөн ч удаа хэлэлцсэн. Гэнэтийн ашгийн татварын хуримтлалын гуравны нэгийг хүүхдийн мөнгөнд зарцуулах тухай яригдаж байсан гэлээ. Гишүүнд энэ хариулт хангалтгүй байсан бололтой, МАХН-ны гишүүдээс дахин асуумаар байна. Байнгын хорооны хуралдаанаар хүүхдийн мөнгий 10 мянга болгохыг танай намын гишүүд эсэргүүцсэн байна.

Өмнө нь энэ асуудал яригдахад мөнгө байхгүй гэдэг байсан. Одоо төсвийн орлого нэмэгдээд байхад яагаад эсэргүүцсэн хэвээр байгаа юм бэ гэхэд, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн, санхүүгийн боломждоо л тулгуурлаж байна. 2005 оны эхээр тодорхой нөхцөлтэйгөөр олгож байсан бол одоо бүгдэд нь өгөх боломж бүрдээд байгааг тодорхой хэмжээид амжилт гэж авч үзэх хэрэгтэй шүү гэв. Харин гишүүн Т.Ганди АН-ын гишүүдийн яриад байгаа шиг гэнэтийн ашгийн сан мөнхийн биш. Ашигт малтмалын үнэ буурч гэнэтийн ашиг орж ирэхгүй бол хэт өндөр тогтоосон хүүхдийн мөнгийг төр яаж шийдэх болж байна. Үүнийг бас бодолцох хэрэгтэй гэж учирлаж байсан.

Гишүүд ийнхүү хэлэлцээд хүүхдийн мөнгийг 10,5,3 мянган төгрөг олгоно гэсэн үндон гурван санал тус бүр дээр санал хураалгахаар болоход эхний хоёр санал унаж, хүүхэд бүрт 3000 төгрөг олгох тухай санал 95.2 хувийн дэмжлэг авч тогтоол батлагдсан.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

2006.06.3 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button