Зайсан толгойд Чингис хааны чулуун хөрөг удахгүй амилна
Далайн төвшнөөс дээш 2224 метрт сүмбэрлэх Ум толгойн энгэрт өндрөөрөө 240 метр, цээжний өргөн нь 320 метр их эзний хөрөг бүтээх ажил 22 хоногийн өмнө эхэлсэн байна.
Энэ хөргийг бүтээх санааг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор С.Жамьянсүрэн гаргаж, гавьяат жүжигчин Хан-Алтай сангийн тэргүүн Г.Явгаан дэмжиж, Арт им Пресс компанийн захирал, зураач Б.Мөнхтүвшин ерөнхий зураглалыг гаргажээ.
Анх таримал цэцгээр их эзний хөргийг бүтээхээр Японы талтай тохиролцоод байсан ч цагаан чулуугаар бүтээж урт настай урлагийн бүтээл урлахаар шийджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, хотын удирдлагууд нэгэн дуугаар дэмжиж буй их эзний чулуун хөрөг бүтээх ажилд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийнхэн идэвхийлэн оролцож их эзний малгайн хэсэгт орох 7000 ам метр гантиг чулууг бэлтгэж өгөхөөр болжээ. Арт им Пресс компанийн мэргэжлийн зураачид хөргийн ерөнхий дүрсийг гаргаж дуусаад байна. Чулуу суулгах үндсэн ажлыг Ерөнхиилөгчийн өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамны цэргийн ангиудаас шилэгдсэн гарын дүйтэй 50 цэргийн албан хаагч хийх ажээ. Нийт 260 сая төгрөгийн төсөвтэй энэ их ажлын эхний санхүүжилтийг хөргийг санаачилсан хүмүүс гаргасан бөгөөд үлдэх хэсгийг хотын төсвөөс гаргах болжээ. Их эзний хөргийн дор 2.5 га газарт хүндэтгэлийн цэцэрлэг байгуулах бөгөөд тэнд тарих бүх модыг Орифлейм компанийн захирал Оюунгэрэл санхүүжүүлэн авч ирэх гэнэ.
Их эзэн богд Чингисийн хөрөг нь бурхны хөрөг учир Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Т.Гончигсүрэн шавь нартайгаа хөргийг амилуулж Ум аа хум гэдэг бурхан болгонд байдаг маанийн үсгийг шигтгэж байрлуулах ажээ.
2006.06.3 Монголын мэдээ