Нарийн сухайтын уурхайг Хятадад өгчихсөн Ц.Элбэгдоржид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Тэр ч байтугай ард түмэн Р.Фрийдландын луйврыг илчилж эсэргүүцсээр байх хооронд хүртэл эрх мэдэлтнүүд Өмнөговийн Нарийн сухайтын нүүрсний уурхайг Хятадад бараг тэр чигээр нь өгчихсөн байх юм. Чинхуа-Мак-Нарийн сухайт гэдэг Хятадын компани манай хилээс 50 гаруй км-ийн наана байдаг Нарийн сухайтын нүүрсний уурхайг гурван жилийн өмнөөс буюу 2003 оноос ашиглаж эхэлжээ. Гэтэл манайхны зарим их мэдэгч Чинхуа-Мак-Нарийн сухайт компани тэнд очоод ердөө л жил гаруй болж байгаа мэтээр ойлгуулахыг хичээж байгаа юм. Энэ нь ч бас цаанаа нарийн бодож тооцсон зүйл ажээ. Учир нь Хятадын Чинхуа-Мак-Нарийн сухайт компани нь манай УИХ-ын зарим гишүүдийн халаасаа зузаалдаг бас нэг чухал газрын нэг болоод байсан байна. Түүнээс гадна бас нэг сонирхолтой зүйл байгаа бөгөөд дэлхийн зах зээлийн үнэ ханшаас гурав дахин хямд үнээр нүүрсээ Хятадад худалдаалах ажлыг аль 2003 оноос эхэлсэн хирнээ хамаагүй сүүлд буюу өнгөрсөн хавар унасан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед тогтвортой байдлын гэрээ гэгчийг хийжээ. Ийм гэрээг улс төрийн байдал нь тогтворгүй улс оронд хийдэг юм хэмээн өдгөө хашгирч байгаа Ц.Элбэгдоржоос тухайн үед юу бодож ийм гэрээ хийсэн юм бэ гэсэн асуувал юу гэж хариулах нь тун сонин байгаа юм. Бүтэн гурван жил тэндээс хятадууд маш их хэмжээний нүүрс зөөснийх нь дараа гэнэт мэдсэн юм шиг дээрх гэрээгээ хийхдээ ч үнийг нь хэд дахин хямдруулсны хариуцлагыг Ц.Элбэгдорж хүлээх үү, эсвэл түүнээс өмнө Ерөнхий сайд байсан одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр үүрэх үү гээд олон зүйл яригдах ёстой боллоо. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Сангийн сайд байсан Н.Алтанхуяг уг гэрээнд гарын үсэг зурсан, зурахдаа яг хуулийн дагуу баруун гараар зурсан гээд байгаа юм. Гэхдээ мань хүн яагаад заавал үнийг нь тийм багаар тооцож, Хятадад бөөн ашиг орлого оруулах сонирхолтой байв гэдэг нь анхаарал татаад байна. Өнөөдөр Нарийн сухайтын нүүрсний уурхайг хаачихлаа гээд УМХГ-ынхан их л сүр дуулиан болгож сайрхаад байхын оронд олон жилийн нөөцтэй коксжсон нүүрсний ордоо хятадуудад найр тавин бараг үнэгүй шахам өгсөнөө албан ёсны гэрээгээр баталгаажуулсан Ц.Элбэгдоржтой хариуцлага тооцох нь чухал байна. Улс орондоо нөхөж баршгүй их хохирол учруулсан хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэж ч болох тухай уул уурхайн мэргэжилтнүүд ярьж байгаа ажээ.
2006.05.25 Ноцтой мэдээ