Аялал ба ёс суртахуун
Орон зай, савны тухай энэ ойлголт аливаа юмст буй хэм хэмжээний суурь болдог. Нөгөө талаасаа бодит зүйлс. буюу хүн, мал, ан амьтан үгүй бол орон зай, хүрээлэн буй орчны тухай ойлголт үгүй. Дан ганцаараа оршин тогтнож хэзээ ч чалахгүй энэ гинжин хамаарал нь харилцан хамаарлын тухай ойлголт, ёс суртахууны хэм хэмжээ зайлшгүй хэрэгтэй болохын илрэл. Угтаа энэ нь байгаль-хүн хоёр эрх тэгш байх зарчим бөгөөд хэн нэгний эрх чөлөө, нөгөө нэгний эрх чөлөөгөөр хязгаарлагддагтай адил ойлголт юм. Товчдоо, байгаль унаган төрхөөрөө байхад ухамсартай хүн төрөлхтөн тэднээс үзүүлэх эерэг нөлөөлөл, эрүүл саруул хүн төрөлхтөн оршин тогтноход амьдрах таатай орчин болсон цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль орчин хэрэгтэй гэж ойлгож болох юм.
Энэ хэрэгцээ шаардлагаас ургуулан Бурханы шашны сургаальд хүн, байгаль дэлхийтэйгээ харьцах үйлдлэгийг ёс суртахууны зарчимд тулган тайлбарлаж, угтаа байгальтай зөв боловсон, ухамсартай харьцах нь та өөрийнхөө эрүүл саруул байхын төлөө хийж буй алхам гэх зэргээр хүнд өөрт нь хандсан, хүнийг өөрөөр нь өөрийг нь хамгаалуулах, хүн бүрийн оролцоотойгоор байгалийг хамгаалах гэсэн зорилгоор зөв амьдрахуйн сургааль номлолоо үе үеийн мэргэд айлдсан байдаг.
Тиймээс та гэр бүл найз нөхөдтэйгээ аялалд явах тэж байгаа бол гол горхи, булаг шанд, бут сөөгтэй газраар явна. Унааны чинь дугуйнд эвдэгдэх хөрс, тоос, тосонд булингартах ус, утаа тортогт нь бохирдох агаар энэ бүхнийг өөрийнхөө арьс, цус, хий гээд харьцуулаад бод. Үүгээр би танд машинаар, мориор, явганаар явах нь зохимжтой газар гэж байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.
Хээр голын эрэг, модны захад буудаллаж, майхнаа босгочихоод, хаяанд нь ил гал түлж хээрийн цай буцалгана. Энэ үед та гал алдахаас сэргийлэх ёстой. Чулуугаар тулга тулах нь гал тогоогоо газраас хөндийрүүлж байгаа хэрэг биш гадагш алдаж магадгүй галыг хашиж хорьж байгаа гэдгийг битгий март. Май хоолоо идэж дуусчихаад галаа унтраахаа мартав аа.
Мөн бидний цэвэр боловсон байхад шаардлагатай хэрэглэгдэхүүн ОО-ийн цаас, талх, хиам хийж ирсэн савалгааны материал, уусан архи, пивоны шил сав хаана үлдэх ёстой вэ? Машины багаж. Энэ л тэдэнд таарсан газар. Гэтэл бид суусан газраа тарааж шидчихээд яваад өгдөг. Одоо ингэхээ больё. Үзэмжгүй муухай харагдахаас эхлээд эрүүл амьдрахад минь ч хортой юм байна лээ. Тусгай хог хийх уут савтай явж, түүндээ цуглуулж байгаад хамгийн түрүүнд таарсан суурин газрын хогийн цэгт хаячихад танд ямар гарзтай гэж.
Хэдэн өдөр хөдөө гадаа яваад хир тоосондоо баригдлаа, үхэх нь, хатах нь гэж голын хөвөөнд очиж, машин тэрэгнээсээ эхлээд юу л байгаагаа голд угааж эхэлдэг. Энэ зөв ажил биш. Та өөрөө усанд орж болно. Харин машин, хиртэй хувцас хүнар чинь гол дотор биш эрэг дээр нэлээд зайдуу газар угаагдах ёстой. Таны судсаар цус руу чинь юу ч хамаагүй шахвал юу болох вэ? Яг зөв, таны бодож байгаа шиг л юм болно.
Цэвэр байгаль орчин нь хүний эрхийн нэг чухал бүрэлдэхүүн юм гэж 14-р Далай лам айлдсан байдаг. Хүний эрх гэдэг бидний эрх. Бид өөрсдийнхөө төлөө байгалиа цэвэр ариунаар нь хамгаалан авч үлдэх нь хүн нэг бүрийн үүрэг. Эрх, үүргийн хэм хэмжээ нь амьтай ба амьгүй оршин буй юмсын төлөө чин үнэнээсээ санаа зовж, тэдэнд анхаарлаа хандуулж, дэг журамтай байхыг үргэлжид сануулах ёс суртахуунаар тогтоогдох бөгөөд хүн бүр эх дэлхийгээ халамжлах ёстой билээ.
Аялал зугаалга ашигтай юу гэвэл хүн бүхэн ашигтай гэнэ. Үнэхээр ч тийм. Тэндээс хүн олон арван шинэ шинэ мэдлэг, туршлага олж авдаг. Хамгийн гол нь аялалыг зөв зохион байгуулах л чухал. Зөв зохион байгуулах гэдэг нь байгаль орчиндоо болон өөрсдийн бие эрхтэнд хор хөнөөлгүй байхад анхаарч, зөвхөн идэж, ууж, наргиж цэнгэхдээ бус хүрээлэн буй орчиноо хайрлаж, тэрхүү үйлдлээсээ сэтгэлийн таашаал авах явдал юм.
2006.06.3 Инфо