ӨРШӨӨЛИЙН сураг
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар уучилдаг бол, УИХ хууль баталж өршөөдөг. Их Монгол Улс байгуулагдсаны 800, ардын хувьсгалын 85 жилийн ойг тохиолдуулан Засгийн газар Өршөөлийн хуулийн төсөл санаачилж байна.
Удахгүй УИХ-д өргөн барих уг хуулийн төслийг одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яамныхан нухаж сууна. Хууль болж батлагдахаасаа өмнө төсөл улсын нууцын зэрэглэлд ордог ажээ. Тиим учраас өршөөлд хамрагдах хоригдлуудыг ойн өмнө суллах уу, эсвэл дараа нь уу, захиргааны хэргээр шийтгүүлсэн хүмүүс илүү хамрагдах уу, эсвэл эрүүгийн хэргээр шийтгүүлсэн нь үү гээд олон асуулт нууц гэсэн ганцхан үгийн цаана хариултгүй байна.
Ямар ч гэсэн уг хуулийн төслийн шүүсийг шахаж бай гаа ажлын хэсгийнхэн өршөөлд хамрагдах боломжтой ялтнуудын тоог гаргажээ. Тэдний үзэж буйгаар УИХ Өршөөлийн хуулийг баталбал 1300-1500 хүнийг түүнд хамруулж суллах боломжтой гэж тооцоолжээ.
Нэгэнтээ Монгол Улсын эдийн засаг 10.6 хувь хүртлээ өссөн. Урьд хөршийнхөө эдийн засгаас давсан энэ өсөлт харин ард түмний амьдралд өчүүхэн ч мэдрэгдээгүй.
Тэгвэл дэлхий нүдээ бэлчээж буй Их эзэн Чингис хааны маань ой хагас дутуу засварласан хэдэн хүрэл хөшөө, чанарт бус, хугацаанд шахуулсан Төрийн ордны өргөтгөл хоёроос өөр их бүтээн байгуулалтгүй үлдэх гэж байгаа.
Хэрэв УИХ өршөөлийн хуулийг баталбал ядаж 1000 гаруй хүн их ойн буянаар эрх чөлөөтэй болох нь.
Харин энэ удаа намууд хүүхдийн мөнгөөр улс төр хийдэг шигээ автор булаацалддаг шигээ битгий л талцаасай.
Өршөөлийн хууль бол МАХН-ын ч, АН-ын ч сонгуулийн амлалт биш. Хаяг нь л М.Энхболдынх болохоос Монгол Улсын Засгийн газрын санаачилга. Үүнийг сануулахын учир нь Өршөөлийн хуулийг батлахдаа хүртэл улстөрждөг жишиг Монголын парламентын түүхэнд байдаг ажээ. Түүх сөхвөл 1996- 2000 онд засгийн эрх барьж байсан МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл (одоогийн АН) ардын хувьсгалын 80 жилийн ойг тохиолдуулан гишүүдээрээ дамжуулан 2000 онд Өршөөлийн хуулийн төсөл санаачилж үүнийг нь тухайн үеийн хүчтэй сөрөг хүчин болох МАХН улстөрийн барьцаанд оруулан 2000 оны УИХ-ын сонгууль явагдсаны дараа парламентаар баталсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн УИХ ээлжит сонгуулийн дараа, бүрэн эрхийнхээ хугацааны хамгийн сүүлчийн өдөр Өршөөлийн хууль баталж байжээ. Иймд тухайн үед уг хуулийн төслөөр улстөрийн барьцаанд
орж, барьцаа хийж байсан эрхмүүд энэ парламентад олон байгаа учраас өмнөх туршлагаа дахин хэрэгжүүлэхгүй байхыг хүсэхэд буруугуй болов уу.
Дашрамд дурдахад УИХ нэгэнт тусгайлан хууль баталж өршөөлөөр олон хүн суллах гэж байгаа тохиолдолд Ерөнхийлөгч тусгайлан уучлал үзүүлдэггүй ажээ.